18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргажээ

0

ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цахилгаан скүүтэр болон сурронтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох, энэ төрлийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг боловсруулж тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох эсэх, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэх , автозамын чанар, зориулалт олон улсын стандартад нийцэж буй эсэх, механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, харуицлагыг дээшлүүлэх шаардлага зэрэг асуудлаар эрх бүхий төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох дугуй ширээний уулзалтыг наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өсжээ.

Тухайлбал, 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар 281 хүүхэд гэмтэл бэртэл авсан гэх тоон баримтыг ГССҮТ-өөс гаргажээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолооны курс төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор автозамын онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, шалгалтыг хүлээлгийн танхим дахь дэлгэцээр шууд дамжуулдаг болсон гэв.

Дэлхийн зарим улс орны жишгээр 18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргасан байна.

Жолооч бэлтгэх хөтөлбөр боловсруулах ажил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хариуцан ажиллаж байгаа ч удаашралтай байгааг холбогдох байгууллагууд шүүмжлэлтэй ханджээ.

Дугуй ширээний уулзалтын төсгөлд уулзалтаас гарсан саналыг нэгтгэж, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тогтлоо. Хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн салбар, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар ХЭҮК төлөвлөн ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *