“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв
Экс Ерөнхий сайд С.Баяр цахим сүлжээний “Икс” платформ дээр 2024 оны 8 дугаар сарын 11-нд эл зургийг тавьжээ. Тэрбээр үүндээ “Ингэж нэг чуулав. “Эвийн эхэнд тос, эвдрэлийн адагт цус. Төрийн хэргийг ганцаар бүү шийд, харийн аянд ганцаар бүү морд”. Инжинаш. Эзэн Богд Чингис хааны 27 дугаар үеийн үр, Монгол түмний Их бичгийг түгээгч эрхэм” хэмээх тайлбар зүүжээ.
Зурагт Монгол төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан, одоо хашиж буй 22 эрхэм байна. Давхардсан тоогоор Монголын таван Ерөнхийлөгч, УИХ-ын 11 дарга, 11 Ерөнхий сайд байх ажээ.
Экс Ерөнхийлөгч П.Очирбат /1992-1997/, Н.Багабанди /1997-2005/, Н.Энхбаяр /2005-2009/, Х.Баттулга /2017-2021/, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын экс дарга гэвэл Р.Гончигдорж /1990-1992, 1996-2000/, Н.Багабанди /1992-1996/, С.Төмөр-Очир /2001-2004/, Н.Энхбаяр /2004-2005/, Ц.Нямдорж /2005-2007/, Д.Лүндээжанцан /2007-2008/, Д.Дэмбэрэл /2008-2012/, З.Энхболд /2012-2016/, М.Энхболд /2016-2019/, Г.Занданшатар /2019-2024/, УИХ-ын одоогийн дарга Д.Амарбаясгалан, экс Ерөнхий сайд нараас Д.Содном /194-1990/, Ш.Гунгаадорж /1990.3-1990.9/, Д.Бямбасүрэн /1990-1992/, М.Энхсайхан /1996-1998/, Р.Амаржаргал /1999-2000/, Н.Энхбаяр /2000-2004/, М.Энхболд /2006-2007/, С.Баяр /2007-2009/, Ж.Эрдэнэбат /2016-2017/, У.Хүрэлсүх /2017-2021/, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар байна.
Харин экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж /2009-2017 онд Ерөнхийлөгч, 1998.4-1998.12, 2004-2006 онд Ерөнхий сайд/, экс Ерөнхий сайд Сү.Батболд /2009-2012/, Н.Алтанхуяг /2012-2014/, Ч.Сайханбилэг /2014-2016/ нар алга.
Эл зургийг 2024 оны 8 дугаар сарын 10-нд Их Тэнгэрт авчээ.Тэд зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар цугласан байна.
Уг нь урьд өмнө үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус тусдаа уулзалдаж ирсэн уламжлал бол бий.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь 2022 оны 5 дугаар сарын 9-нд үе үеийн Ерөнхийлөгч нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзаж байсан. Тэр уулзалтад П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын өмнөх таван Ерөнхийлөгч тавуулаа очиж байв. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг ҮАБЗ-ийн дэргэд байгуулах нь зүйтэй” гэдэгт санал нэгдсэн байдаг.
Мөн 2020 онд УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарын “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулж байв. “Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм” гэж Г.Занданшатар тодорхойлдог. Анхны уулзалт нь тэр жил болж, дараагийнх нь 2022 оны 7 дугаар сард болсон байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас 2021 оны 11 дүгээр сард үе үеийн Ерөнхий сайд нартай уулзаж байв. Тэндээс Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл” байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болж байжээ. Ерөнхий сайд нар дараа нь 2023 оны 4 дүгээр сард цуглаж цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцож байжээ.
Харин энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг цуглуулж уулзсаны зорилго нь Монгол Улсын анхны Үндсэн хуулийн 100 жилийн ойтой холбоотой байжээ.
Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг 1924 оны 9 дүгээр сарын 23-нд байгуулж, Үндсэн хуулийг батлах Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлсэн. Улмаар Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцож, анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан түүхтэй.
Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 22 хүн Үндсэн хуулийн талаар ярилцаж, санал бодлоо хэлцгээжээ. Зарим нэг санал ч гарчээ. Тухайлбал, экс Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын экс дарга Д.Дэмбэрэл, экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарын зүгээс “Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр …зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг өөрчлөлтийг 2019 онд хийсэн нь буруу юм биш үү. Зөвхөн нэг удаа гэснийг янзалбал яасан юм бэ. Ер нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч ихээхэн хумигдсан, нэмэгдүүлбэл зөв байх” гэсэн саналуудыг гаргасан байна.
Тэгэхээр энэ уулзалтын дараа экс Ерөнхий сайд С.Баярын “Икс” дээр гаргаж тавьсан зураг, түүний “Эвийн эхэнд тос, эвдрэлийн адагт цус. Төрийн хэргийг ганцаар бүү шийд, харийн аянд ганцаар бүү морд. Инжинаш” хэмээсэн нь зүгээр нэг зургийн тайлбар биш бололтой. Энэ сэдэв цааш үргэлжилж яригдах нь тодорхой болж байх шиг байна.