Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа

0

Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох газар хэлтсийн дарга нар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд оролцож Ашигт малтмал газрын тосны газрын стратеги төлөвлөлт, бодлого, үйл ажиллагааны талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан бизнес эрхлэгчдээ дэмжсэн илүү нээлттэй, таатай орчныг бүрдүүлж, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх нь чухлыг онцлоод, газрын тос, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замын талаар Ашиг малтмал, газрын тосны газрын удирдлагуудтай санал солилцов.

Мөн тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуримтлалын санг дүүргэхээс эхлээд хийх олон ажил хүлээгдэж байгааг сануулж, Ашигт малтмал, газрын тосны газар нь Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газраараа дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох, газар дээр нь биечлэн ажиллахад илүү анхаарах, тус газрын бүсчлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсон бүстэй уялдуулж, тогтоох үүрэг өгөв.

Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал Монгол Улсын стратегийн чухал салбар болох уул уурхай, газрын тосны салбарын бодлогыг тодорхойлж, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтран зүтгэж, хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд илэрхийлж, агентлагийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөний биелэлт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.

Ашигт малтмал, газрын тосны газар нь энэ онд нийт 15 зорилгын хүрээнд 95 зорилт, арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 188.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 44.6 хувьтай байна салбарынхны зүгээс онцолж байв.

Түүнчлэн эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор цахим засаглалд шилжин ажиллаж буй. Энэ хүрээнд хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар авахаас гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагааг www.tender.gov.mn цахим системд нэмэлт хөгжүүлэлт хийлгэж, бүрэн цахимд шилжүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 21 удаагийн сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж, 86.4 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд байгааг салбарын зүгээс тэмдэглэв.

  • Монгол Улсын хэмжээнд 2024 онд нийт 4.85 сая баррель буюу 659.2 мянган тонн газрын тос олборлон экспортлох төлөвлөгөөтэй ба 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.5 сая баррель буюу 304 мянган тонн газрын тос олборлож, экспортолсон ба төлөвлөгөөний гүйцэтгэл 46.04 хувьтай байна.
  • Газрын тосны борлуулалтын орлогоос 2024 онд Улсын төсөвт 361.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 128 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын гүйцэтгэл 35.4 хувьтай байна гэв.

АжүйлдвэрЭрдэсбаялгийняам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *