Д.Эрдэнэбаатар: Монгол нутагт төрт ёс үүсээд 2233 биш 3500 жил болсныг ойлгох цаг ирсэн
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
Түрүүчийг нь ЭНД дарж сонирхоорой.
Оросууд “Хүннү бол Монгол биш” гэсэн дүгнэлтээсээ буцахыг хүсдэггүй
-Бид Үндэсний баяр наадмаа тулгар төр байгуулагдсаны 2233 жилийн ой гэж ирээд тодотгон тэмдэглэж байна. Таны хэлж байгаагаар бол төрт ёс байгуулагдсаны 3500 жилийн ой гэмээр юм биш үү?
-Уг нь тийм. Бид Модун Шаньюй хаан ширээнд суусан оныг тэмдэглээд байгаа юм. Гэтэл Модунаас өмнө Түмэн шаньюй гэж байсан. Түмэнгийн өмнө ахиад гурван шаньюйн түүх бий.
Нэгэн цагт Монгол улсад төрт ёс байгуулагдсаны 3500 жилийн ой гэж тэмдэглэх бололцоотой. Тийм бололцоотой болсон.
Учир нь та бид хоёрын ярианы эхэндээ дурдсан буган чулуун хөшөө, хиргисүүрийн соёл чинь Монгол нутагт байсан анхны төрт улс. Тийм төрт улс Монгол нутагт байсныг нь урд хөршийн түүхчид батлаад биччихсэн байдаг. Үүнээс гадна Хангайн нурууны бүс дэх хаад язгууртнуудын булш нотолдог. Зохиож хэлсэн зүйл биш. Энэ бүхнээ хэдийд албан ёсны болгож ой тэмдэглэх нь төрийн мэдэх хэрэг л дээ. Бүх улс түүхээ урагшлуулахын төлөө явж байхад бид түүхээ хойшлуулаад байдаг сонин онцлогтой.
Тулгар төр байгуулагдсаны 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн гээд хөврүүлж өгдөг. Хятад гэхэд л манай төрт улс 5000 жилийн түүхтэй гэдэг.
Тэр 5000-гийнх нь 4500 жилийн тэртээд аж төрж явсан Жоу улстай манай буган хөшөөтэй дээдсүүд байлдаж байсан гээд төсөөл дөө. Жоу улсынхан “Умардын буга, цагаан чонон сүлдтэй улстай байлдав” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.
Буган чулуун хөшөөдөөрөө “Бид та бүхний өвөг дээдэс шүү” гэж хэлээд байхад бид түүхээ урагшлуулах л ёстой. Монгол нутагт төрт ёс үүссэний 3500 жилийн ойг улсаараа тэмдэглэх цаг холгүй гэдэгт итгэдэг шүү.
-Оросууд Скиф, Сибирийн соёл гэж бичдэг талаар өмнө ярьсан даа, хоёулаа. Одоо тэр ойлголт нь арай наашилсан уу?
-Бас ч гэж наашилсан. Скиф, Хүннү гэдэг болсон. Гэхдээ л “Хүннү бол Монгол биш” гэдэг ойлголтоо хавчуулсаар байгаа. Түрк улс бидний өвөг дээдсийг булаалдсаар байна. Үүн шиг том алдаа гэж байж болохгүй. Түрк улстай бид ямар ч хамаагүй.
-Боловсролын яам дунд сургуулийн түүхийн сурах бичиг хийхдээ та нараас зөвлөгөө авдаг уу?
-Авах нь бүү хэл огт оролцуулдаггүй. Бидний материалыг ашиглахдаа буруу ашигладаг асуудал бас байна. Холион бантанг нь хутгачихдаг.
Гадныхантай хамтарч судалгаа хийхээр ашиг сонирхлоо хавчуулах гээд байдаг зовлон бий
-Хоёулаагийн ярианы нэг гол өнцөг бидний дээдэс 3500 жилийн өмнө төрт ёстой байсан шүү гэх мэссэж байлаа. Тэр эртний улбаа бидэнд үлдсэнийг, тэртээ цагт амьдарч байсан хүмүүс бидний өвөг дээдэс гэдгийг оршуулгын зан үйл л их тодоор хэлж өгч байна уу?
-Өмнөх үеэ бидний өвөг дээдэс гэж баттай хэлээд байгаа зүйл бол маш тодорхой. Ерөөсөө л оршуулгын зан үйлийн, угсаатны зан үйлийн соёлоос харчихаж болно. Хоёулаа одоо эргэн тойрноо анзааръя. Сэтэрхий аяганд цай хийж өгч болохгүй гэдэг.
Оршуулгын зан үйлээс харахад аягыг нь дагалдуулж тавихдаа амсрыг нь сэтэлдэг байсан. Сэтэрхий аяга гэдэг чинь амьд хүнийх биш гэсэн үг. Чулуу дэрлүүлэх зан үйл гэхэд ихээ эртнийх. Монголчууд тэр ёс заншлаа мартсан ч ахуйдаа бол гээгээгүй. Хавтгай чулуу хайж олж тавихаасаа залхуураад бэлэн цайгаар орлуулдаг болчихсон.
Сүүлдээ утгыг нь мэдэхгүй ч “Цай тавьдаг юм билээ” гэж амнаас ам дамжин ярих болсон. Оршуулгын зан үйл үеийн үед өөрчлөгддөг ч үндсэн гол шугам нь огт өөрчлөгддөггүй.
Айлд зочин ирлээ гэхэд ууц, дал дөрвөн өндөр гэх мэт тоймтой хэдэн зүйл тавьдаг. Богино хавирга, шаант чөмөг тавьдаггүй. Шалтгаан нь ойлгомжтой. Оршуулганд дагалдуулж тавьдаг идээ байхгүй юу. Хүннү нар өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан. Монголчууд өглөө эрт нарыг хардаг, сүсэлдэг, залбирдаг. Байгаль шинжээд байгаа хэрэг огт биш шүү дээ. Өнөө л өнө эртний ор улбаа шингээд үлдчихсэн хэрэг.
Цагаан сараар уулын орой дээр гараад байдаг даа. Наранд мөргөж байгаа л зан үйл. Сүүлдээ шашны зан үйл мэт сэтгэж, овоон дээр гарлаа гэж тайлбарладаг ч ачир дээрээ өвөг дээдсийн мөргөлийн зан үйлийн уяа сэжим тасраагүй байна гэсэн үг. Бэлчээрийн мал аж ахуйтай хэвээр яваа нь ахуйн үндсэн ёс заншил өөрчлөгдөөгүйн маш тод шинж.
-Таны олдворуудаас хамгийн ихээр сэтгэлийг тань хөдөлгөсөн нь гэвэл та алийг нь онцлох вэ?
-Сэтгэл хөдөлгөхгүй олдвор гэж юу байх билээ (инээмсэглэв).
-Гэхдээ л нэг тийм санаанд тод үлдчихсэн олдвор байгаа даа…?
-Та бодоод үз дээ. Би амьдралдаа 200, 300 булш малтсан байна. Тэдгээр булшны 10 хувь нь л юмтай байсан гэж ойлгож болно. Хүмүүсийн тухайд булш бүр юмтай гэж ойлгоод байдаг шиг байгаа юм. Ганц яс таарсан ч чухал олдвор шүү дээ.
-Таны олдворуудаас миний санаанд тод үлдсэн нь лав алтан бүс байна…?
-Алт, мөнгө олох ч нэг тийм… Үгүй тэгээд мэдээж сайхан л даа. Хүннүгийн Гол модны язгууртны булшийг гаргахдаа тийм хэмжээний олдвор олно ч гэж бодоогүй. Ёстой гайхсан.
-Та өмнө нь француудтай ажиллахдаа ийм сүрхий олдвор олоогүй санагдах юм…?
-Олоогүй нь ч болжээ гэж боддог шүү. Би 1999-2000 онд Архангай аймгийн Хайрхан сумын Гол мод гэдэг газар францчуудтай ажиллаж байсан юм. Тэр булш бол ямби тоногдчихсон байсан л даа. Хүрэл ваар савны хагархай, авсны алтан чимэглэл төдий зүйлс л үлдсэн байсан. Тэр нь ч аз болсон санагддаг юм. Францчууд гэрээ хийгээд баримтат кино бүтээнэ энэ тэр гээд бөөн ажил болов оо. Баярласан гэж жигтэйхэн.
Өнөө баримтат кинонд нь бүр нэг дүрдээ итгэчихсэн нөхөр Хүннүгийн түүх яриад. Тэр булшийг анх би ч олоогүй юм. Ц.Доржсүрэн гуай олсон. За тэгээд би зөндөө л юм ярилаа, тэр кинонд. Гэтэл яг кино нь гартал яасан гээ. Францын эрдэмтэн тухайн булшийг олоод, Францын эрдэмтэн Хүннүгийн түүх яриад, би өнөө нөхрийн дэргэд хаа нэг толгой дохисон төдий сууж буй маягаар гардаг байгаа. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална гэдэг шиг зүйл болсон л доо.
-Киногоо үзээд мэдрэмжээ хэлсэн үү, өнөө француудад?
-Шоконд орсон хүн чинь хэлж таарна шүү дээ. “Та нар ямар муухай юм бэ. Хамт судалгаа хийнэ гэчихээд ингэж болж байгаа юм уу” гэх мэтээр үгээ хэлэлгүй яахав. Гэтэл бүр гайхмаар нь манай дарга нар “Чи француудтай муудалцдаг хэн юм бэ” гээд хир халдаагаагүй. Сүүлд өнөө француудаасаа салаад өөрөө судалгаа хийж явахдаа “Гол мод-2”-ыг олж байлаа.
-Сонин юм шүү, француудтай хамтрах үедээ “Гол мод-2”-ыг нээсэн бол харь улсын эрдэмтний олсон юм болоод, тэдний дүгнэлт, хандлагаар тайлбарлагдаад өнгөрөх байж?
-Тэнгэрээс ивээсэн юм шиг зүйл болсон шүү, нээрээ. Би багшаасаа хүртэл асууж байсан. “Та энэ газрыг мэдэх үү” гээд. Гэтэл “Хайрханы Гол модоос өөр ямар ч газар байхгүй. Чиний хэлсэн газар Гол мод байна гэж юу байх юм” гээд үнэмшээгүй.
Тухайн үед Археологийн хүрээлэнг толгойлж байсан хүн “Энэ Эрдэнэбаатар Гол модноос хөөгдчихөөд тэрэндээ шаралхаж худлаа үнэн зүйл зохиолоо” гэж шүүмжилж байсан удаатай. Надад тийм юм зохиох ямар ч шаардлага байхгүй шүү дээ.
Адилхан домогтой, адилхан дурсгалтай газрыг чинь “Гол мод-2” гэж дугаарлаж ялгахаас аргагүй. Тэгээд л тэндээс таны сонирхоод байгаа алтан бүс гарсан даа.
-Та тэгээд баримтат кино хийсэн үү, тэр ажлаараа?
-Баримтат кино хийж эхэлсэн. Гэхдээ дуусаагүй яваа. Монголчууд өөрсдөө судалгаа хийж чадна шүү гэдгээ харуулъя л гэж бодсон. Хүссэндээ хүрсэн. Тэгээд л болоо.
-Судалгаа хийхэд тулгардаг гол бэрхшээл юу байна?
-Ерөөсөө л санхүүжилт. Санхүүжилт олъё гэвэл гадны ямар ч судлаач дуун дээр зөвшөөрнө. Мөнгөө захиалсан хүн хөгжмөө захиална гэдэг шиг дүгнэлтүүдэд нь заавал өөрсдийнхөө сонирхлыг хавчуулах гээд байдаг зовлонтой. Тэр нь л хэцүү.
-Манайд хэчнээн орны экспедиц ажиллаж байна вэ?
-Жилд гуч гаруй гадаадын экспедиц ажиллаж байна. Герман, Польш, Орос, Хятад, Солонгос, Израйл гээд дэлхийн маш олон орноос ирж байгаа. Гадны эрдэмтдийг урьж болно. Гэхдээ үндэсний соёл, түүхийн асуудалд төрийн бодлого гэж байх ёстой. Манайхан болзол тавих ёстой юм.
Жишээ нь чулуун зэвсгийн үеийг судалдаг судалгаа бараг л алга. Хүн байхгүй, зардал ихтэй учраас. Манайхыг сонирхдог гадны судлаачдад “Хүннүгийн хувьд хангалттай, чулуун зэвсгийн, хүрлийн үеийг хамтран судалбал болж байна” гэх мэтээр босго тавих учиртай санагддаг. Шуудхан хэлэхэд өнөөдөр мөнгөтэй хүн бүр Хүннү рүү орж байна.
Хүннүгийн тухайд ямар ч тоногдсон булшинд эд өлгийн зүйл байж л байдаг. Хүрлийн үеийн булшийг олоход асар их зардалтай, олдвор багатай байдаг. Гэхдээ өнөөдөр мэдээлэл авдаг боломж нь их болсон учраас харьцангуй давуу тал үүсчихсэн.
Дээдсийнхээ түүхийг буруу бичиж доктор авснаас зүгээр л нэг археологич явсан нь хамаагүй дээр
-Таны хууль шүүхийн асуудал юу болсон бэ?
-Үргэлжилж л байна.
-Хулгайн хэрэг яригдаад байгаа бил үү?
-Одоо ил тод хэлэхэд боломжгүй байна. Ажлаа хийж яваад хэн нэгэнд зуугдчихсан, зуусан хариугаа надад “хулгайч” нэр зүүж авах гэж яваа санаа юм болов уу даа.
-Тэгээд ямар ч сэжимгүйгээр хулгайн хэрэгт холбочихож байгаа хэрэг үү?
-Мэдээж ямар нэг сэжим байсан байж таарна. Улаанбаатарын их сургуульд байгуулсан музейгээс үүдэлтэй хардлага шиг байгаа юм. Улаанбаатарын их сургуулийг Нарантуулын хавьцаа байдаг Солонгосын хөрөнгө оруулалттай сургуультай андуурдаг байлаа. Улсын сургууль гэх ялгааг нь харуулъя гээд байгуулсан музей л дээ.
-Санхүүжилтийг нь Халтмаагийн Баттулга хийсэн, тэгэхээр цаана нь ямар нэг юм бий гэх мэтээр шүүмжлээд байдаг. Хэр ортой хардлага бол?
-Анхны санхүүжилтийг нь хийсэн. Гэхдээ ямар ч болзолгүйгээр зүгээр л санхүүжүүлсэн. Ерөнхийлөгч болохоосоо өмнө хувийнхаа мөнгөөр санхүүжүүлж байсан нь үнэн. Гэхдээ олны хардаад байгаа шиг хувийн мөнгөөр хийгээд хувьд өгсөн юм байхгүй. Улаанбаатарын их сургуулийг татан буулгаж МУИС-д нэгтгэхэд тэр музейн бүх үзмэр Чингис хаан музейд очсон. Товчхондоо ийм л юм болсон.
-Ингэхэд археологийнхны ихэнх нь таны шавь уу?
-Археологийн хүрээлэнгийнхэн гэхэд л бараг бүгдээрээ миний шавь нар.
-Сүүлийн үед ямар номон дээр ажиллаж байна вэ?
-Хоёр ном хийж байгаа. Нэг нь “Монголын хүрэл зэвсгийн эрин үеийн түүх”. Нөгөө нь “Монгол нутаг дахь Хүннүгийн шарилын тухай” гэсэн агуулгатай. Энэ номын тухайд нэг түүх бий. Миний шинжлэх ухааны докторын ажил байгаа юм. Оросуудын шахалтаас болоод доктороо хамгаалж чадаагүй. “Хүннү бол монгол биш” гэж бичихгүй бол хамгаалахгүй шүү гэж шахсан. Өвөг дээдсийнхээ түүхийг буруу бичиж доктор авснаас зүгээр л нэг археологич явсан нь хавь илүү. Докторгүй ч археологи, доктортой ч археологич.
-Та сүүлийн үед урлагийнхантай ажиллаад байна уу. Херо Баатарын “Тамгагүй төр” жүжигт түүхэн зөвлөхөөр ажилласан гэж лав сонссон…?
-“Тамгагүй төр” жүжгийн түүхэн зөвлөхөөр би өөрөө хүсч байж ажилласан. Хаад ноёдоо алийн болгон арзайсан үстэй, ядуу, муухан хувцастай болгож үзүүлэх вэ дээ. Ингэж бодоод зорьж, хүсч ажилласан юм.
-Оросын хаадын дэргэд Монголын хаад тансаг гоёороо гайхагддаг байсан гэдэг шүү, нээрээ?
-Бид тийм л дээдэстэй улс. Б.Баатар “Тамгагүй төр”-дөө хааны дээл хувцасны алт чимгийг багадуулчихсан байсан. Тэгэхээр нь яаж дуугүй байхав, “Хааны хувцас чимэглэл дээр анхаараарай гэж зөндөө гуйсан шүү дээ. Гоё чимэглэлийг нь ахиухан хийчих л дээ” гэж хэлсэн. Продюсер нь л мөнгөө хэмнэсэн шиг билээ (инээв). Гэхдээ хаадыгаа ноорхой хувцастай үзүүлдэгээс огт өөр байж чадсанд нь Б.Баатарт баярладаг. Ер нь урлагийнхан их сонин. Зөвлөөд байхад эсрэгээр хийдэг. Дээдсийнхээ сэлмийг гэхэд л махир хийчихнэ. Археологийн баримтаас харахад хүрлийн үеэс эхлээд бүх сэлэм шулуун байсан.
-Археологийн олдвороос л андашгүй байдаг уу, манай хаад дээдсийн хэрэглээ тансаг байсан нь?
-Тэгэлгүй яахав, алт, мөнгө, үнэт чулуу хэрэглэдэг байсан. Та төсөөл дөө. Худалдаалдаггүй, тухайн улсын ихэс дээдэс нь хэрэглэдэг байсан Ромын шилэн аяга гарч ирсэн шүү дээ, манай улсын нутаг дэвсгэр дэх Хүннүгийн булшнаас. Ромын шилэн аягаар ч тогтохгүй, Грекийн бурхад, Египетийн эдлэл, Персийн хивс гарч ирсэн. Евро Азийн супер гүрэн байсны л баталгаа.
-The HU хамтлагтай холбоотой ажиллаад байна уу, та?
-Манай олдворуудын дүрс бэлгэдлийг ашиглаж алдаршиж байгаад нь би хувьдаа баярладаг. Америкт байдаг Батмөнх л “Та нар хүний оюуны өмчийг дураараа ашиглаж болохгүй” зарга хийсэн байсан.
Сүүлд The HU хамтлагийнхан ирсэн шүү, манайд. “Таны хийсэн ажил гэдгийг мэдсэнгүй, уучлаарай” гэсэн. Манай экспедицэд зураач байсан нөхөр миний номны зургийг хийнэ гэж байгаад цалингаа аваад алга болсон юм. Тэр нөхрийн хийсэн ажил гэдгийг мэдэх учраас олон юм ярилгүй явуулсан. Асуудлаа ярих ёстой хүнтэйгээ л ярих нь зөв.
-Гэхдээ тэр дүрсийг ашиглахдаа ядахдаа “Монгол нутгаас олдсон Хүннүгийн дурсгал шүү” гэсэн тайлбартай оруулсан бол дэлхийд танигдаад хэчнээн сайхан билээ дээ?
-Тэр ч тийм шүү.
-“Хүннү товчоо”-г монголчуудад үлдээсэн зураач Р.Батцэнгэл агсан танаас байнга зөвлөгөө авч байсан гэсэн үү?
-Тэгсэн шүү. Их сүрхий, маш мундаг залуу. Ямар их тэвчээр, хатуужилтай юм бэ л гэж бодсон доо. Зүгээр л зөвлөгөө өгч байгаа би хүртэл халшраад байхад тийм том бүтээлийн ард гарсанд нь бахархаад баршгүй.
Хүмүүс чинь зөвлөгөө авахаараа тэс өөр юм хийчихдэг. Р.Батцэнгэл бол тийм биш. Зөвлөсний дагуу яг таг хийнэ. Өрөвдөж хайрлаад “Боливол яасан юм бэ, биеэ бод” гэж хэлж хүртэл үзсэн. Бие нь өвдөөд аргагүй үед хүн залхуурч болно оо доо. Р.Батцэнгэл огт тэгэхгүй. Эцсийн амьсгалаа хүртэл надаас зөвлөгөө авсан, холбоотой байсан. “Таны хэлснээр зурчихлаа, одоо болж байна уу” гээд үзүүлнэ. Нэг хүний царай зурчихаад “Энэ хүннү хүнтэй адилхан байна уу” гэж лавлана. Асар уйгагүй чанар, гайхалтай тэвчээртэй дайчин байх гэж л энэ.