Г.Тэмүүлэн: Монгол Улс хоёр төсөвтэй болох эрсдэл үүсэж байна

0

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  Төсвийн тогтвортой байдал алдагдаж байгаа талаар өнөөдөр /2024.08.23/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна.

Иймд гадаад өр зээл, бондын сөрөг үр дагаврыг дутуу үнэлж алдаатай шийдвэр гаргахаас УИХ сэргийлж, тус хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах шаардлагатай байна. Тиймээс хувь хүнийхээ зүгээс  хүсэлт гаргалаа. Монгол Улс одоог хүртэл нэгдсэн нэг төсөвтэй байсан бол одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар хоёр төсөвтэй болох эрсдэл үүсээд байна.

Монгол Улсын төсөв, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хууль болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж тус хуулийн үндсэн суурь зарчим, агуулгыг нь алдагдуулж, хяналт тавих, хязгаарлах боломжийг хааж байна.

Тодруулбал, тус хуульд Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй болгож байна.

Тухайлбал, төсвийн зардал ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгийн газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт  эрсдэл учруулахаар байна. 

Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, иргэдийн оролцоог бий болгох үүднээс 2023 онд УИХ-аар батлуулсан зохицуулалтуудыг сууриар нь өөрчилж төсвийн ил тод байдал, иргэдийн төсвийн төсөлтэй танилцах, мэдээлжих эрхүүдийг хязгаарлана. 2023 он батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн төслийг Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барисныг өөрчлөн, аравдугаар сар хүртэл олон нийт болон УИХ ирэх оныхоо төсөвтэй бүрэн танилцах байсныг өөрчилж, татвар төлөгчдийн төсөвтэй танилцах эрхийг хааж, хугацаагаар шахах зохицуулалтуудыг хийсэн байна.

Үүний сөрөг үр дагавар нь нэгдсэн төсөв, нэгдсэн төсвийн алдагдал гэх ойлголт байхгүй болно, Засгийн газрын өрийн хэмжээ болон эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.

Төсвийн хэт тэлэлт бий болж, өрийн дарамт үүсэх бөгөөд улмаар төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болж, төгрөгийн ханшийн сулралт, инфляц нэмэгдэх эрсдэл үүснэ.

Урт, дунд хугацаанд дефольт болж улс дампуурах эрсдэл үүснэ. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлт учир ус хуулийн хулгайг УИХ буцаана гэж найдаж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *