Д.Тунгалаг: Багш мэргэжлээр суралцагчдын ёс зүйн төлөвшил, хүний эрхийн мэдрэмжийг нь шалгаж элсүүлдэг болъё
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай багш мэргэжлийн үнэ цэн, үнэлэмж буурч байгаа шалтгаан, багш бэлтгэх тогтолцоо болон багш нарын чанарыг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.-Багш мэргэжлийн үнэ цэн, үнэлэмж буурч байгаад нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна вэ?-Багшийн нэр хүнд, үнэлэмжид нөлөөлж байгаа наад захын хэд хэдэн хүчин зүйл байна. Жишээ нь Монголын дийлэнх хүмүүс сошиал медиа хэрэглэж байна. Багш хүүхэд зодож байгааг ч юм уу, муухай авирлаж байгааг лайваар харуулж байна. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байна.Мөн цалингийн асуудал нөлөөлж байгааг хүн болгон мэддэг. Цалин хөлсийг дэлхийн практикт дээд боловсрол, дөрвөн жилийн бакалаврын зэрэг эзэмшиж байгаа хүмүүс ижил түвшний цалин авах ёстой гэж үздэг. Гэтэл барилгын инженер, эмч, уул уурхайн инженер гэх мэтчилэн адилхан бакалаврын түвшинтэй хүмүүсийн цалингаас багшийн цалин хоцрогдоод байдаг. Статистикийн цалингийн мэдээллийг харвал багшийн цалин хамаагүй доогуур байгаа дүр зураг харагдана.Дээрээс нь хүний тухайн мэргэжлийг сонгох эсэх нь тухайн мэргэжлийн ажиллах орчинтой холбоотой. Гэтэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд багш хүн болгон өөрийн гэсэн ширээтэй байх боломжтой ч ихэнх сургуульд алга. Багш хүн өөрийн компьютертой, номын шүүгээтэй, хичээлээ бэлдэхэд ажлын байран дээрээ сууж ажиллах таатай нөхцөл байхгүй гэх мэтчилэн орчин нөхцөлийн асуудал бий. Түүнчлэн, багш ажлаа хийх хэрэглэгдэхүүн, хэрэгслээр хангагдсан байх ёстой. Гэвч сургалтын хэрэглэгдэхүүнээ өөрөө худалдаж авч байна. Ийм байхад хэн багш болохыг хүсэх вэ.Түүнчлэн, жендерийн хүчин зүйл бас нөлөөлж байна. Учир нь, Монголын нийгэм жендерийн хувьд хүүхдийг асран халамжлах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх бол эмэгтэй хүний үүрэг гэсэн хэвшмэл үзэл ойлголттой. Тэгэхээр багшийн мэргэжил эмэгтэй хүнд л таарна, эрэгтэй хүнд таарах мэргэжил биш гэж үздэг. Тэгээд он удаан жил ингээд явахаар одоо ерөнхий боловсролын түвшинд 70-80 хувь нь эмэгтэй багш нар болж байгаа юм. Бага боловсрол, сургуулийн өмнөх түвшинд байхгүй. Дээд боловсролд ч гэсэн бараг 50, 50 хувьтай болоод байна. Тэгэхээр багшлах мэргэжил чинь эмэгтэйчүүд давамгайлахаар цалингийн түвшин өсдөггүй чиг хандлага дэлхий даяар байна. Үүний цаана жендерийн хэвшмэл ойлголт дахиад байгаа. Тухайлбал, эрэгтэй хүн өрх гэрээ тэжээх хэмжээний өндөр цалин авах ёстой. Тэгэх юм бол эрэгтэй хүний ажиллаж байгаа мэргэжлийн цалин өндөр байх ёстой. Тэгвэл нэгэнт багшлах мэргэжил чинь эмэгтэй хүний ажил юм бол цалин өндөр байх ямар шаардлагатай юм бэ гэсэн жендерийн хэвшмэл ойлголтууд багшийн нэр хүнд, үнэлэмжийг муутгахад нөлөөлдөг гэсэн судалгаанууд байдаг.-Багшийн үнэ цэн, үнэлэмж буурч байгаа эргээд боловсролын салбарын ерөнхий бодлоготой холбоотой юу. Та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?-Багшийн үнэ цэн, үнэлэмж буурч байгаа суурь шалтгаан нь боловсролын тогтолцоо, бодлогын асуудал мөн. Хэрэв бид боловсролын тогтоолцоо, бодлогыг багцлаад авч үзвэл боловсролын хүртээмж, эрх тэгш байдал, чанарын асуудал яригдана. Өнөөдрийг болтол Монгол Улс боловсролын хүртээмждээ илүү анхаараад чанараа орхигдуулсан. Боловсролын чанарт нөлөөлдөг хэд, хэдэн хүчин зүйлээс хамгийн их нөлөөтэй нь багшийн чанар, багш бэлтгэгдсэн байдал юм. Багш бэлтгэх асуудал орхигдохоор чанаргүй багш бэлтгэгдэж байна гэсэн үг. Чанаргүй багш эцэг, эх, хүүхэд, ах, эгч, өвөө, эмээ гээд нийгэмд илүү мэдрэгддэг. Жишээлбэл, “Энэ багш ямар чадвар муутай юм бэ, мэргэжлийн бэлтгэл муутай юм. Заах гэж байгаа хичээлээ мэддэггүй юм байна шүү дээ. Энэ багш ямар ёс зүйгүй юм бэ” гэх мэтчилэн багшийг голж эхэлдэг. Тэгэхээр багшийн нэр хүнд, үнэлэмж муу болоод байна.Чанаргүй багш бэлтгэгдээд байна гэдэг нь багшийн сургуульд элсэж байгаа элсэгчдийн чанар, багш бэлтгэж байгаа их дээд сургуулиудын хөтөлбөрийн асуудал, багш бэлтгэх сургуульд багшилж байгаа багш нарын чанар зэргээс хамаарна. Энэ нь цаанаа багш бэлтгэх, багшийн талаар баримтлах бодлого Монгол Улсад байна уу гэдэг цэг рүү очно. Өмнө нь багшийг чанартай бэлдэхийн тулд төрийн өмчийн их дээд сургуулиудад бэлддэг байсан. Гэтэл хувийн их, дээд сургуулиудад багш бэлтгэх хөтөлбөрийг оруулах шийдвэрийг хэн нэгэн сайд гаргасан. Магадгүй хувийн их, дээд сургуулиудын лобби орчихож байгаа юм. Хувийн их, дээд сургуульд бэлтгэж байгаа багш нарын чанар асар муу байгаа нь батлагдсан. Тодруулбал, өмнөх боловсролын сайд Л.Энх-Амгалан хувийн их дээд сургуулиудын багш бэлтгэх хөтөлбөрт суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр курсийн оюутнаас шалгалт аваад, тогтоосон. Тэнд чанарын, хөтөлбөрийн, хичээл зааж байгаа багш нарын гэх мэт ямар ч боловсролын хяналт, шалгалт байхгүй учраас чанаргүй багш бэлтгэж байна гэсэн үг. Үүнийг засахын тулд боловсролын хууль шинэчлэгдээд “Багш бэлтгэх хөтөлбөр заавал магадлан итгэмжлэгдсэн байна” гэдэг ч юм уу чанар, стандартыг барих оролдлогууд хийж байгаа. Гэхдээ эцсийн эцэст боловсролын байгууллагын чанарыг хяная гэвэл өдөр тутмын хяналт хэрэгтэй. Өдөр тутмын сургалтын үйл процесст явцын болон байнгын чанарын хяналт байхгүйгээр нэгдүгээр курс төгссөнийх нь дараа шалгалт аваад нэмэргүй. Бүтэн жил алдаж байгаа гэсэн үг. Дөрөвдүгээр курс төгсөхөд нь ч шалгалт аваад нэмэргүй. Тэгэхээр энэ хүчин зүйл нөлөөлж байна.-Тэгвэл багш бэлтгэх тогтолцоогоо хэрхэн сайжруулах хэрэгтэй вэ?-Багшийг оноо гэхээсээ илүү ёс зүй төлөвшлийн шаардлага тавьж элсүүлээсэй гэж боддог. Бусад улсад ч тийм туршлага байдаг. Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхэдтэй ярилцлага заавал хийдэг. Өөрөөр хэлбэл, тэр хүнд бид нялх балчир хүүхдээ даатгаж өгөх гээд байна. Мэргэжлийн сэтгэл зүйч, сургалт, судалгааны мэргэжилтнүүд, олон жил сургуулийн захирал хийсэн хүмүүсээр баг бүрдүүлээд ярилцлагад оруулах хэрэгтэй. Мэдлэг, боловсролоос гадна төлөвшил нь юун түрүүнд чухал. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил зөвхөн эцэг эхээс хамаардаггүй. Хэдэн цагийг цэцэрлэг, сургуульд өнгөрөөдөг вэ. Тухайн цагт үлгэр дуурайлал үзүүлж буй насанд хүрсэн хүн бол багш. Тэгэхээр бид багш гэж хэн бэ, багш гэдэг хүнийг яаж бэлдэх вэ, ямар хүнийг багш болгох вэ гэдэгт анхаарахгүй бол зөвхөн оноо буюу нэг удаагийн шалгалтын дүнгээр багш болох хүнээ сонгоно гэдэг хариуцлагагүй үйлдэл.Мөн МУБИС-ийг шинэчлэх, өөрчлөх юмыг хийгээсэй гэж бодож байна. МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, хичээл зааж байгаа багш нарынх нь арга барил хуучирч, хоцрогдсон байна. Тодруулбал, өнөөдрийн анги танхимын эрэлт хэрэгцээг мэдрэхгүй болсон байна. Тэгвэл МУБИС-ийн сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн, ерөнхий боловсролын багш бэлтгэж байгаа хөтөлбөрүүдийг, багш нарыг сайжруулах яаралтай эрэлт хэрэгцээ байна. Жишээлбэл, би цэцэрлэгт ач хүүхдээ өгөхөд ариун цэврийн өрөөнд оруулахгүй, өмдөнд нь бие засуулаад байна. Тэгэхээр багшаар сурч байгаа оюутнуудад хүний эрх, хүүхдийн эрх, хүний суурь эрэлт хэрэгцээний тухай ойлголт хандлага, төлөвшүүлээгүй гаргасан байгаа нь энэ жишээнээс харагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын багшийг бэлтгэхдээ хөтөлбөрт нь гэхэд л хүүхдийн асаргаа, халамж гэдэг хичээл ормоор байна.Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд тохируулж та асаргаа, халамжаа хийнэ гэдэг хүний эрхийн мэдрэмж ойлголтгүй багш төгсгөөд байгаа нь социализмын үеийн хөтөлбөртэйгөө яваад байгаатай холбоотой. Хүүхэд болгоны ялгаатай хэрэгцээнд тааруулж заах арга зүй гэдэг хичээл орж баймаар байна. Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн эрэлт хэрэгцээ, хөгжлийг нь яаж дэмжих вэ гэдэг хичээлийг боловсролын их сургуульд орж байна уу. Нэг ангид маш олон эсвэл цөөхөн хүүхэд байхад ангийн зохион байгуулалтыг яаж хийх вэ гээд энэ чиглэлээр хичээл, сургалт орж байна уу. Өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй газар гэвэл багш бэлтгэж байгаа их сургуулиуд. Мөн багш бэлтгэж байгаа хувийн их дээд сургуулиудад тавьж байгаа чанарын хяналтаа сайжруулах шаардлагатай. Үүн дээр өөрсдөө чаддаггүй, хувийн сургуулийн эздээс айгаад байдаг юм бол иргэний нийгмийн байгууллагатай хамтарсан үзлэг шалгалт хийх гэх мэтчилэн боломжууд байгаа. Шинэ сайд энэ чиглэлээр анхаарч ажиллахгүй бол боловсролын чанар сайжрахгүй. Багш бэлтгэж байгаа хөтөлбөр сайжрахгүйгээр багшийн чанар сайжрахыг хүлээгээд нэмэргүй.
Төрийн бодлого арай залхуу байна. Суурь шалтгааныг ухаж, засахын оронд наад захын багш биш хүнийг багш болгочихъё, босго оноог багасгаж, төлбөргүй болгочихъё гэдэг нь төрийн залхуу бодлогууд гэж судлаач хүний хувьд харж байна. Төрийн бодлого цогц байх ёстой. Багшийн талаар баримтлах зарчим, бодлогыг Монгол Улс гаргах шаардлагатай. Тэр хүрээндээ алхмууд хийх хэрэгтэй. Олон шийдэл, алхмууд нийлж байж бодлого болж багшийн нэр хүндийг өсгөж, багш дутагдах үйл явдлыг засаж, улмаар сайн чанартай багштай болж, тэр нь боловсролын чанарт нөлөөлнө.-Багшийн хомсдолоос болоод хэн дуртай нь багшлаад байж болох уу?-Багш дутагдах асуудал дэлхийн бүх улсад байна. Өөрөөр хэлбэл, багшлах мэргэжил гэдэг зүйлийг ярих болж байна. Багшлах гэдэг бол мэргэжил. Энэ бол ажил биш. Ажлыг мэргэжил шаардахгүйгээр, шаардлага, стандарт тавихгүйгээр хэн ч хийж болно. Тусгай мэргэжил ажлын байрууд бол багш, эмч, хуульч гэж ярьдаг. Хэрэв энэ мэргэжил юм бол дөрвөн шаардлага тавигддаг. Тухайлбал, хамгийн наад зах нь мэргэжлээрээ бакалаврын түвшний боловсролыг их, дээд сургуульд эзэмшсэн байх ёстой. Дээрээс нь эдгээр мэргэжлүүдэд ёс зүйн дүрэм үйлчилж, шаардлагууд тавигддаг. Гуравдугаарт, энэ мэргэжлээр ажиллах гэж байгаа хүн лицензтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний шалгуур давж байж тухайн мэргэжлээр ажиллах эрхээ авна. Тэгэхээр хэдийгээр их, дээд сургуулийг багшлах мэргэжлээр төгссөн ч багшлах эрхийнхээ шалгалтыг давж байж багшилна. Дөрөвдүгээрт, энэ мэргэжлүүд байнгын сургалт, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд хамрагдах ёстой. Ийм дөрвөн шаардлагыг давж байж багш хүн гэж нэрлэгдэх эрхтэй болох ёстой. Гэтэл үнэлэмж, нэр хүнд, статус, цалин нийгмийн хамгаалал, ажлын орчин нөхцөл муу байгаагаас болоод багшлах хүн олдохоо больсон. Энэ нь хүний цалин зөвхөн амьжиргаагаа залгуулах зорилготой биш. Харин хүнийг урамшуулах зорилготой байдаг. Гэтэл багшийн цалингийн энэ үүрэг нь байхгүй болсныг харуулж байна. Тийм учраас багш дутагдаад эхэлж байна. Тэгэхээр багшийн сургууль төгссөн ч багшлахгүй эсвэл багшийн сургуульд огт орохгүй байна.-Боловсролын сайд багш хомсдож байгаа тул өөр мэргэжлээр төгссөн хүмүүсийг бэлтгээд багшлуулах асуудлыг судалж байна. Мөн боловсролын сургуулийн босго оноо 480 байхад тэтгэлэгтэй сургана гэж байна. Энэ хэр зөв арга вэ?-Төрийн бодлого арай залхуу байна. Суурь шалтгааныг ухаж, засахын оронд наад захын багш биш хүнийг багш болгочихъё, босго оноог багасгаж, төлбөргүй болгочихъё гэдэг нь төрийн залхуу бодлогууд гэж судлаач хүний хувьд харж байна. Төрийн бодлого цогц байх ёстой. Багшийн талаар баримтлах зарчим, бодлогыг Монгол Улс гаргах шаардлагатай. Тэр хүрээндээ алхмууд хийх хэрэгтэй. Олон шийдэл, алхмууд нийлж байж бодлого болж багшийн нэр хүндийг өсгөж, багш дутагдах үйл явдлыг засаж, улмаар сайн чанартай багштай болж, тэр нь боловсролын чанарт нөлөөлнө. Би уг нь хамтарсан Засгийн газраас боловсролын чанарыг сайжруулах багц бодлого, шийдэл гарч ирэх болов уу гэж бодсон. Гэтэл дахиад л эрээвэр, хураавар, энд тэндхийн цуглуулга мөрийн хөтөлбөр гаргаад, хэлэлцүүлж байна. Тэгэхээр боловсролын, багшийн чанар сайжирна, багшийн асуудал нэг мөсөн шийдэгдэнэ гэсэн хүлээлт байхгүй.Багш дутагдах үйл явцыг шийдвэрлэхээр багш биш мэргэжлийн хүнийг багш болгож хөрвүүлнэ гэдгийг би хувийн сургуулиудын лобби гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд англи, япон өөр хэл дээр хөтөлбөртэй байдаг. Гэтэл манайд биологийн хичээлийг японоор заах багш байдаггүй. Математикийн хичээлийг англи хэлээр заах багш байхгүй. Иймээс хувийн сургуулиуд Японд өөр мэргэжлээр төгссөн хэнийг ч хамаагүй хичээл заалгаад явдаг. Гэтэл хяналт, шалгалт очихоор яагаад багш биш хүнээр багшлуулаад байна вэ гээд хэл ам гардаг. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэх гэж лобби хийсэн юм болов уу гэж би хувьдаа хардаж байна. Хоёрдугаарт, багш дутагдлыг нөхөх залхуу аргынх нь нэг болж байгаа юм. Уг нь Тогтвортой хөгжлийн зорилго гээд дэлхий даяар тавьсан зорилгын нэг нь мэргэжлийн багшийн хангалт гэж байгаа. Тэгвэл бид дэлхийн стандарт, түвшинд авсан амлалтаасаа ухрах гээд байна. Тэгээд үнэхээр багш бэлтгэх сургалт байлаа гэхэд нэг удаагийн сургалт баймааргүй байна. Тухайн хүнийг нэг жил ажиллуулж үзээд, ажиллах хугацаанд нь тэр багшид дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Мөн хувийн сургуульд хөвөрсөн багш ажиллуулмааргүй байна. Харин хөдөө орон нутагт, захын хорооллуудын багш дутагдалтай газарт хөвөрч ажиллахыг зөвшөөрдөг ч юм уу бодлогын нарийн үйлдлүүд байхгүй бол ноцтой асуудлууд гарч ирэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хэн ч багшилж болдог юм байна. Өөр мэргэжлээр сурч байгаад ажил олдохгүй бол багшилчихъя гээд багш мэргэжлийн нэр хүнд илүү унана. Ийм үр дагавар гарах учраас энэ бодлогыг хэрэгжүүлэхээр бол маш болгоомжтой хандах хэрэгтэй.Сургалтын төлбөрийг чөлөөлөх асуудал байж болно. Гэхдээ дагасан бодлого байх ёстой. Өмнөх Засгийн газрын үед өндөр оноотой хүүхдүүдэд тэтгэлэг олгоод багшаар бэлдсэн чинь тухайн хүүхдүүд төгсөөд багшлаагүй. Тэгэхээр мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Бодлого зорьсондоо хүрээгүй.Малайз улсад туршлага судлаад явж байхад багшийг үнэ төлбөргүй бэлтгэдэг. Тэгээд хаана ажиллахыг нь төр оролцож шийддэг. Хуваарилах гэдэг шиг тэр багшид сонголт өгнө. Та 30 жил баглах юм байна. 10 жил нь сумын сургуульд, 10 жил нь аймгийн төвийн сургуульд, 10 жил нь хотын сургуульд багшилна. Хэзээ, хаана гэдгээ та өөрөө сонго. Дараагийн нэг асуудал нь хаана ч очоод багшилсан үнэ төлбөргүй орон сууцыг нь хангана. Ганцхан шидэт сумаар багш дутагдах асуудлыг шийднэ гэж байхгүй. Тийм учраас Боловсролын яам, хүрээлэн, Эдийн засаг хөгжлийн яам, улс орны хөгжлийг шийддэг улсууд бодлогын баримт бичиг гаргахгүйгээр энэ олон тулгамдсан асуудлыг зэрэг шийднэ гэж байхгүй.-Багш нарын чанарыг хэрхэн сайжруулж, тэнцвэртэй болгох вэ?-Нэгэнт сургуулиа төгсөөд, багшлах эрхээ авсан хүнийг бол ажилд авна. Сулавтар, сул багш ажилд авсан байлаа гэхэд сайн болгох үүрэг сургуулийн удирдлагад ноогддог. Тэгэхээр олон улсын боловсрол судлаачдын боловсролын чанарт нөлөөлдөг хоёр дахь хүчин зүйл бол сургуулийн удирдлага гэж үздэг. Багшийг ажил дээр нь сайжруулах, чанаржуулах, багш болгох үйл явцыг удирдах үүрэг бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид бий. Гэтэл манай сургуулийн удирдлага, цэцэрлэгийн эрхлэгч нар сургууль, цэцэрлэгийг удирдахад бэлтгэгддэггүй. Энэ тогтолцоог бид яамнаас нэхээд бас барахгүй байна. Бусад улс орнуудад сургууль, цэцэрлэгийн удирдлагыг тусгайлан бэлддэг. Өөрөөр хэлбэл, багш хүн шууд сайн менежер болно гэж байхгүй. Бүх л бүтэн байгууллагын хүний нөөц, санхүү, чанарын удирдлагыг хэрэгжүүлээд, багш, эцэг эхчүүдтэй харилцах, төрийн бус байгууллагуудтай харилцах энэ олон үүрэг, функцийг захирал багшийн сургуульд бэлтгэдэггүй. Тэгэхээр тусгайлан бэлдэх шаардлага гарч ирнэ.Канад улсад захирал болох хүмүүсийн хүсэлт, өргөдлийг эхлээд авдаг. Тэгээд боловсролын газар нь тухайн хүнийг судалж үзээд, захирал болохоор мэргэжлээрээ урт хугацаанд тууштай ажилласан, ёс зүй, хариуцлага өндөртэй байх юм бол гээд тодорхой шаардлагууд тавьдаг. Тэнцсэн хүмүүст та бүхнийг захирал бэлтгэх дамжаанд албан ёсоор элсүүлж авлаа гээд мэдэгдэл ирнэ. Харин шалгуурт тэнцээгүй бол шалтгааныг нь тайлбарлаад хуулийнхаа дагуу өргөдөл гаргасан хүмүүсийг хасдаг.Хоёрдугаарт, шинээр багш очлоо гэхэд бид хэрхэн сургаж авдаг вэ гэсэн тогтолцоо Монгол Улсад байхгүй. Тодруулбал, Канад улсад арваннэгдүгээр сард шинэ багш нарт зориулан мэргэжил дээшлүүлэх сургалтад болдог. Есдүгээр сард багш мэргэжлээр ажиллаж эхэлсэн багш нарт өчнөөн асуудал тулгарна. Тэр сургалтаар түүнийгээ хоорондоо ярьж, бие биеэсээ туршлага судалж, эрэлт, хэрэгцээг судалж байгаад нь түүнд нь зориулж сургалт хийдэг. Багшийг ажлын байран дээр нь дагалдуулж сургах багшийг томилж өгнө. Сургалтын менежер хичээлд нь тодорхой давтамжтай сууна. Тэгээд ажиглалт хийснийхээ дараа тухайн хүнд зөвлөгөө өгөх маягаар ажиглаад явна. Мөн сарын дараа захирал тухайн багшийн хичээлд нь сууж үзнэ. Энэ хүнд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Арга зүй, хүүхэдтэй ажиллах, зохион байгуулах дэмжлэг хэрэгтэй байна уу. Захирал тухайн багшийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргана. Шинэ ирсэн багш болгонд захирал төлөвлөгөө гаргадаг. Жишээ нь Америкт багш мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө гээд гаргадаг. Багш нэг бүртээ ажиллах шинэ багшийг ажлын байран дээр сургаж, дадлагажуулж авах нэг жилийн төлөвлөгөө байх ёстой. Ихэнх багш нэг жил ажиллаад залхаад, хаяад, чадахгүй, сурахгүй, өөрийнхөө бүтэхгүй байгааг мэдээд гараад явчихдаг. Нэгэнт багш болсон хүнийг тогтоон барих бодлого, тогтолцоо, систем байх хэрэгтэй. Бидний үед таван жил ажиллаж байж бүрэн багш болдог гээд яригдаг байсан. Тэр таван жилийн хугацаанд багшийг хэрхэн тогтоон барьж, яаж шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж, багш болгох вэ. Таван жил болбол тухайн хүн цаашаа багшлаад явна. Энэ тогтолцоо Монголд байхгүй.Тэгэхээр үүн дотор байгаа бас нэг асуудал бол багш бэлтгэж байгаа их сургуультай холбоотой байх асуудал. Жишээ нь, тухайн багшийг хувийн багш бэлтгэдэг их дээд сургууль бэлтгэсэн байлаа гэхэд захирал энэ багш танай сургуулиас ийм арга барил огт сураагүй төгсөөд ирсэн байна. Танайх энэ багшдаа цахимаар энэ хичээлээ нөхөж заа эсвэл энэ хүнтэйгээ онлайнаар холбогдож заавар, туслалцаа, дэмжлэг үзүүл, сургалт өг гэж ярилцах хэрэгтэй. Тэгснээр тухайн сургалтын хөтөлбөр сайжирдаг. Багш бэлтгэх сургуулиудын хөтөлбөр бас өөрчлөгддөг. Тэгэхээр төгссөн сургууль, багш бэлтгэж байгаа их сургуулиудтай холбоотой байх нь маш чухал.Дараагийн нэг асуудал бол багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг тав, 10 жил болохоор нь явуулдаг. Заавал багш мэргэжлээ дээшлүүлнэ гэдэг. Тэр хөтөлбөр тэгвэл яаж гараад байгаа юм бэ. Ихэнхдээ багш нар бидэнд хэрэг болохгүй юм заадаг гэж гомдоллодог. Бидэнд практикт хэрэглэх арга хэрэгсэл, арга зүй заадаггүй. Харин онол ярьж, PPT тавиад байдаг. Тэгвэл түүний хэлбэрийг өөрчилмөөр байна. Заавал боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд заах биш хамгийн сайн туршлагатай багш зааж болно. Жишээ нь, англи хэлний шинэ үг цээжлүүлэх хамгийн шилдэг аргыг туршлагатай багш бусад багш нартаа заавал илүү сонирхоно. Багш нарын мэргэжил дээшлүүлж буй сургалт чанартай, үр өгөөжтэй байх хэрэгтэй.
Үргэлжлэл бий. Дараагийн хэсэгт Боловсролын багц хуулийн талаар ярилцсаныг хүргэх болно.