ЗАВХАН: Эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө өгч байна

0

Завхан аймгийн эмнэлгүүд эмийн зохистой хэрэглээний талаарх таван алхмыг баримтлан эмнэлгийн мэргэжилтний дэмжлэгтэйгээр эмтэй холбоотой алдаа гарахаас сэргийлж, аюулгүй байдлаа хамгаалахыг иргэдэд зөвлөж байна.

Эмнэлэгийн байгууллага, эрүүл мэндийн төвийн эмч нар үйлчлүүлж байгаа иргэдэдээ эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголт, зөвлөгөөг өгдөг. Гэсэн хэдий ч иргэд эмчийн зөвшөөрөлгүй, эмчид үзүүлэхээсээ өмнө эмийг дур мэдэж хэрэглэх хандлага их байна.

Учир нь иргэд ямарваа нэгэн өвчний үед эмийг дур мэдэн хэрэглэж, эмийн хордлогод орох. Эмчийн зөвлөгөөгүйгээр эм хэрэглэснээс болж өвчнөө даамжруулж ирэх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тиймээс иргэдэд эмийн зохистой хэрэглээг таниулах, зөвхөн эмчийн заавраар эмийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаарх нөлөөллийн ажлыг хийж байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар эмнэлгээр үйлчлүүлсэн 10 иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хохирох эрсдэлтэй ба үүний талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой юм. Дэлхийн хэмжээнд эмийн эмчилгээтэй холбоотой урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдлууд үйлчлүүлэгчдэд учирч болох хохирлын нэлээдгүй хувийг эзэлж байна.

Иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх дараах таван алхмыг зөвлөж байна.

Нэгдүгээрт эм хэрэглэхийн өмнө: Та уух эмийнхээ нэр, үйлчилгээ, хугацааг сайтар нягталж, эмийн гаж нөлөө болон хэрхэн зөв хадгалах талаар мэдлэгтэй байгаарай.

Хоёрдугаарт эм хэрэглэх үед: Та эмээ хэзээ, ямар тун хэмжээгээр хэрэглэх болон хэрэглэх үед гаж нөлөө илэрвэл хэнд хандаж ямар арга хэмжээ авах талаар мэдлэгтэй байгаарай.

Гуравдугаарт нэмэлт эм хэрэглэх үед: Та зайлшгүй нэмж эм хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа бол тухайн эмээ одоо хэрэглэдэг бусад эмтэйгээ зохицох эсэхийг нягталж асуугаарай.

Дөрөвдүгээрт хэрэглэж байгаа эмээ хянах үед: Та хэрэглэж байгаа эм тус бүрээ хэр удаан хэрэглэх болон хэрэглэх шаардлагагүй болсон эмийг үргэлжлүүлэн хэрэглэх эсэхээ хянаарай.  

Тавдугаарт эмийн хэрэглээг зогсоох үед: Та хэрэглэж байгаа эмээ хэзээ зогсоох болон эмийн гаж нөлөөнөөс болж хэрэглэхээ болих, эм дуусвал хэнд хандах талаар мэдлэгтэй болоорой. Гэсэн эдгээр таван алхмыг заавал мэддэг байх. Эмийг зөвхөн эмчийн заавар жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна гэж Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Завхан аймгийн тухайд эм ханган нийлүүлэх байгууллага, эргэлтийн болон эмийн сан гээд нийт 60 орчим эмийн байгууллагад 150 гаруй эм зүйч, эм найруулагч, ажилтнууд ажиллаж байна.

Эдгээр байгууллагууд нь иргэдэд эмийн нөлөө, зов зохистой хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг тогтмол  өгдөг. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу иргэдэд эмийг олгож байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад эрүүл мэндийн даатгалаас 30-100 хувь хөнгөлөлттэй олгодог 590 төрлийн эм байна. Монгол Улсын Засгийн газраас Швейцарын Засгийн газартай гэрээ байгуулж, эмийн хатуу зохицуулалттай орнуудаас хамгийн их хэрэглэгддэг 24 төрлийн эмийг нэг долларын үнээр иргэдэд хүргэх “Новартс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 100 хувь үнэгүй олгогдож байгаа 10 нэр төрлийн эм байна гэж Завхан аймаг дахь Эм холбооны тэргүүн, эм зүйч Ш.Тодгэрэл мэдээлэв.

Сонирхуулахад “Монос Завхан” ХХК нь энэ жил эмийн сангаараа үйлчлүүлсэн 2100 гаруй иргэний дунд судалгаа явуулжээ.

Судалгааны дүнд үйлчлүүлэгчдийн 40 орчим хувь нь эмчийн бичсэн жороор үйлчлүүлсэн бол 60  хувь нь жоргүй өөрсдийн дураар эмийн санчаас зөвлөгөө авч эм авдагийг тогтоожээ.

Хөдөө орон нутгийн иргэд эмчийн бичсэн жороос гадна дур мэдэн эм авах хандлага их байдаг бөгөөд эмийн хоорондын зохистой харьцаа, хэрэглээг мэддэггүй, эмийг жоргүй олгохыг танимхайран шаарддаг гэх зэрэг асуудлыг гаргах нь элбэг  байдаг.

Тиймээс үйлчлүүлэгч, иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэн эмийн зөв зохистой харьцаа, антибиотикийн хэрэглээг бууруулах зорилгоор иргэдэд зөвхөн эмийн жороор үйлчлэх, зөвлөгөө өгөх ажлыг тус эмийн сан тогтмол хийдэг байна. 

Иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх зөвлөгөөг эмийн сангуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулж хүргэдэг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *