ЗӨСҮТ: Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн /ТТЭСЭШХ/, Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц /ТТЭСС/-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт 8 дахь жилдээ 2024 оны долоодугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Тэгвэл судалгааны талаар ЗӨСҮТ-өөс,
“Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12.0 хувь буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоолоо.
Тандалт судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга А.Камелият, Онцгой комиссын гишүүдэд эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн хамт ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн Биологийн ШУ-ны Доктор В.М.Корзун, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа” гэх мэдээллийг өглөө.