Монгол Улс, АНУ-ын худалдаа 317.4 сая, шууд хөрөнгө оруулалт 680 сая ам.долларт хүрчээ

0

Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт болсон улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон үйл явдлын нэг нь АНУ-ын Төрийн бичгийн дарга Энтони Блинкений манай улсад хийсэн албан ёсны айлчлал байв.

Улс төрийн хувьд энэхүү айлчлал нь хоёр орны хоорондох стратегийн гуравдагч хөршийн бодлогоо улам тодотгон түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц болсон хэмээн дүгнэж байгаа бол эдийн засгийн талаар хоёр орны хамтын ажиллагааны замын зураглал баримт бичгийг батлан гаргаж, эрчим хүчний яриа хэлэлцээрийг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм. 

Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал баримт бичгийг батлан гаргасан нь Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамааралтай байдлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамтран ажиллахаа хоёр тал илэрхийлсэн юм.

АНУ-ын талаас олон компани Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа айлчлалын үеэр илэрхийлж хөрөнгө оруулалтад бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн даргаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Эдийн засгийн тогтвортой, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааны тэргүүлэх чиглэл төдийгүй стратегийн гуравдагч хөршийн гол тулгуур байж, цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмал, хүнсний аюулгүй байдал, дижитал эдийн засаг зэрэг харилцан сонирхсон салбарт одоо хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид сэргээгдэх эрчим хүч, ногоон технологиийн салбарт хөрөнгө оруулахад АНУ онцгойлон анхаарч байна гэдгээ Энтони Блинкен хэлсэн.

Ингэхдээ АНУ-ын хөрөнгө оруулалт хувийн сектороор дамжин ордог учир Монгол Улс авлигаас ангид байх, хөрөнгө оруулах орчин нөхцөл, хууль эрхзүйн зохицуулалтаа сайн бүрдүүлж өгөх шаардлагатай байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм.

АНУ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна.

2023 оны эцсийн гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд, АНУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 680 сая ам.долларын дүнтэй гарч байв. Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа нь:

  • Нийт худалдаа 317.4 сая ам.доллар. Үүнээс:
  • Экспорт 36.6 сая ам.доллар,
  • Импорт 280.8 сая ам.доллар байна.

Тэгвэл 2021 онд хоёр орны хооронд 244 сая ам.долларын худалдаа хийснээс манай орны импорт 213 сая, экспорт 31 сая ам.доллар байв.

Монгол Улсаас АНУ руу гаргаж буй экспортын гол бүтээгдэхүүнд битүү захтай свитер, пуловер цамц, жемпер, хантааз болон бусад оёмол бүтээгдэхүүн, аяны хөнжил, хүнсний бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал багтаж байна. Харин импортын гол бүтээгдэхүүнд өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулсан эд анги, хүнс, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис орж байна.

Сүүлийн жилүүдэд нисэх онгоц, төмөр замын зүтгүүр, уул уурхайн болон харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлж байна. Үүнээс харахад АНУ-ын компаниуд төмөр зам, агаарын тээвэр зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал салбаруудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Montsame.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *