Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой ярилцлаа.
—————————————————————————
-Ес дэх удаагийн сонгуулиар хамгийн олон санал авч, энэ парламентад орж ирсэн улстөрч бол та. 80 мянган хүний саналаар УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
-Юуны өмнө баруун бүсийн иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Ард түмнийхээ төлөөлөл болж, улс орныхоо хөгжил дэвшлийн талаар ярих биш, хийж бүтээх ёстой гэсэн зарчмаар өдий болтол ажиллаж ирсэн. Цаашид ч хийсэн ажил маань намайг тодорхойлж, миний өмнөөс ярих болно. Ер нь хийсэн бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй, сонгогч, иргэдтэйгээ нүүр бардам уулзах шиг сайхан зүйл үгүй.
Улстөрчдийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол нэр төр. Энэ нэр төрөө сэвтээхгүй, ард түмнийхээ төлөө-лөл болж, төр, түмнийхээ төлөө шударга, бүтээмжтэй ажилласан хүнд л иргэд маань итгэж, сонголтоо хийсэн байж таараа. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг том үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Тиймээс эдгээр зарчмаа хадгалж, цаашид ч улс орныхоо хөгжил, ард түмнийхээ аятай сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байх болно.
–Та өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Саяхан бүрэлдсэн хамтарсан Засгийн газарт энэ салбараа хариуцаад явах болов уу гэсэн бодолтой олон хүн байсан байх. Харин танд өөр салбарын бодлогыг авч явах үүрэг хүлээлгэлээ шүү дээ.
-Батлан хамгаалах бол Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой, маш чухал салбар. Энэ салбарын бодлогыг зангидаж явна гэдэг бол том үүрэг, хариуцлага гэж ойлгож байгаа. Салбар хариуцаж, сайдаар томилогдсон эхний өдрөө л шат шатны удирдлагуудад нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн. Тэр бол хариуцсан ажлаа хариуцлагатай хийх. Тэр дундаа батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бусдаас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг үлгэр жишээ энэ салбараас тод харагдах ёстой гэсэн зарчмын асуудлыг анхааруулж хэлсэн. Цаашид бодлогын хувьд илүү сайжруулах олон ажил бий.
-Зам, тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд томоохон ажлууд хийгдсэн. Ер нь танд энэ салбарыг анх хариуцан ажиллахад ямар байв. Ямар салбар хүлээн аваад, хүлээлгэж өгөв?
-Зам, тээвэр бол улс орны хөгжлийн судас гэж би хэлэх дуртай. Олон улсад ч ингэж ойлгодог. Тэр утгаараа баг хамт олонтойгоо энэ салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж, олон том ажлын ард гарсан. Зарим ажлаа би тоогоор хэлье. Тоо худлаа хэлдэггүй. Анх ажил авахад манай улс 2022 оны эхний хагас жилд 21.9 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Тэгвэл 2023 оны эхний хагаст 47.5 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх онтойгоо харьцуулахад дахин өссөн. 2024 оны эхний хагаст 62.9 сая тонн ачаа тээвэрлэж, гурав дахин өсөөд байна.
-Энэ нь нийт ачаа тээвэрлэлт байх, тийм үү. Тус бүрд нь тоогоор хэлбэл?
-Авто тээврээр 2022 оны эхний хагас жилд 9.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин 2023 оны эхний хагас жилд 30.5 сая тонн болж, 2022 оны үеэс 3.3 дахин, энэ оны эхний хагаст 41.8 сая тонн болж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин өссөн. Мөн төмөр замаар тээвэрлэсэн ачаа 2022 оны эхний хагас жилд 12.7 сая тонн, 2023 оны эхний хагас жилд 17 сая тонн болж, 34 хувиар, 2024 оны эхний хагас жилд 21 сая тонн болж, 24 хувиар тус тус өсөөд байна.
-Өнгөрсөн хугацаанд агаарын тээвэр эрс өссөн гэдэг тооцоо гарсан байна лээ. Мэдээж энэ олон ачаа, тээвэр өсөх тусам Монгол Улсын эдийн засаг нэмэгдэнэ гэсэн үг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Миний хэлээд байгаа эдгээр тоон үзүүлэлт бол цаад утгаараа эдийн засгийн өсөлтийг хэлээд байгаа юм. Энэ тоон үзүүлэлтүүд ихсэх тусам л тэр чинээгээрээ Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Нөгөө талдаа тоо худлаа хэлдэггүй. Тоо баримт болж үлддэг. Тиймээс л энэ олон тоон үзүүлэлтийг би хэлээд байгаа юм. Таны асуусан агаарын тээвэрлэлт мөн өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны эхний хагаст агаарын тээврээр 323.5 мянган зорчигч тээвэрлэж байсан. Харин агаарын тээврийн либералчлалын үр дүнд 2023 оны эхний хагас жилд 708.3 мянган зорчигч болж, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 930 мянган зорчигч болж гурав дахин өсөөд байна. Үүнээс харвал жил ирэх тусам л хэд дахин илүү өсөж байгаа нь салбарын бодлого зөв явж байгаагийн бодит илрэл гэж хэлнэ. Бүх төрлийн тээврээр олон улсад зорчсон зорчигчдын тоо 2022 оны эхний хагас жилд 176.1 мянга байсан. Тэгвэл 2023 оны эхний хагас жилд 857.5 мянга болж, өмнөх оноос 4.9 дахин өссөн. Гайхалтай үр дүн. Энэ оны эхний хагаст нэг сая болж өмнөх оны үеэс мөн л 18.3 хувиар өсөөд явж байна. Цаашид эрчимтэй өсөх хандлагатай. Нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ агаарын 10 хөлөгтэй болж, төмөр замын компаниуд 21 зүтгүүрээр хүчээ сэлбэлээ.
-Таныг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс хэчнээн километр зам шинээр тавив?
-Анх намайг энэ салбарыг хүлээж авч байхад буюу 2022 онд ердөө 292 км зам баригдаж байсан. Харин дараа жилээс нь буюу 2023 онд 381 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулж, энэ онд долоон аймгийн 40 сум, хоёр боомтыг холбох нийт 1100 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр АНУ руу шууд нислэгтэй болох бэлтгэл бүрэн хангагдаж, Австрали, Сингапур луу шууд нисдэг болох боломжийг ойртуулж, Дэлхийн 46 улсын 156 цэг рүү нислэг хийх боломж бүрдсэн. Одоо харин энэхүү тулхтай өсөлтийг тууштай хадгалах л хамгийн чухал байна. Энэ салбарыг одоо Б.Дэлгэрсайхан гишүүн хариуцан авч явна. Зам, тээврийн салбарт гаргасан өсөлтүүдийг улам дээшлүүлэн, төр, түмнийхээ итгэлийг даагаад явчих хүн гэж бодож байгаа.
-Наадмын дараа намар гэдэг. Хамтарсан Засгийн газрыг ажлаа шуурхайлах, тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж ажиллахыг ард түмэн шаардаж, шахаж байх шиг байна, тийм үү?
-Мэдээж ес дэх удаагийн сонгуулиар МАН ард түмнийхээ итгэлийг дахин хүлээн авсан. Парламентад олонх болсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд төлөөллийг хангах зарчмыг нэн тэргүүнд барьж ажилласан. Тэр утгаараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч, энэхүү Засгийн газрыг байгууллаа. Цаашид улс төрийн болон бодлогын түвшинд нэгдмэл нэг байр суурьтай байж, бид том зорилго, том төслүүдээ хэрэгжүүлж чадна. Бид нэг л эх оронтой. Энэ сайхан эх орныхоо төлөө талцалгүй, улстөржилтгүй, хоёргүй сэтгэлээр л зүтгэх хэрэгтэй. Юутай ч Монгол Улсын хөгжлийн дараагийн шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх алдаанаасаа суралцаж, гаргасан амжилт, ололтоо улам баталгаажуулж, эх орон, ард түмнийхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.
Эх сурвалж: “Өдрийн сонин”