Монгол, Хятад хоёр ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой
“Монгол, Хятад хоёр улс ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой” хэмээн ОХУ-ын Чита хотноо зохиогдсон “Новые горизонты” сэдэвт эдийн засгийн форумд оролцсон Хятадын төлөөлөгч хэллээ. “Новые горизонты” форум нь ирэх есдүгээр сард Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумын угтвар арга хэмжээ юм.
“Новые горизонты” форумд ОХУ, Хятад, Монгол, Ираны 1500 гаруй албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, шинжээчид оролцсон бөгөөд форумын төлөөлөгчид үүсэн бий болсон геополитикийн нөхцөл байдалд улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь гарцаагүй төдийгүй зайлшгүй болоод байгааг нэг бус удаа илэрхийлж байлаа. ОХУ-ын Казань хотод суух Ираны Ерөнхий консул Давуд Мирзаханийн үзэж байгаагаар АНУ болон барууны орнуудын Оросыг ганцаардуулах бүх оролдлого амжилт олоогүй. “Юу ч болж байсан Оросын соёлын агуу бүтээлүүдийг дэлхий нийтээрээ таашаасан хэвээр байна. Оросын соёлын энэ агуу өв нь орчин цагийн дэлхий дахинд хэрэгтэй байна, энэ өвөөс тийм ч амар татгалзаж чадахгүй” хэмээн Давуд Мирзахани хэллээ.
Улаан-Үд хот дахь Монголын дэд консул Ч.Батбилэгийн хэлснээр Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын ажиллагаа нь тэдгээр улсын хөгжилд стратегийн ач холбогдолтой юм. Форумд онлайнаар Анагаахын аялал жуулчлалын төвийн захирал Ч.Аззаяа Улаанбаатараас оролцсон. Орост байгаа анагаахын маш олон төрлийн үйлчилгээ нь монголчуудад ч хэрэгтэй байгааг Ч.Аззаяа онцолсон.
“Гэсэн ч монголчууд орос хэлийг мэдэхгүй байгаа нь саад тотгор болж байна. Монголд үндсэндээ орос хэлийг бараг заахаа больсон. Орос, Монгол улсын эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа сул байгаад анхаарал хандуулж эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн Ч.Аззаяа хэллээ.
Бүхий л чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага судлах нь түнш орнуудын хөгжилд онцгой ач холбогдолтойг Эрхүү хот дахь БНХАУ-ын Ерөнхий консул Ли Хай онцлон тэмдэглэсэн. “Хятад, Орос, Монгол бол хөрш төдийгүй түнш орнууд. Бид нэг хувь заяагаар холбогдсон. Гурван улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь газар зүйн давуу байдалд суурилдаг төдийгүй урт хугацааны уламжлалтай. Эдгээр харилцаа, хамтын ажиллагаа нь гурван улсын ард иргэдийн суурь хэрэгцээ, сонирхолд нийцдэг” хэмээн Ли Хай хэллээ.
ОХУ-тай харилцаагаа зогсоож байгаа улс орнууд юун түрүүн өөрсдөдөө хохиролтой байгаа гэсэн байр суурийг Читагийн форумд оролцсон улс орны төлөөлөгчид илэрхийлж байлаа.
“Оросыг халах” гэсэн бодлого нь хүмүүс хоорондоо харилцахаа больж, уламжлал, түүхээ мартаж, өнгөрсөн түүхээсээ суралцаж чадахгүй байхад чиглэж байна. Ийм бодлого байж болохгүй” хэмээн “Новые горизонты” форумд оролцогчид үзэж байна. Найрсаг харилцаатай улс орнууд гурав дахь орны эрх ашигт нийцүүлэхийн тулд харилцаа, хамтын ажиллагаагаа тасалж, улстөржүүлж болохгүй. Ийм байдал нь эдийн засагт асар хохиролтой төдийгүй Европын холбооны улс орнуудад одоо тохиолдоод байгаа шиг стратегийн автономийг устгах болно гэсэн байр суурийг форумын төлөөлөгчид илэрхийллээ.