Сэтгүүлч Б.Анхбаяраас мэдүүлэг авч байх үеэр оргон зугтжээ
Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл тус хэргийг шалгаж буй байцаагч өнөөдөр холбогдох газруудын зөвшөөрөлтэйгээр сэтгүүлч Б.Анхбаярыг хорих ангиас авч явжээ.
Энэ талаар ЦЕГ-аас “Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яллагдагч Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бөгөөд 2023.03.27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар гэмт хэрэгт давхар шалгаж байна” хэмээжээ.
Эл үйлдлийг тус сайтын эрхлэгч Л.Баяржаргал “Танихгүй дугааруудаас залгаж надтай л уулзмаар байна гээд байсан. Манай Оргил сэтгүүлч намайг уулзаж болохгүй гээд миний өмнөөс очоод уулзтал Эрүүгийн цагдаа нар хэдхэн алхмын зайтай харж сууж байгаад ирээд бариад явлаа. Явахдаа утсаар цагаан цагаан гэж хэлсэн… Энэ нь би уулзаагүйг илтгэх пролл гэж ойлгож байна. Анхбаярын оргуулж надтай уулзуулж намайг барьж хорих гэж оролдсон оролдлого гэж хардлаа” гэж байр сууриа илэрхийлсэн байна.