УИХ-ын тухай хуулийг өөрчилснөөр, гишүүн согтуурч, танхайрч болохоос гадна эрүүгийн хэргээс “мултрах” нөхцөл үүсжээ

0

УИХ-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж хязгаарлагдмал байгаагаас хариуцлага хүлээлгэж чаддаггүй асуудал хөндөгддөг.

Тэгвэл сонгуулиас өмнө өмнөх парламент УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Энэ заалтаар УИХ-ын гишүүд танхайрч, согтуурсан ч хариуцлага хүлээхээргүй болсноос гадна хэрэв УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шууд зогсоох зохицуулалт орсон байна.


Уг шинэчилсэн хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан.

Ингэхдээ, 41.7-д “Гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж өөрчлөн найуулсан байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахыг хориглосон гэсэн үг.

Зөрчлийн тухай хуулиар танхайрах, согтуурах, хүчирхийлэл үйлдэх зэргийг зохицуулдаг. Бүр цаашлаад УИХ-ын гишүүн нь шүүхээс дуудахад очихгүй байх, хулгай хийх, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байж болох зохицуулалт улмаар хуульд нэмэгджээ.


Мөн түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг зохицуулсан 45.11-т “Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулна” гэж нэмжээ.

УЕП-оос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулдаг. УИХ түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ ч хэргийг хаадаггүй.

Тэгвэл энэ шинэ зохицуулалтаар, УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн л бол шууд түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх аж. Улмаар дөрвөн жилийн бүрэн эрх нь дууссаны дараа мөрдөн байцаалтыг сэргээж болох ч үүнд хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэдгийг санах хэрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *