Төрийн ажил “тэг” зогсов
Монголчууд “Зуны сар зургаа, намрын сар найм биш дээ” гэж ярьдаг. Энэ нь зун, намартаа багтаж, ажил төрлөө амжуул гэсэн үг. Гэтэл зургадугаар сар гарахтай зэрэгцээд Монголд ажлаа мэддэг, ажил хийдэг хүн ховорддог. Тэр дундаа төрийн албанд.
Энэ жил УИХ-ын сонгуулийн жил учраас сонгуулийн үр дүн гарч, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл төрийн албаныхан албан болоод албан бусаар дайчлагдан ажилласан. Төрийн их баяр наадам болохоос нэг хоногийн өмнө буюу “Монгол Улсын төрийн далбааны өдөр” хамтарсан Засгийн газрын гишүүд болох шинэ сайд нар тангараг өргөж батламжаа гардсан.
Сайд болоод хэдхэн цагийн дараа үүрэгт ажилдаа орсон хүн бол Батлан хамгаалахын сайдаар томилогдсон С.Бямбацогт. Түүний хамгийн эхний ажил бол төв талбайг жагсаалын цувааны эхний машины дээр чухал царай гарган гороолох байсан юм.
Түүний арааас шинэ сайд нар ямартай ч тамга тэмдэгээ алд цэнхэр хадаг, мөнгөн аяга дүүрэг сүү, аруултай хүлээж авсан. Хонон, өнжин нойргүй хуралдаж ямартай ч сандал суудалд хүрсэн 22 сайд болоод түүний хамсаатнууд наадмаар ёстой нэг наадсан шиг наадсан нь дамжиггүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг хоноод наадмын амралт үргэлжилсэн. Наадмын дараа сайд нь солигдоогүй ганц нэгхэн яамыг эс тооцвол Засгийн газар, яам, агентлагууд ар араасаа үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнасан. Шинэ сайд нарт таалагдах гэсэн нэгэн байхад, шинэ сайдын томилгоог дагаад сандал суудлаа өгөх хувь тавилантайгаа эвлэрчихсэн нэгэн ч олон. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад бүтэн сарын хугацаа өнгөрсөн энэ үед төрийн ажил үндсэндээ тэг зогсов.
Инээдэм ч гэх юм уу, эмгэнэл ч гэх үү Монголд зун ажил хөөцөлдөхөд гуравхан төрлийн хариулт сонсдог.
1.Би мэдэхгүй маргаашаас амралтаа авна.
2.Би мэдэхгүй дөнгөж амралтаас ирээд байна.
3.Би мэдэхгүй мэддэг хүн нь амралтаа авсан байгаа гэдэг бол дөрөвт, сайд солигдоод ажил жигдрээгүй байна гэх хариулт нэмэгдсэн байна.
Засгийн газрын сайд нар содигдохоор тус яамны хэвлэлийн төлөөлөгч нь хүртэл солигддог. Харин ч шинэ сайдаасаа илүү яамныхаа бүтцийг мэдэж байгаа хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийттэй холбох гүүр болох хүнээ авч үлдэх ухаан тэдэнд үгүй. Заавал хэн нэгний шошго зүүж хажиглаад, өөрийнхөө шошготой нэгнийг авч ирж томилдог. Яг л ийм жишгээр яам, тамгын газраас тодруулга авах гэхээр холбож өгөх үүрэг гүйтгэдэг хэвлэлийн ажилтнууд нь “Би ажлаа өгсөн. Өөр хүн хариуцаж байгаа” гэх хариулт өгөөд удаж байна. Төрийн тогтвортой байдлын талаар энд ярих нь илүүц биз. Энэ мэт албан тушаалын халаа сэлгээ жигдэртэл төрийн ажил урагшилахгүй. Шинээр томилогддсон хүмүүсийн хэлэх үг ч бэлэн. “Ажлаа аваад удаагүй байна. Ажилтайгаа танилцаж байна…” гэх зэргээр тэдэнд шалтаг мундахгүй… Хэзээ төрийн ажил жигдэрэхийг хэлж мэдэхгүй л байна.
Өнгөрсөн өвөл малчид зуданд модоо барьснаа таг мартчихсан л тууж яваа. Зун нь дээр дооргүй найр наадам, айраг цагаа эргүүлчихээд өвөл, хаврын хахир цагт тэд буруугүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдлөө гэж өрөвдүүлнэ.
Татвар төлөгчдийн мөнгийг сонгогчиддоо, тойрогтоо таалагдах гэсэн УИХ-ын гишүүд, сайд дарга нар өвс, тэжээл, гурил будаа, лаа шүдэнз болгож гарын салаагаараа урсгасаар удаж байгаа. Энэ жил гэхэд 16 аймгийн 100 гаруй сум 100 жилийн тэгш ойгоо тэмдэглэж байна. Гурван өдрийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг л аашилцгааж байна. Одоо найр наадмын ажлаа дуусгаж, өвс тэжээл, ургац хураалт, тариа будаа,пүнз, дүнз барих гээд өвлийн бэлтгэлдээ гарах цаг болсоон. Өвөл нь утаандаа угаартаж, зам дээрээ тэг зогсож, автобусаа хүлээсээр хөлдүүс болж, улсаараа эрчим хүчний хомдолд орж, шатахуунд дугаарладаг адал явдалтай амьдрал ойртож байна. Наадмын дараа намар гэдэг дээ.