“Гэртээ очиж амар” гэсэн хатуу үгийг УИХ-ын залуу гишүүдээс сонссон Х.Баттулга Төрийн ордонд ирж УИХ, АН-ын хуралд дахин оролцоогүй байна

0

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймаг буюу 4 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Харин Х.Баттулгатай хамт “нэг баг” болж АН-аас 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Батзандан, Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Д.Өсөхбаяр, Х.Батсайхан нараас хэн нь ч парламентад сонгогдож чадаагүй юм. 

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа парламентад сонгогдсон 126 гишүүн долоодугаар сарын 02 /2024.07.02/-ны өдөр тангаргаа өргөж, дараа нь УИХ дахь МАН болоод АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нараа сонгосон. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “хуучин зангаараа АН-ын бүлэгт азаргалж” УИХ дахь АН-ын бүлгийн даргад Н.Алтанхуяг болоод өөрийгөө дэвшүүлсэн байдаг. Харин нөгөө талаас О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргад өрсөлдсөн юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргыг тодруулах хурлын үеэр тус бүлгийн зарим залуу гишүүд Х.Баттулгад хандаж хатуу үг хэлсэн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд парламентын гишүүнээр сонгогдоод буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж, “Та одоо болно, явж ач, зээгээ хар. Энд юу хийж сууж байгаа юм. Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр өөрсдийгөө лидер л гээд байдаг. Та хоёрын лидер гэж хаана байгаа юм. Тойрогт АН-ын олон залуучуудыг дагуулж нэр дэвшчихээд зөвхөн өөрөө сонгогдоод төрийн ордонд ороод ирдэг лидер гэж байдаггүй юм. Одоо явж амарцгаа” гэсэн утгатай үгийг хэлжээ.

Энэхүү шүүжлэлийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Х.Баттулга нэрээ татаж, Н.Алтанхуяг өрсөлдсөн ч О.Цогтгэрэлд ялагдсан байна.

Харин долоодугаар сарын 2-ны өдрийн дараа УИХ-ын чуулган хуралдаж Байнгын хорооны гишүүд, Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвшиж, улмаар УИХ-ын зарим залуу гишүүдээс хатуу үг сонссон Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд огт оролцоогүй, Төрийн ордонд дахин хүрэлцэж ирээгүй байна. Мөн өчигдөр /2024.08.02/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж “Хамтарсан Засгийн газрын гэрээ”-ний асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралд мөн л Х.Баттулга ирж, оролцоогүй байна. Харин энэ сарын 10 /2024.08.10/-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Улсын 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Иймд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг энэхүү ээлжит бус чуулганд оролцох эсэхийг харах л үлдээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *