ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо.
Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, түүнчлэн хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах, жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх, сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф Эрүүл мэндийн сайдын нэр хүндтэй албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хувьд Эрүүл мэндийн яам хамгийн ойрын түншүүдийн нэг байдгийг илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа болох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023-ын үр дүн, эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой зарим үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжих төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, залуучуудын эрсдэлт зан үйлийн талаар судалгаа хийж, харилцаа холбооны стратеги боловсруулах зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.