Ц.Элбэгдорж: Өнөрцэцэгийн асуудлыг олон улсын сэтгүүлчдийн клубын анхааралд оруулсан
АНУ Орос, Герман тэргүүтэй орнууд хэлэлцээ хийсний дүнд, хүйтэн дайнаас хойших хамгийн том хоригдол солилцоо явагдаж, суллагдсан хүмүүс эх орондоо, гэр бүлдээ очсоор байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Гайхалтай. Сайхан мэдээ. Өнгөрсөн долоо хоногт Хэвлэлийн эрх чөлөөний “Мекка” гэх Үндэсний Хэвлэлийн Клубт Хүндэт Зочноор уригдаж, сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж ажилласан. Өнөрцэцэгийн асуудлыг олон улсын сэтгүүлчдийн клубын анхааралд бас оруулав. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш.
Сэтгүүлч ээжээ суллахад туслаач гэж хоёр охин нь аавтайгаа тусгайлан ирж уулзсан. Зураг нь энд байна. Тэр охин Ерөнхийлөгч Байдентай бас уулзаж, суллагдсан ээжтэйгээ өрөөнөөс нь утсаар ярьж, төрсөн өдрийнхөө дууг дуулуулаад зогсож байна.
Өнөөдөр маш олон хүн цоожтой хаалганы цаанаас гарч ирж, эрх чөлөөний төлөө тэмцэгчид, дэлхийн сайн тал баярлаж байна.
Эрх чөлөөтэй болсон заримынх нь нэрийг энд хэлье. Манай хаяанд байгаа шоронгоос суллагдсан түүхэн үйл явдал. Борис Немцовын хамтран тэмцэгч Владимир Кара-Мурза, Илья Яшин, мөн Алсу, Саша, Лилия, Ксения, Еван, Пол, Кевин, Рико, Демури, Вадим, Патрик, Герман, Олег, Андрей…гээд олон хүн суллагдав. Америк, Европ… олон улс руу энэ хүмүүс хөлгийн жолоо залж байна.
Сэтгүүлчид, улс төрч, олон нийтийн зүтгэлтэн хэн нь ч бай хулгайч дарангуйлагчдын бузрыг долоож, худалдагдахгүй бол Та бүхнийг ийм хувь заяа тосож байгаа. Шоронд орсон ч, шороонд дарагдсан ч, бүгд чамайг зүхэж байвч битгий бууж өгөөрэй.
Эрх чөлөө, ардчилал, иргэд олныхоо талд үргэлж зогсоорой. Чи ганцаараа биш шүү. Өнөөдөр эрх булаагчид дураараа дургих боловч, маргааш эрх чөлөөний элчүүд ялах л болно” гэжээ.