ДУНДГОВЬ: “Онги” голын эрэг дэх түүхийн дурсгалт газар
Гадаад, дотоодын жуулчдын ирж амрах дуртай, байрлалын хувьд тун өвөрмөц, сонин тогтоцтой нутагт байрлах түүхийн чухал дурсгал бол Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг Онгийн хийд юм. Онгийн хийд нь тус аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс урагш 18 км-т, Онги голын эрэг дагуу байрладаг.
Онги гол бол Дундговь аймгийн нутгаар урсах цор ганц гол юм. Хангайн нурууны өврөөс эх авч, ойт хээр, хээр, говийн бүсийг дамжин 437 км зам туулан өртөөлсөөр Өмнөговь аймгийн нутаг, Улаан нуурт цутгахдаа Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын нутгаар 54 км замыг туулна.
Сайхан–Овоо сум 1923 онд байгуулагдаж, 1931 онд одоогийн байгаа Онги голын зүүн эрэг “Хадан хошуу”-ны энгэрийн тэгш дэнжийг сонгон төвхнөжээ. Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог, аймагтаа хамгийн алслагдсан сум юм.
Тус сумын хувьд Онги голын эрэг дээр байрладаг, аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Тийм ч учраас “Онги” голоороо нэрлэсэн олон зүйл тус суманд буй. Түүний нэг нь Онгийн хийд. Хийдийг хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд барьж, байгуулсан гэх түүх буй.
Тухайн үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байж. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт баригдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт баригдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ.
Онгийн хийдэд сургалтын дөрвөн дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байсан гэдэг. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж 1937 онд хэлмэгдэж, баригдсан түүхтэй.
Онгийн гол, Хошуу хурлын хийд, Шаазан хотын туурь, Сэнжит хадыг Онгийн хийдийн цогцолбор дурсгал гэдэг.
Онгийн хийдийг барьсан барилгын тоосго их өвөрмөц, тоосго бүр дээр бурхны болон бадамлянхуа цэцэг гэх дүрс товойлгон хийсэн байдаг. 1970, 1980-аад оны үед сумын иргэд, байгууллагууд энд зугаалгаар ирэх үед тийм тоосго элбэг олддог байж.
Тус хийдийн гол цогчин дуганы баруун талд Хутагт ламын хийд оршдог байсан бөгөөд том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ. Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун зүүн талдаа хүрд бүхий суваргатай байжээ. Хашааны гадна талд хоёр том дуган, баруун талд нь том цагаан суварга байсан гэдэг.
Онгийн хийдийг тойроод эргэн тойрон ууланд 5 тахилгатай овоо өдгөө үлдсэн байх бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Мөн хийдийн туурины зүүн захад “ходоодны рашаан” байх бөгөөд түүнийг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр болгон худаг байгуулжээ.
2001 онд Онгийн хийдийн туурины дэргэд гэр музей байгуулжээ. Гэр музей шавь Барь лам Дамцагдоржийн зохиосон 21 боть “Сүмбум” хэмээх судар байхаас гадна өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагай намжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм, монгол жинлүүр, туухай, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэлүүд гэх мэт зүйлийг дэлгэн үзүүлжээ.
Онгийн хийдийн дэргэд Онгийн нууц, Онги энерги, Сайханговь, Онгийн хийд зэрэг жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг.