Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Архангай аймгийн цагдаа, шүүхийн байгууллагад ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ сарын 26-29-ний өдрүүдэд Архангай аймгийн шүүх болон цагдаагийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Тэрбээр тус аймгийн шүүхүүдийн бүтэц, үйл ажиллагаа болон эхний хагас жилийн ажлын тайлантай танилцахын зэрэгцээ Шүүх байгуулах тухай хууль, шүүхийн төсвийн талаар шүүгч, ажилтнуудтай нээлттэй ярилцаж, улмаар шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийн талаар саналыг нь сонсов.
Мөн Архангай аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч нартай уулзах үеэр удирдлагын зүгээс Цахир сумын цагдаагийн хэсгийн барилга цэвдэгтэй хөрсний улмаас хананд хагарал үүсэж, цаашид ашиглах боломжгүй болсон тул шаардлагатай санхүүжилтийг 2025 оны төсөвт суулгах, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан иргэдийн баривчлах шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хангалтгүй байгаа тул бэлтгэл ажлыг сайтар хангуулж шилжүүлэх, сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын гэр бүлийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах зэрэг тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар анхаарч ажиллахаа илэрхийллээ.