АИ92 шатахуун тасалдсан уу?
АИ92 бензин олдохгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд өнгөрсөн амралтын өдрүүдэд гарч байлаа.
Тус бензиний нөөц хэр байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн тав дахь өдөр гаргасан компаниудын мэдээллээс харахад 10-20 хоногийн нөөцтэй байсан. Бензин байхгүй гэх асуудлаар тухайн компаниудаас асуусан нь дээр байх. Манайд ирүүлсэн тоон мэдээллээр компаниуд нөөцтэй байгаа. Бусад шатахуунуудын нийлүүлэлт улсын хэмжээнд хэвийн байгаа” хэмээн ярив.
Харин “Петровис” ХХК, “Тэс петролиум” ХХК-аас тодруулахад “Ерөнхийдөө шатахууны нөөц хэвийн байгаа. Түгээлт ч хэвийн олгогдож байна” гэв.
Тэгвэл “Шунхлай” ХХК “Хүмүүс хэт их ачаалал өгсөн учраас тухайн станцын өдрийнх нь нөөц дууссан. Нөөц нь дууссан ШТС-уудад агуулахаас шатахуун ачиж өгөөд тухайн өдрийнхөө орлогоо авахад 2-3 цаг шаардагддаг. Гэхдээ бүх шатахууны нөөц хэвийн байгаа” хэмээн тайлбарлалаа.
Мөн УУХҮЯ-аас тодруулахад “Улсын хэмжээнд нөөц хэвийн байгаа. Шатахуун хомсдох, тасалдах эрсдэл байхгүй” гэх хариултыг өгөв.