Боксын олимпын шинэ цикл Улаанбаатараас эхэлнэ

0

Дэлхийн боксын холбоо (World Boxing)-ны ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Mongolia House-д зочилж, ирэх сард Улаанбаатар хотноо зохиогдох Ulaanbaatar Cup тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа. Үүнээс өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ноён Б.Ван дер Ворсттой тэмцээний талаар санал солилцож, Mongolia House-д зочлохыг урьсан билээ.

Уг уулзалтад манай улсыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, Боксын олон улсын шүүгч С.Баясгалан нар байлцав. Ирэх сард Улаанбаатар хотноо явагдах уг тэмцээн нь олимпын шинэ циклийн хамгийн эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой. Mongolia House-д болсон энэ уулзалтад АНУ, Канад, Их Британи, БНСУ, Нигери, Нидерланд, Швед, Чехийн боксын холбооны удирдлагууд оролцлоо.



World Boxing нь энэ оны дөрөвдүгээр сард боксыг олимпын хөтөлбөрт үлдээх  зорилгоор байгуулагдсан холбоо юм. ОУОХ нь IBA буюу Олон улсын боксын холбоог засаглал, санхүүжилт, шүүлтийн асуудалтай холбоотойгоор 2023 оны зургаадугаар сард гишүүнчлэлээсээ хассан. Парис 2024-ын боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай нэгж зохион байгуулж буй. Одоогоор боксын спорт Лос Анжелес 2028 олимпын хөтөлбөрт багтах, эсэх нь баталгаажаагүй байгаа юм.

Ташрамд дурдахад, World Boxing олимпын наадам эхлэхтэй зэрэгцэн Итали, БНСУ, Бермудын арал, Кайманы арлын боксын холбоог гишүүнээр элсүүлснээ зарласан. Ингэснээр тус холбоо нийт 37 гишүүнтэй болжээ. Монгол  тус холбоонд элссэн, анхны Ази тивийн төлөөлөл болсон билээ хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *