“Би нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй”

0
20240722_235619

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн ажилтан нас барсан гэх мэдээллийн дагуу талийгаачийн ар гэрийн төлөөлөлтэй нь холбогдож, хэргийг тодрууллаа. /Эх сурвалж овог нэрээ хэлэхийг хүсээгүй болно/


-Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хань нь хэд дэх жилдээ тус компанид ажиллаж байсан бэ?

-Манай нөхөр уул уурхайн “Уулс Заамар” ХХК-д 2016 оноос хойш найм дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2024 оны долдугаар сарын 20-ны өдөр 14.00-16.00 цагийн хооронд нөхөр маань ажил дээрээ харамсалтайгаар нас барлаа. Гэвч байгууллагаас ар гэрийнхэнд нь энэ талаар огт мэдэгдээгүй. Би нэг найз руу нь утсаар ярихад “Чамд юу болсныг хэлж чадахгүй байна” гэсэн. Тэгээд би тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагуудынх нь утсыг олж авч, холбогдсон ч надад юу ч хэлээгүй. Тэгсэн нэг танихгүй дугаараас над руу утасдаж “Таны байгаа газар чинь очиж уулзая” гэсэн ч өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй. Сүүлд компанийн нэг эмэгтэй ажилтантай холбогдоход “Уучлаарай, тун харамсалтай байна. Нөхөр нь нас барсан байна” гэж хэлсэн.

Намайг очиход нөхрийн маань цогцсыг моргт хийсэн байсан. Багийн эмч, цагдаа нар нь дуудлагаар очсон цагаа нараа ч тодорхой хэлэхгүй байна.

Эмчийг компанийн машинаар очиж авчирсан гэсэн. Тэр эмч нь “Намайг очиход тухайн иргэний цогцос нь аль хэдийнэ хөрчихсөн байсан. Ирэхдээ өмдтэй ирсэн мөртлөө нэг мэдсэн өмдгүй болсон байсан” гэсэн. Тэгэхээр удаан хугацааны дараа эмч, цагдаагийн байгууллагад хандсан гэх хардлага байна. Бидэнд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн.

-Талийгаачийн нас барсан шалтгааныг нь огт хэлээгүй гэлээ. Нөхөр нь ямар ажил хийдэг байв?

-Нөхөр маань эксковаторын оператораар ажилладаг байсан. Бүх хэсэг нь станцаар холбогдож, энэ хэсэг рүү орж болно, болохгүйг хэлсэн заавраар нь ажилладаг. Аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй байсан гэж хардаж байна. Хань минь ид хийж бүтээх 32 насандаа харамсалтайгаар нас барлаа. Би хоёр хүүтэй үлдэж байна. Би өнөөдөр өөрийнхөө машиндаа нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй.

Гол нь албан байгууллагаас нь холбогдохгүй байгаа учраас маш их гомдолтой байна. Гүйцэтгэх захирал нь “Манай компанийг шалга шалга” гэж үл тоосон байдалтай хэлсэн.

Өмнө нь хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсныг хэлж мэдэхгүй. Хүн амины хэрэг гарчихаад байхад хэвийн ажиллаж л байна. Нэг өдөр хүндэтгээд үйл ажиллагаагаа түр зогсоож болно доо. Энэ компанид маш их гомдолтой байна. Хуулийн байгууллагад шалгуулна. Дотроо битүүхэн айдастай байна. Томоохон уул уурхайн компаниуд цагдаа нарыг өөрсдийн болгож, хэргээ чимээгүй дардаг гэх яриа сонссон.

-Хамт ажилладаг ажилчидтай нь уулзсан уу?

-Миний зүгээс “Аваар осол гарсан бол тэр дор нь яагаад ар гэрийнхэн рүү нь ярьж, мэдэгдээгүй юм бэ” гэж асуухаар хэн ч надад хариулт өгөхгүй байна. Зарим ажилтан нь ганцаараа таарахаараа “Бид цалингаа хасуулна. Ажлаасаа халагдана” гэж хэлсэн. Тухайн үед осол болоход дарга нар нь ажилчдаа тараагаад, станцаар “Ус, алчуур аваад ир” гэж хэсэг хугацаа болсон гэж сонссон.

Хэргийн газарт мөрдөн байцаагч, цагдаа нартай очиход тус компанийн зүгээс харамсал илэрхийлж, хүндэтгэж байгаа зүйл ч алга.

Хүн нас барчихаад байхад үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үл тоосон байдал гаргасан. Захирал  нь гэж хүн намайг хотод очихоор уулзана. Одоо хариуцаж байгаа хоёр ажилтандаа хариуцлага тооцно, харамсалтай байна” гэсэн. Ер нь уул уурхайн компани 14/14 хоногоор ээлжилдэг бол тус компани нь 45 хоногт нэг амардаг. Байгууллагын эмч мэргэжилтэн гэж мэргэжлийн хүн байхгүй захирлынх нь эгч нь ажилладаг гэдгийг өмнө нь нөхөр маань хэлж байсан.

“УУЛС ЗААМАР” ХХК ТУС БҮР 30 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ АЛТ ОЛБОРЛОХ 8 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

“Уулс Заамар” ХХК нь 1999 онд байгуулагджээ. Төв аймгийн Заамар сумд олборлолт, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани.

Тус компанийг Зундуй-Ёндонгийн Батбаатар 100 хувь эзэмшдэг бөгөөд Туул голын дэнж, Заамарын эх, Урд дэлэн, Дунд галт, Заамарын эх-2, Урд дэлэнгийн дэнж, Заамарын эх-2, Урд дэлэн гэсэн газруудад алт олборлох найман тусгай зөвшөөрөлтэй байна. Талбайн хэмжээ нь 30-366 мянган га газрыг хамарч, тус бүр 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл нь 2027-2037 онд дуусахаар байна.

“Уулс Заамар” ХХК-тай холбоотой хэрэг 2020 онд гарч байсан. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны шөнө 23.00 цагийн орчим гэр бүлийн хоёр, дөрвөн настай охины хамт Төв аймгийн Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Уулс Заамар” ХХК-ийн орон нутгийн замтай нийлэх нөхөн сэргээлт хийээгүй гэрэлтүүлэггүй замаар явж байхдаа осолдон амь эрсэдсэн. Хэргийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрсөн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *