АНУ: Энэ зун Covid-19-ийн хамгийн том давалгаа болж магадгүй
АНУ-д энэ зун Covid-19-ийн хамгийн том давалгаа болж магадгүй байна. Энэ талаар Браун их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн декан, Цагаан ордны Covid-19-ийн хариу арга хэмжээний зохицуулагч асан доктор Ашиш Жа хэлэхдээ “Хэрэв та халдварын талаар ярьж байгаа бол энэ зун бидэнд тохиолдсон хамгийн том давалгаа болж магадгүй” гэжээ.
Гэхдээ энд онцлууштай нь сүүлийн долоо хоногуудад зөвхөн АНУ гэлтгүй дэлхий даяар халдварын тархалт нэмэгдэж байгаа аж. ДЭМБ-ын Covid-19 хариуцсан ахлах мэргэжилтэн доктор Мария Ван Керховегийн хэлснээр Европ даяар эерэг гарсан шинжилгээний эзлэх хувь 20-иос дээш байгаа аж. Бодит байдал дээр тохиолдлын тоо үүнээс 2-20 дахин их байж магадгүй юм. Учир нь маш олон хүн өвдсөн ч эмнэлэгт бус гэрийн нөхцөлд шинжилгээ хийдэг.
Үндэсний хэмжээнд халдварын түвшин өндөр байгаа ч АНУ-ын баруун хэсэг, тэр дундаа Техас, Калифорни мужид хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Энэ жилийн зуны давалгаа өнгөрсөн жилийнхээс эрт эхэлжээ. Мөн халдварын түвшин улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамаагүй өндөр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн сард 1357 эерэг шинжилгээ авсан нь 2023 оны долдугаар сард 562 эерэг шинжилгээ авсантай харьцуулахад хоёр дахин их тоо юм. Гэхдээ сайн мэдээ нь нас баралтын тоо урьд өмнө байгаагүй бага байна.
Эх сурвалж: NBC