Л.Энх-Амгалан: Цалингийн сангаас гурав хүртэлх хувийг ахмадын санд төвлөрүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.16/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчлэлийн тухай дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Хууль батлах нэг өөр. Хуулийг хэрэгжүүлэх улс төрийн зориг, эдийн засгийн чадавх сэтгэлгээ хандлага байна уу гэдэг асуудал бий.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль бол муу хууль биш. Хамгийн гол нь хэрэгжээгүй. Хэрэгжүүлэх дээр санхүүжилтийн эх үүсвэрийг тавиагүй.
Ахмад настны тухай хуулинд цалингийн сангийн 3 хүртэлх хувийг ахмадын санд төвлөрүүлнэ гэсэн заалт орсон. Бид хуулинд үүрэгжүүлсэн заалт хийхдээ тооцоо, судалгаа нотолгоогүйгээр хандаж, нийгэмд хүлээлт үүсгэчихдэг.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа цалингийн санг авч үзвэл Монголд нийт 20 их наядын цалингийн сан бий. 20 их наядаас 3 хувь гэвэл 600 тэрбум төгрөгийн цалингийн сан үүсгэх ёстой гэсэн хууль батласан. Тэгэхээр жил бүхэн 0.5 эсвэл 1 хувиар бүрдүүлээд явах уу гэдэг тооцоо судалгаа гаргана.
Үүнийг ахмадуудад хүлээлт үүсгэхгүй, үе шаттайгаар шийдэхээр Сангийн яамтай хамтран тооцоо судалгаа хийж байна” гэв.