Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ

0

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 07-ны өдрийн “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтын бүрэлдэхүүн 18500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 10 ширхэг тарваганы нойтон мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна. Хяналт шалгалт 2024 оны аравдугаар сарын 15-ыг дуустал үргэлжилнэ.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Дээрх НЗД-ын захирамж наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх  хугацаанд Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдал, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт явуулж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 ширхэг тарваганы мах илрүүлж, хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав “ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна гэх мэдээлэл гарсан. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдэж 9 хүн нас барсан” гэдгийг хэлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *