ТОДРУУЛГА: ЭМЖЖ, Оточ манал, Гарьдманлай зэрэг 58 эмнэлэг нь ЭМДЕГ-тай байгуулсан санхүүжих дүнгээ хэтрүүлчхээд дараа нь “төлбөрөө төл” хэмээн нэхэж байгаа гэв
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас 2024 онд гэрээ байгуулсан тусламж үйлчилгээний тоо хэмжээг хэтрүүлсэн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлсэн тухайгаа өчигдөр /2024.08.26/ мэдэгдсэн.
Тодруулбал, ЭМЖЖ эмнэлэг, Оточ манал, Гарьдманлай эмнэлэг, Мангут, Солонго, Мөнгөн чагнуур зэрэг 58 эмнэлэг 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тусламж үйлчилгээний тоо хэмжээг хэтрүүлсэн тул санхүүжилт нь зогсож байгаа юм. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хувийн хэвшлийнхэнд хийсэн гэрээ нь ийм түвшинд байна, мөнгөн дүнд чинь хүрсэн шүү гэдэг мэдэгдлийг л хүргүүлсэн. Цаашид аль эмнэлэгтэй, ямар тусламж үйлчилгээн дээр үргэлжлүүлэн гэрээ хийх вэ гэдгийг судална” гэсэн юм. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь стратегийн худалдан авалтаар эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ худалдан авдаг. Ингэхдээ тухайн эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, ажиллах хүчин чадал зэргийг нь тооцож жилд хэдэн хүнд, хэдэн төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой юм байна гэдэг тооцоололд үндэслэн тодорхой үнийн дүнгээр гэрээ байгуулдаг. Гэтэл нэр дурдсан 58 эмнэлэг нь гэрээнд заасан үнийн дүнгээ хэтрүүлчхэд төлбөр нэхээд байна. Түүнийг нь шалгаж үзэхээр эргэлзээтэй асуудлууд ч их бий. Тухайлбал, нэг хүний ходоод дурандаад ариутгал хийхэд 30 минут ч юм уу тодорхой цаг орно. Гэтэл хэт шахсан цагийн жагсаалт харуулж төлбөр нэхэх зэрэг үйлдэл гаргасан эмнэлэг ч бий. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь байгуулсан гэрээнийхээ хүрээнд төлбөрөө төлнө. Түүнээс илүүг төлөх боломжгүй. Өөрсдөө энэ тоог хэтрүүлж үзлэг хийчхээд нэмж төлбөр төл гэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэг ч эмнэлэгтэй гэрээгээ цуцлаагүй” гэх тайлбарыг өглөө.