УИХ-ын гишүүдэд байрны дэмжлэг болгож, 50 сая өгдөгийг зогсооё!

0

Хаанаас сэвсэн нь тодорхойгүй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд “УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн мэдээ сошиалд цацагдаж, олон нийтийг шуугиулав.

УИХ-ын Тамгын газраас энэхүү мэдээлэлд няцаалт хийж, “УИХ-д дээрх агуулга бүхий өргөдөл ирээгүй. УИХ-ын гишүүн нь улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт, өргөдөл гаргах ямар ч боломжгүй болно” гэдэг тайлбар хийв.

Хэдийгээр шинэ парламентын гишүүд орон байрны дэмжлэг хүсээгүй байгаа ч өмнөх парламентад орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг орон сууцтай болоход нь 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийт 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хэрэгт нэр холбогдож, УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудал орж ирэхэд “Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн” гэж мэдэгдэж байв.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гаргасан 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 542 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байдаг юм.

Энэ бол өмнөх парламентын үед орон сууцны дэмжлэг авсан зургаан гишүүний нэг. Шинээр УИХ-д сонгогдсон гишүүд дунд байрны асуудлаа шийдчих сонирхолтой, дээрх дэмжлэгийн талаар тодорхой мэдээлэлтэй гишүүд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Гол нь хэд нь энэхүү дэмжлэгийг авахгүй байрны асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг л татвар төлөгчдийн хувьд анхаарах ёстой асуудал.

Учир нь, УИХ-ын Тамгын газраас өгч байсан мэдээллээр 2020-2024 оны парламентад зургаан гишүүнд орон сууцны дэмжлэг болгон 300 сая төгрөг зарцуулсан бол 2016-2020 оны парламентад сонгогдсон гишүүдээс найм нь мөн энэхүү дэмжлэгийг авч, төсвөөс 400 сая төгрөг зарцуулсан байдаг юм.

УИХ-ын гишүүнийг байраар хангах зохицуулалт 1992-1996 оны парламент байгуулагдсан үеэс эхтэй аж. Эхэн үедээ орон байргүй гишүүдэд нэг өрөө орон сууц олгодог байсан бол 2012 оноос 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болжээ.  Тухайн үед орон сууцны үнэ одоогийнхтой харьцуулахад хямд байсан тул дээрх дэмжлэг бараг нэг өрөө орон сууцны үнэ гэж хэлж болно. Гэхдээ дээрх дэмжлэгийг авсан УИХ-ын гишүүн нэг өрөө орон сууц худалдан авахгүй гурваас дөрвөн өрөө байра авахдаа зарцуулж ирсэн гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд УИХ-д орон нутгаас сонгогдсон олон гишүүн байсан ч зарим нь дээрх дэмжлэгийг авалгүй, орон байрны асуудлаа зохицуулсан нь ч бий. Гэтэл аймагт гурван ч нийтийн эзэмшлийн орон сууцтай, нийт үнэлгээг гь 500 сая, 800 сая гэж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хэрнээ дээрх 50 сая төгрөгийн дэмжлэг авсан нь ч байгаа юм.

УИХ-ын гишүүний эдийн засгийн бүрэн эрхийн баталгааг хангах зорилго дор орон нутгаас парламентад сонгогдсон гишүүнд 50 сая төгрөг олгох журам үйлчилдэг нь “Хууль батлах бус орон сууцтай болох гэж УИХ-д сонгогдсон юм уу” гэдэг шүүмжлэлийг араасаа дагуулдаг.

Иймээс орон байргүй гишүүдэд дэмжлэг болгон, 50 сая төгрөг төсвөөс олгодог энэхүү журмаа цуцалбал яасан юм бэ.

Орон байрныхаа асуудлыг зохицуулж чадахгүй хүн УИХ-д сонгогдоно гэдэг бол нэг талдаа эдийн засгийн хараат байдалд орохгүй гэх баталгаагүй.

Байрны үнэ нь тэнгэрт хадсан өнөө цагт 50 сая төгрөгийн дэмжлэг зарим хүнд ганц шоунд зарцуулах хэмжээний бага сонсогдож болох ч татвар төлөгчдийн хувьд хуруу хумсаа хуйхлах шахам байж төвлөрүүлсэн мөнгө.  Түүнийг нь энэ мэтчлэн татааст өгдөгийг зогсоож байж л, төсвийг үр дүнтэй зарцуулах боломж нээгдэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *