МОНГОЛ УЛСАД АЗИЙН БЕТОНЫ ХОЛБООНЫ Х ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Азийн Бетоны Холбооны Х хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Азийн бетоны холбооны гишүүн 12 орны 170 гаруй төлөөлөгчид оролцож, бетоны чанар, орчин үеийн дэвшилтэт технологиудыг хэлэлцэж байна.
Азийн Бетоны Холбооны Х хурлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нээж, үг хэллээ. Тэрбээр: Барилга барих үйл ажиллагаа ногоон хөгжлийн бодлогод нийцсэн, нөөцийн хэмнэлттэй, байгаль орчин, хүний эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй байх ёстойг тэмдэглээд тэр дундаа барилгын үндсэн хийц болох бетон, түүхий эд болох цемент нь стандартын шаардлагад нийцсэн, чанартай байх хэрэгтэйг онцлов.
Монгол Улсад олон улсын судлаачид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, мэргэжилтнүүд цуглаж, барилгын салбарын онцгой чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, дэвшилтэт үйл ажиллагаануудынхаа талаар хэлэлцэж байгаад салбарын сайд бахархаж байгаагаа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Азийн Бетоны Холбоо /ACF/, Монголын Бетоны Холбоо /MCA/ болон ШУТИС хамтран Монгол улсад зохион байгуулж буй Азийн бетоны холбооны X хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Геополимер бетон,
Химийн нэмэлт материал,
CO2 эрдэсжилттэй болон 3D өнгөлгөөний бетон,
Шинэ цементэн материал болон бетоны нэмэлт материал,
Шүүрдэг бетон ба туршилтын аргууд алгоритм,
Бетоны насжилт,
Бүтээцийн төлөвлөлт, ашиглалтын хугацааны менежмент
гэсэн 7 салбарын хүрээнд судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа хэлэлцүүлж байна.