Дуучин Д.Отгонжаргал: Бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны тод жишээ нь “Миний ээж тэмээчин” дуу юм
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.
————————————————————————-
-Монгол төрийнхөө наадмын нээлтэд ая дуугаа өргөлөө. Наадмын нээлтэд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Өдрийн сонин” маш олон уншигчидтай. Би захиалж уншдаг. Миний хувьд жил бүрийн наадмын концертын тоглолтод оролцдог. Наадмынхаа нээлтэд дуулаад ард түмэндээ уран бүтээлээ хүргэнэ гэдэг ямар ч уран бүтээлчийн хувьд нандин сайхан мөрөөдлүүдийнх нь нэг байдаг. Наадмын бэлтгэл гэдэг нүсэр том ажил байдаг. Монгол түмэн төрийнхөө наадмыг хэдэн зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Тийм ч учраас асар их хүндэтгэл, үүрэг хариуцлага гэж боддог. Энэ жилийн наадмын нээлтэд оролцож, ая дуугаа өргөсөндөө маш их баяртай байна.
-“Миний ээж тэмээчин” дууг тань мэдэхгүй хүн гэж үгүй. Дууны клипээ бодит түүхээс сэдэвлэсэн гэж сонссон?
-Манайх Баянхонгор аймгийн төвд, ээж маань цэцэрлэгийн ахлах тогоочоор ажилладаг байсан. Тухайн үед улсын цэцэрлэгүүд өвөл, хавартаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, цагаан идээг бэлтгэхээр тогооч нар нь зундаа хөдөө гарч, зусдаг байсан. Манай ээжийн цэцэрлэгийн тогооч нар дандаа говь руу гардаг байлаа. Ээж маань жинхэнэ тэмээчин айлын охин учраас таван хошуу малыг маллаж, саадаг байсан. Тэр үүднээс надад дуулахад маш ойрхон байсан. Бодит түүхээс сэдэвлэж хөгжмийн зохиолыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж бичсэн, шүлгийг нь П.Пүрэвсүрэн гуай өмнө нь зохиочихсон байсан юм билээ. Клипний хувьд ч зохиол нь говьд дээхнэ үед мэр сэр тохиолдож байсан бодит түүхээс сэдэвлэсэн. Клипний зохиолтой төстэй түүхүүдийг өгүүллэг, туужийн номноос би өмнө нь уншиж байсан. Клипэндээ монгол өв соёл, тэр дундаа мал аж ахуй, гээгдээд байгаа уламжлалыг сэргээе гэж ботгоо голсон ингэ, ингэний нуруун дээр морин хуур өлгөөд, тэр нь салхины исгэрээнээр өөрөө чавхаддаг. Энэ маш гоё аялгуу үүсгэж, түүнд нь ингэ өөрөө уясаад ботгоо авдаг байсан, тэр уламжлалыг гаргаж өгсөн.
Хоёр жилийн хугацаанд зурагт авалт хийгдсэн клип гэдэг утгаараа цаг хугацаа шаардсан. “Миний ээж тэмээчин” дууны клипэнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дэлхийд топ амжилт үзүүлсэн мисс А.Баярцэцэг, найз н.Чойжоо, би өөрөө тоглосон. Олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн болохоор цэнхэр гариг дээр тархан суурьшсан монголчуудын маань сэтгэл зүрхэнд хүрсэн юм болов уу гэж боддог. Гадаадад явж байхад зөвхөн энэ дуугаар маань намайг мэддэг маш олон гадаад хүмүүс надтай танилцаж, зургаа авахуулж байсан. Эхийн сэдэв гэдэг хэдийгээр хэл нь өөр ч гэсэн дэлхий дээр цор ганц юм гэдгийг үзүүлж чадсан дуу болсон юм болов уу гэж боддог.
XX зуунд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн гуай шүлгийг нь бичээд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж багш аялгууг нь зохиож, СТА, эмч Г.Сарантуяа энэ дууг хамгийн анх дуулсан байдаг. Монголын ард түмэнд энэ дууг өмнө нь маш гайхамшигтайгаар хүргэсэн учраас дахин дуулагдахад хүмүүст хүрч байгаа юм. Дуу нь үнэхээр агуу, дуулсан дуучин нь үнэхээр хайрлам гоё хоолойтой, бүх юм нь зохицно гэдгээр бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны жишээ бол “Миний ээж тэмээчин” дуу юм л даа.
-Та дууг гурван жигүүртэй гэж боддоггүй гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?
-Хүмүүс дуу гурван жигүүртэй, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гээд ярьдаг л даа. Одоо үед дуу олон жигүүртэй болсон шиг санагддаг. Хөгжмийн найруулга гэдэг их чухал. Эхлээд зөвхөн нотоороо, хоолойг нь бичээд өгсөн дууг бид шууд дуулаад хүмүүст хүргэдэггүй. Хөгжмийн найруулга тэр дууг ямар болох вэ, хүмүүст хүрэх үү, үгүй юу гэдгийг маш сайн шийдэж өгдөг. Хөгжмийн найруулга хийдэг хүмүүс хамгийн гол нэг жигүүр нь мөн. Бичлэгийн студийн инженерүүд мөн чухал үүрэгтэй. Энэ утгаар нь хэлж буй юм.
-Уран бүтээлээ хийхдээ та юуг түлхүү анхаардаг вэ?
-Миний хувьд нэгдүгээрт дууныхаа сонголтыг маш сайн хийхийг зорьдог. Маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө санхүү зарж байгаа учраас хариуцлагатай хандахыг хичээдэг. Надад эдийн засгийн эргэлтэд орохоор, хүмүүсийг доргиодог уран бүтээл бараг байхгүй. Ихэвчлэн шүлэг яруу найргийн хувьд гүн утга агуулгатай, боловсролын чиглэлээр хүүхдэд маш сайн сургаал болох, аялгууг нь хүн сонсоод тайтгарч чадах, уянгын талын уран бүтээл хийдэг. Эх орон, ээж аавын тухай дуу надад маш их бий. Өөрөө хүмүүстэйгээ ярилцаж, уран бүтээлээ хийхийг зорьдог. Хүмүүст уран бүтээл маань яаж хүрэх вэ гэвэл клипжүүлж байж хүрдэг. Миний хувьд хийгдээд тав, зургаан жил болчихсон дуунууд, цомог гаргавал гурав, дөрвөн цомог болох бүтээл бий. Тэгэхээр уран бүтээлээ хүнд хүргэе гэвэл илүү их ажиллаж, клипжүүлэх хэрэгтэй байна.
-Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Хүн шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. “Энэ чинь дандаа л хүний дуу дуулдаг ш дээ” гэж ч шүүмжлүүлсэн удаатай. Энэ нь нэг талаасаа зөв шүүмжлэл байхгүй юу. Гэтэл би дуулъя гээд дуулсан дуу надад ерөөсөө байдаггүй. Дандаа тухайн хөгжмийн зохиолчийн үр хүүхдүүд нь, уран бүтээл нь хамааралтай оюуны өмчийн эрх нь байгаа хүмүүс надад санал тавиад би тэрийг тодорхой хэмжээнд нэгээс хоёр жил бодсоны үндсэн дээр дуулсан бүтээлүүд байдаг. Ийм дуу надад дөрөв бий.
-Та уран бүтээлдээ их цаг хугацаа зарцуулж хийдэг юм шиг санагдсан. Түүхэн талаас нь судалгаа их хийх үү?
-Мэргэжлийн дуучин хүн дуундаа судалгаа, шинжилгээтэй хандахгүй бол болохгүй. Дараа нь миний үр хүүхэд тэр дууг үргэлжлүүлээд дуулахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө маш том боловсрол, түүх болчихож байгаа учраас нухацтай ханддаг. Анхнаасаа уран бүтээлдээ нухацтай хандаад сурчихсан учраас хөнгөн хандаж чаддаггүй. Ямар нэгэн зүйлд гүн гүнзгий шумбаж ордог. Чадахгүй гэж бодох төдийд бүр оролддоггүй. Миний нэг клип найман жилийн дараа гарах гэж байна.
Сая СУИС-д Дуулах урлаг гэдэг мэргэжлээр магистраа дүүргэлээ. Бас л анх яаж 20 жилийн өмнө оюутан байсан шигээ гэр орондоо үзэгдэхгүй зөвхөн хичээлээ хийх жишээний. Сүүлийн жилүүдэд амьдралаас маш их зүйлийг мэдэрсэн. Маш их хандивын тоглолтод оролцож, дуулахаас гадна хувиасаа хандив өргөлөө. Бид олон түмэнд уран бүтээлээ өргөж, амьдралаа залгуулж буй учраас, хүнд хэцүү цагт нь хамт байх ёстой гэдгийг миний бие маш сайн ухамсарладаг.
– Уран бүтээлч хүмүүс цаг зав багатай байдаг. Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
– Миний хувьд төлөвлөгөөгүй амьдарна гэдэг их хэцүү. Төлөвлөснөөр ар гэр, амьдралдаа, өөртөө ч гэсэн цаг зав гаргадаг. Үүний хажуугаар уран бүтээлдээ цаг зав гаргана гэдэг маш чухал.
– Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” түүхэн сэдэвт уран сайхны киноны гол дүрд та тоглосон шүү дээ. Тухайн киноны пробонд орох саналыг кино зохиолч нь өөрөө тавьж байсан гэл үү?
– Киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч над руу утасдаж, энэ киноны пробонд орох саналыг тавьж, би пробонд орсноор тэнцсэн. Кинонд нийтдээ 600 гаруй хүн оролцож, тоглосон байдаг. Маш удаан, бүтэн жил гаруй хугацаанд зураг авалт нь хийгдсэн. Түүхэн кино учраас нүсэр том ажилтай уран бүтээл болсон. Монгол кинонуудаас анх удаа “Lines” гээд Холливудын компанид зарагдсан. Энэ киноны гол дүрд сонгогдож, тоглож чадсандаа маш их баярладаг. Энэ бол миний амьдралд тохиосон хувь заяаны хамгийн том бэлэг юм.
-Та уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юу?
-Ирэх намар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”