Бизнес эрхлэгчид татварын хувь хэмжээг бууруулахыг хүсч байна

0

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр /2024.07.23/ “Шинэ эдийн засаг-бизнесийн орчин” уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэрээ бизнес эрхлэгчдээс “Бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамгийн түрүүнд юуг анхаарах шаардлага байна вэ” гэсэн асуудлаар санал авахад дараах хариулт өгчээ.

Тодруулбал, судалгаанд оролцогчдын 49 хувь нь татарыг бууруулах, 43 хувь нь бизнес эрх зүйн орчныг сайжруулах, 6 хувь нь хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна” гэдэг хариулт өгчээ.

“Шинэ эдийн засаг-бизнесийн орчин” уулзалтад оролцсон төлөөлөгчдийн хувьд дараах саналыг анхаарах шаардлагатайг мөн хэлсэн юм. Тухайлбал, “Редок грийн”XХК сошиал хариуцсан менежер “Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохын тулд төртэй өрсөлдөх шаардлагатай болдог. Монгол Улсад бизнесийн орчин нь шударга, тэгш хүртээмжтэй байдал чухал байна” гэдгийг онцолсон бол “Санжайн Хишиг” ХХК-ын ТУЗ-ийн гишүүн Ш.Хангал “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, тендер аль нь ч жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна. Эрх мэдэлтний хамаарал бүхий “Х” тайлантай компани барилга барих, компьютер нийлүүлэх, гэрэлтүүлэг, цахилгааныг монтаж хийх зэрэг бүх ажлыг хийдэг гэж тендер авч байна” гэж шүүмжилсэн юм.

Харин  “Түдү дистрибюшн” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Тодхүү  Татварын хувь хэмжээгээ багасгачихвал аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэнэ. Халамжийн системээс салах хэрэгтэй. Төрийн олон дарамтаас шалтгаалан ажил эрхлэгч залуучууд хохирсоор байна” гэсэн бол Монголын барилгачдын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Аж ахуй нэгжүүдийн дансыг барьдаг асуудлыг нэн тэргүүнд зогсоох шаардлага байна” гэдгийг сануулсан юм.

Мөн тус уулзалтад оролцсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс “Монгол Улсад 193,000 компани бүртгэлтэй байгаагаас татвараа төлөөд явж байгаа нь 77,000.  Компани байгуулахад хялбар ч хаах нь хэцүү байгаагаас бизнесийн орчноо цэвэршүүлж чадахгүй байна. Дампуурлын тухай хуульд компани хаах тухай заалтыг тодорхой, хялбар шийдлээр оруулах шаардлагатай.

НӨАТ болон НДШ бол аж ахуйн нэгжид маш том дарамт болдог. НӨАТ бол бүх хүнд тэгш үйлчилдэггүйгээс болоод төлж буй ААН-д 2-3 дахин их ачаалалтай болдог. Иймд энэ асуудлыг иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдэд дарамтгүй байдлаар шийдэх хэрэгтэй” гэдгийг ч сануулсан юм.

Тус бүлгийн хувьд бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр төлөөллүүдээс санал авах зорилгоор салбар бүрийн төлөөллийг оролцуулсан цуврал уулзалтыг үе шаттай зохион байгуулах юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *