О.Хангай аваргын дүү О.Тамир: Ашиг гэхээсээ илүү аавынхаа хөдөлмөрийн үр шимийг намар болгон ард түмэндээ амтлуулдаг нь л сайхан
Намрын эхэн сар шувтрах дөхөж байна. Энэ үе бол тариаланчдын хувьд онцгой цаг. Хавар, зуны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, тарьсан ногоо, ургуулсан жимсээ хураан авна. Нийслэл хотод байгаа ихэнх хүнсний зах, худалдааны төвүүдэд шинэ ургацын жимс, ногоо лангуу дүүрэн зарагдаж байна. Мөн нутаг нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийнхээ гарт хүрсээр байгаа. Тэр дундаа Ховд нутгийн брэнд жимс тарвасыг 1500 км-ийн алсаас Улаанбаатар хотыг зорин ирж борлуулдаг олон хүмүүс бий.
Тэгвэл энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа бид Ховдын тарвасыг намар болгон Улаанбаатар хотод авчирч нийслэлчүүдэд амтлуулдаг Монгол Улсын аварга О.Хангайгийн тарвас борлуулж байгаа цэгээс бэлтгэлээ. Бидний сайн мэдэхээр Сансарын ШТС-ын чанх урд амтат гуаны өнгөтэй ачааны том автомашин зогсож байна. Энд О.Хангай аварга аавынхаа тарьсан тарвасыг ачин ирж саяхнаас зарж байгаа аж.
Тарвас ачсан автомашины хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нааш цааш холхиж, шуудайтай тарвасаа эргүүлж тойруулан, зарим шуудайнаас ганц, хоёр бондгор тарвас гарган ирж, жинлээд хүмүүст зарж байв. Биднийг очиход эмэгтэй нь мэнд асууж, төмөр саваар дүүрэн зүссэн тарваснаасаа амсууллаа. Амт гэж ёстой ванлий. Шүүслэг, чихэрлэг амттай. Нэг зүсмийг идээд л өөрийнх эрхгүй дахиад нэгийг гартаа барьчихсан зогсоно. Тарвасаа амтлах зуураа ямар учиртай яваагаа хэллээ. Бидэнд тарвас өгсөн энэ залуухан эмэгтэй О.Хангай аваргын төрсөн дүү ажээ. Харин цаана шуудайтай тарвас өргөн зогсож байсан залуу аваргын хүргэн нь гэв. Танилцаад аварга хэзээ ирэхийг асуулаа. Аваргын дүү “Ах хөдөө явж байгаа. Бид хоёр аавынхаа тарвасыг зараад зогсож байна” гэлээ. Бид хэдийг танилцах зуур хэд хэдэн хүн ирсний ихэнх нь “Энэ О.Хангай аваргын тарвас мөн үү. Фэйсбүүк дээр тавьсан зарыг хараад ирлээ.
“Тарвас авъя” гэх зэргээр асууж байв. Авто зам дагуу зогсон зарж байгаа болохоор замаар өнгөрсөн хүмүүс “Хаанахын тарвас вэ” гэж асууна. Хариуд нь хүргэн нь “Ховдын Буянтынх. О.Хангай аваргын тарвас шүү” гэж байна. Үүнээс харахад хэдэн арван тонны даацтай энэ том автомашинд ачсан тарвас хэдхэн хоноод л дуусах бололтой.
УРДААС ОРЖ ИРДЭГ БОРДООТОЙ, ХЭЗЭЭ Ч МУУДДАГГҮЙ ТАРВАСЫГ ЮУ Ч БОЛООГҮЙ ИДДЭГ АТЛАА ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД УРГАСАН, ХҮНСЭЭ ХЭРЭГЛЭХДЭЭ АМ МУУТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
-Танайх хэдэн жил тарвас тарьж байгаа вэ. Мэдээж сумын төвөөсөө холгүйхэн тарьдаг байлгүй?
-Ах маань одоо 34 настай гэхээр манайх бараг 30 орчим жил тарвас тарьсан юм уу даа. Аав маань Ховд аймгийн Буянт сумаас холгүйхэн байдаг Захын гуу хэмээх үржил шимтэй сайхан газар тарьсаар ирсэн.
-Анх тарвасаа өөрсдийнхөө хэрэглээнд зориулж тарьж байсан байх. Яваандаа хаана эхэлж борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж байсан бол оо?
-Тэгэлгүй яах вэ. Анх бид өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж тарьдаг байсан гэдэг. Улмаар том талбайд тарьдаг болж, ахиу ургац авдаг болсноор сумандаа болон аймаг руу оруулж зардаг болсон. Манай тарвас хэзээний л амт, чанар сайтай гэдгээрээ нутгийнхандаа танигдсан болохоор зарж, борлуулахад хүн авахгүй гэсэн асуудал огт байгаагүй.
-Хэзээнээс Улаанбаатарт борлуулах болсон юм бэ?
-Удаагүй байх аа. Сүүлийн таван жил л намар болгон тогтмол оруулж ирж борлуулдаг болсон доо.
-Одоо нийслэлчүүд ч гэсэн “О.Хангай аваргын тарвас” гэдгийг андахгүй мэддэг боллоо шүү дээ. Намарт ер нь хэчнээн хэмжээний тарвас авчирж зарж байна вэ?
-Манайх хот руу оруулж ирж зарж байгаа нь жилд дунджаар 20-30 тонныг л авчирдаг. Энэ жилийн тухайд гэвэл бид 25 тонн тарвастай ирсэн. Хэд хоногийн өмнө ТЭЦ-IV дээр зогсоод 10 гаруй тонныг зараад дууссан. Харин саяхан энд ирээд үлдсэн тарвасаа зарж байна. Манайх тарвасаа энэ сарын эхээр хурааж авсан. Тэгээд наймдугаар сарын 10-ны үеэр хот руу оруулж ирсэн дээ.
-Тарвасны сорт, үр янз бүр байдаг байх. Танайх тарьдаг үр, сорт нь ямар байдаг вэ?
-Болц, хоногоосоо шалтгаалаад мэдээж маш олон төрөл бий. Тэр дундаас манайх хар ногоон өнгийн тарвасыг голцуу тарьдаг. Энэ бол улаан бухт гэдэг үр, сорт. Яагаад энэ сортыг тарьдаг гэхээр хэд, хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, зузаан бат бөх хальстай учраас хол замд тээврийн ачлага сайн даадаг. Мөн амттай, шүүслэг байдаг.
-Хэдий үеэс үрээ суулгаад ямар хугацаанд гүйцэт болоод хурааж авдаг юм бол?
-Манайх хавар тавдугаар сарын сүүлээр буюу 20-д гаргаад л үрээ суулгадаг. Ингээд намар наймдугаар сарын эхээр буюу 10-ны үеэр ургацаа хураадаг. Аав маань 30 гаруй жилийн өмнөөс л тарвас тарьж эхэлсэн. Тэр үетэй өнөө үеийг харьцуулбал тарвас тарих технологи, арга барил илүү сайн хөгжсөн. Тухайлбал, хүлэмжинд үрслэгээгээ хийгээд ургуулдаг. Бага зэрэг навч ургасных нь дараа хөрсөнд нь суулгадаг. Ийм аргаар тарвас тарихаар болц нь хурдан явагддаг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү арга технологиор тарьсан тарвас намар эрт ургацаа өгдөг. Үүнийг зарим хүмүүс янз бүрийн бордоо хэрэглээд эрт ургацаа авч зараад байна гэж ойлгодог. Үнэндээ тийм биш. Энэ бол маш буруу ойлголт. Эрт хураах эсэх нь бордоотой хамаагүй. Цэвэр тариаланчдын хөдөлмөр, тарьж буй арга, технологиос хамааралтай. Тарвасаа ер нь халуунд сайн ургадаг. Тиймээс хүлэмжинд тарихаар эрт ургацаа өгнө гэсэн үг.
-Танайх энэ жил хүлэмжинд тарьсан уу, эсвэл задгай талбайд тарьсан уу?
-Манайх ил талбайд тарьсан.
-Энэ жилийн тухайд Ховдын тарвасны амт чанар ямар байна. Жил болгон өөр өөр амттай гардаг гэж байсан?
-Энэ жилийн хувьд манай нутгийн тарвас маш их шүүслэг, амттай гарсан. Нэг асуудал энэ жилийн ургац хураалтад нөлөөлсөн гэсэн. Тэр нь зарим талбай, зарим газраар наадмын үеэр хүчтэй мөндөрт цохиулсан. Буянт суманд олон газар олон хүмүүс тариалалт хийж байгаа. Зарим газар нь мөндөр маш хүчтэй ороод тарьсан тарвас нь гадна талаараа нэлээд их цоохор, цайвар өнгөтэй болсон. Үүнээс болоод Ховдын тарвас энэ жил бордоотой байна гэж буруу ойлгосон хүмүүс их байсан. Энэ бол тийм биш. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж зарим хүмүүс тарвасаа ийм болгосон нь тэр хүмүүсийн буруу огт биш шүү дээ.
-Эдийн засаг талаасаа тарвас борлуулах нь ашигтай байна уу?
-Ашигтай байж л жил болгон хот руу тарвас ачин оруулж ирдэг олон хүмүүс байгаа байх. Ер нь жил жилийнхээ ургацнаас л шалтгаалдаг болов уу. Зардлаа ямартай ч нөхдөг. Мэдээж тодорхой хэмжээний ашиг олдог. Гэхдээ бидний хувьд ашиг харж эсвэл ашгийн төлөө тарвасаа борлуулдаггүй. Ашигтай ажиллалаа гэж баярлахаасаа илүүтэйгээр 30 гаруй жил Ховдынхоо тарвасыг тарьж байгаа аавынхаа хөдөлмөрийн үр шимийг намар болгон ард түмэндээ амтлуулдаг нь л бидний хувьд хамгийн сайхан нь. Аав маань хэлдэг. “Хүн хөдөлмөрлөж л байвал юуны төлөө амьдарч байгаагаа ойлгоно” гэж. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийнхөө үр шимийг амтлах шиг сайхан зүйл хаана ч байхгүй юм болов уу гэж боддог. Энэ хөдөлмөрийн үр шимийг мөнгө, ашгаар үнэлэшгүй л дээ. Нөгөө талдаа Ховд нутгийн маань брэнд. Энэхүү брэндийг бид л өргөж явна. Улс даяараа Ховдын тарвас гэж магтан ярьдаг. Энэ сайхан хүндэтгэл, итгэлийг бид хөсөрдүүлэх ёсгүй. Харин ч улам баяжуулж, илүү сайныг, хамгийн чанартайг нь ард түмэндээ хүргэхийг зорьдог. Бас нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Урдаас орж ирдэг бордоотой, хэзээ ч мууддаггүй тарвасыг юу ч болоогүй иддэг атлаа эх орныхоо хөрсөнд ургасан, эко, эрүүл хүнсээ хэрэглэхдээ ам муутай байж болохгүй. Олон мянган тонн тарвасыг олон хүмүүс өөр өөрийн гэсэн арга барилаар тарьж, ургуулж байгаа. Энэ олон дунд сайнтай, муутай зүйл байна шүү дээ. Ховдынх гэхээр бүгд гоё амттай, чанартай байна гэж бодож болохгүй. Эсвэл ганц нэг хүмүүсийн тааруу ургацыг нийтээр нь муу юм шигээр ойлгох нь буруу л гэж боддог.
-Намрын ид ургац хураалтын үеэр эвсэл хавар тариалалтын үеэр аварга аавындаа очиж тус, дэм болдог байлгүй?
-Агаа тусалдаггүй юм өө (инээв). Гэхдээ ах маань хэдэн жилийн өмнө бол тусалдаг байсан. Одоо ч өөрөө завгүй учраас тэр болгон очоод тус хүргэх нь ховор л доо. Ахын хамгийн том тус бол зарж борлуулах, маркетинг талдаа шүү дээ. Хаана ч очоод зарахад “Аваргын тарвасыг авахаар ирлээ” гээд хүмүүс авдаг. Олон жил тасралтгүй авдаг хүмүүс ч байна. Тэр болгонд ард түмэндээ талархдаг даа. Ах даа бас баярладаг. Ааваараа бахархдаг.
-Цаашдын төлөвлөгөө зорилго юу байна. Автомашинтайгаа ачиж оруулж ирээд нэг газар олоод зараад байх уу. Эсвэл томхон дэлгүүр байгуулах бодолтой байна уу?
-Ховдынхоо брэнд болсон тарвас, хүнсний ногоо, төмс, лууван зэргийг зардаг дэлгүүртэй болох бодолтой явдаг. Тийм том дэлгүүр биш ээ. Энгийн, цомхон дэлгүүртэй болъё гэж бодож байгаа. Гэхдээ хэзээ гэдгийг нь би сайн мэдэхгүй. Яваандаа болох л байх. Ховдын тарвасаас гадна “Ховдын шар төмс байгаа юу” гэж хүмүүс их асуудаг.
-О.Хангай аварга та бүхэн хар багаасаа л тарвас идэж өссөн байх. Ер нь тарвасны ач тус гэвэл та юу хэлэх вэ?
-Өглөө босоод л тарвас иднэ. Өлөн элэг дээрээ. Ингээд тарвас зараад өдөржин зогсохдоо тарвасаа иднэ. Тарвасаа идсээр байгаад хоол идэхээ мартчихдаг. Ус, ундаа авч уудаггүй. Ууя ч гэж боддоггүй. Янз бүрийн чихэр ч иддэггүй. Тарвас хүний эрүүл мэндэд асар их тустай. Ходоод гэдэс цэвэрлэнэ, зүрх судасны өвчинд болон бөөрөнд сайн. Олон амин дэм өөртөө агуулдаг. Яриад байвал олон талын ач тустай. Цус цэвэршүүлнэ гээд. Бидний эрүүл саруул өссөн, эр бяртай байгаа нь аавын маань тарьж ургуулсан амин дэмтэй тарвасны л ач тус болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”