Дэлхийн эмэгтэйчүүд “Ногоон ирээдүйн төлөө” Улаанбаатарт чуулна

0

 Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаагаа Дэлхий дахинаа дахин нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран Улаанбаатар хотод 8 дугаар сарын 22–23-нд зохион байгуулах гэж байна.

Форумын үндсэн хэсэг дараах хурлаас бүрдэнэ.

  1. Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид (НҮБ-ын Эмэгтэйчүүд, UNEP)
  2. Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг (ХХААБ, ОУХМ, ДЭМБ)
  3. Жендэрийн тэгш эдийн засаг (НҮБХХ)
  4. Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө (ЮНИСЕФ, НҮБ-ын Хүн амын сан)
  5. Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал (ЮНЕСКО)
  6. Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НҮБ-ын ESSCAP)

Энэ форумд олон улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүнүүд, НҮБ-ын сайн санааны элч нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцоно. Тэд уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг Дэлхий нийтэд ойлгуулахыг зорьж байна. 

Дэлхийн хаана ч шударга, хүртээмжтэй, энх тайван, амар амгалан нийгмийг бий болгоход эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн эрх тэгш байдал чухал. Нөгөөтэйгүүр энэ нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэх гол хэсэг юм. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан “Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа аж. Жендэрийн статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *