Хархорум хотод Ерөнхийлөгчийн ордон барина

0

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газрын ордныг Хөшигийн хөндий дэх Номтын аманд, шинээр байгуулах Хархорум хотод Ерөнхийлөгчийн ордныг барих бол УИХ бууриа сахин Төрийн ордонд үлдэх ерөнхий зураглал батлагдаад буй. Иймд шинээр байгуулах Хархорум хотын талаарх мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасан юм.

Зарлигт:

  • Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хот байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа хийж, төсөл боловсруулан УИХ-д өргөн барих,
  • Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, Монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх, соёлтой уялдуулан боловсруулах,
  • Шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг.

Шинэ Хархорум хотыг Улаанбаатар хотоос 360 км зайд, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийн 189 мянган га газрыг хамрахаар цэгийг тодорхойлжээ.

Мөн Орхоны хөндийн 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөхөөр болсон. Шинэ нийслэлд Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдыг байршуулахаар төлөвлөсөн.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барих. Ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар төлөвлөсөн юм.

Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг шинэ Хархорум хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулна. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэхээр төлөвлөжээ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” нисэх буудал нь 18 гарцтай байна.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна.

Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг төлөвлөсөн ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулах төлөвлөгөө боловсруулсан.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-нд Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр парламент нэгдүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг баталсан. Улмаар Засгийн газраас шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний хороог Барилга хот байгуулалтын сайд ахлах шийдвэр гаргажээ. Харин тус үндэсний хорооны дэргэдэх шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалан ажиллаж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *