ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ӨРТӨНТ ГЭХ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА “ЭМ ЭС БЭЛ МАЙНИНГ” ХХК-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО.

0

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Онгийн гол улаанаар урссан тухай Зүүнбаян-Улаан сумын байгаль хамгаалагчийн өгсөн мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн БОГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар газар дээр яаралтай хяналт шалгалт хийсэн байна.

Зүүнбаян-Улаан сумын нутаг Өртөнт гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Эм Эс Бэл Майнинг” ХХК-ийн ашигласан нуурын хамгаалалтын далан сэтэрч, Онгийн голруу нийлж урссан нөхцөл байдал тогтоогдсон тул тоног төхөөрөмжийг лацдаж, үйл ажиллагааг зогсоож, сэтэрсэн нуурын далан, хамгаалалтын даланг бэхжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өгч ажиллалаа. Мөн хоёр цэгээс усны дээж авч, лабораторид шинжлүүлэн, зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг Прокурорын хяналтад явуулж байна.

Мөн салбарын хяналтын газраас Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгийн Байгаль орчны газар байгаль орчны хяналтын улсын байцаагчдад бороо их орж алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн ашиглалтын нуурын ус дүүрч, хамгаалалтын далан сэтрэх аюултай байдал үүсч, эхнээсээ эвдэрч сэтэрсэн, санаатай сэтлэх боломж бүрдэж байгаа тул харъяа нутаг дэвсгэр дээрээ ажиллаж буй аж ахуйн нэгжид анхааралтай ажиллах мэдэгдэл хүргүүлж ажиллах чиглэл өгөөд байна.

БАЙГАЛЬ ОРЧИН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *