Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа
Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 12 дугаар тогтоолоор 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан.Тус ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар өнөөдөр (2023.03.22) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, физик эмчилгээ, усан эмчилгээ, хоол эмчилгээ, эмийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх 120 гаруй нэр төрлийн аппарат, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн, гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна. Тус байгууллага нь 187 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа ч мэргэжлийн багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сувилагч гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан шаардлагатай мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа аж. Энэ нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж чаддаггүй, цалин хөлс бага байдагтай холбоотой хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Энхбат танилцууллаа.
Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хороо хамтран боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын цогц хөтөлбөрийг удахгүй танилцуулах болно. Цогц хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийг энгийн сургуульд суралцуулах, нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгэмшүүлж чаддаггүй, түүнд анхаарал хандуулдаггүй, цогц уялдаа холбоотой бодлого байдаггүй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сүүдэрт амьдрахад хүргэж байна. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой гэлээ. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг, асран хамгаалагчийн тэтгэмжийн асуудлыг хөндөнө гээд мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан саналаа тусгах боломжтой гэдгийг илэрхийлсэн. Харин тус төвийн нийгмийн статусыг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны алинд харьяалагдвал илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг асуудлыг Байнгын хороо анхаарал хандуулан ажиллана хэмээсэн. Энэ асуудал шийдэгдсэнээр тус төвийн ажилчдын нийгмийн болоод хүний нөөцийн асуудал шийдэгдэх боломжтой. Мөн удирдлагын бүрэлдэхүүнийг улс төрөөс хараат бус мэргэжлийн баг байж тогтвортой ажиллуулахыг Засгийн газарт чиглэл болгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн бүх зүйлийг улсын төсвөөс хамааралтай гэж харалгүй дотоод дүрэм, журмаар шийдэж эцэг, эхчүүд болон тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэлгүй үйлчилгээг үзүүлэхийг байгууллагын удирдлагад илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчилгээ, үйлчилгээ авч байсан харгалзах хүнгүй, бүтэн өнчин хүүхдүүд насанд хүрсэн үед хаана харьяалуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, эрт илрүүлж чадаагүйгээс үүсэх хүндрэл эрсдэлийн талаар хөндөж байлаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбож нийгмийн асуудлаа шийдвэрлэх асуудыг бодлогод тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага мөн ажиллалаа хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.