Шонхор, тагтаа, ногтруу шувуу барьсан гэх хэрэгт холбогдоод байсан Катар, Ирак улсын хоёр иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгожээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.19-өөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 39.435 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 277 хэргийг хүргүүлсэн байна.
Зөрчлийн шинжтэй 71.953 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 71.959 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, “Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн Ерөнхий Газар