О.Батнайрамдал: Татвар төлөгчдийн мөнгөөс зээлж авчхаад, хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдгийг хэзээ ч олгохгүй юм байна

0

УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Засгийн газрын тусгай сангуудын талаар хөндлөө. Тусгай сангуудаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд 120 тэрбум төгрөгийн зээлээ төлөлгүй явсаар, хуулийн дагуу нэхэмжлэх, эрүүгийн хэрэг үүсгэх хугацааг дуусгажээ. Тэд ийм их мөнгийг төлөхгүй болж байна гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Засгийн газрын тусгай сангууд байна. 22 тусгай сангийн 20-д аудит хийсэн байна. Тэр дундаа нөгөө л алдарт Боловсролын зээлийн сан. Сүүлийн 10 жилийн хугацаанд аудитын дүгнэлтээр дандаа асуудалтай, хязгаарлалттай гарч байсан нь Боловсролын зээлийн сан. Энэ удаагийн аудитын зээлийн дүгнэлтээр бараг 120 тэрбум төгрөгийн зөрчил гарсан байна. Сонирхолтой нь тэр 120 тэрбум төгрөгийн зээл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болох эрсдэлтэй гэсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөс зээлж авчхаад, хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдгийг хэзээ ч олгохгүй юм байна. Юу гэсэн үг юм бэ? ХААН банкнаас бид нар зээл авчхаад, хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж байдаггүй ш дээ.

Ерөнхий аудиторын дүгнэлтэд бас нэг ноцтой асуудал хөндөгдсөн. Боловсролын зээлийн сангаас гадаадад сурахаар зээл аваад эргүүлэн төлөөгүй хүмүүсийг Монголбанкны саарал жагсаалтад хэзээ ч оруулалгүй явж ирсэн. Гэтэл Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 70 хувийг авдаг дотоодын оюутнууд, нэг ёсондоо ардын хүүхдүүд нь алалцан байж авсан 4 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулдаг, дипломыг нь хураадаг. Гадаадад сурахаар авсан зээлээ хэн ч эргүүлэн төлж байгаагүй, хэн ч араас нь хөөцөлдөж байгаагүй. “147 хүүхэдтэй холбогдож чадаагүй” гээд аудитын дүгнэлтэд байна. Тэдний нэрийг яагаад Монголбанкинд өгдөггүй юм бэ? 

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Яалт ч байхгүй төсвийн сахилга баттай холбоотой. Тэр байтугай өнгөрсөн парламентын үед сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт хүлээн авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Зарлагын хяналтын дэд хорооноос Ерөнхий сайдад хүртэл албан бичиг явуулсан. Харамсалтай нь заасан хугацаанд хариу ирүүлээгүй. Арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. Үеийн үед хариуцлага тооцох механизм ажилладаггүй. 

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Дээд боловсролын тухай хуулиараа Удирдах зөвлөл нь шийддэг байсан. Гэхдээ би чанарын тогтолцоог нь сайжруулах, хариуцлага тооцуулахаар хандах болно оо. Жишээлбэл: МУИС  2 жил дараалан хязгаарлагдмал гэсэн дүгнэлт авсан байна. Үүн дээр холбогдох этгээдүүд хариуцлага хүлээх ёстой. 

Засгийн газрын тогтоолууд, суралцагчтай байгуулах гэрээнд зээл эргүүлэн төлөх талаар нарийвчлан тусгаагүй байсантай холбоотойгоор Боловсролын зээлийн сан зээл эргүүлэн төлөхийг шаардах эрх бүрдээгүй байгаад байгаа. УИХ-ын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдана. Үүнд би ч идэвхтэй оролцоод, эргүүлэн төлөх бодлогыг нарийн тусгая гэж ярьж байгаа. 10 жилээс дээш хугацаанд төлөөгүй байгаа зээлийг харахаар нэлээд их дүнтэй, олон хүн байна. Би өчигдөр байнгын хороонд үүнийг мэдээлсэн. Энэ хүмүүсээр зээлийг нь эргүүлэн төлүүлэхээр ажиллана. 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүн байна. Гадаадад суралцагсдын зээлийн авлага, хүүтэйгээ нийлээд 48 тэрбум төгрөг болчихсон байна. 

Боловсролын зээлийн сан дотроо 5 ангилалтай. Оюутан хөгжлийн зээл гэж бий. Үүнийг дотоодын их, дээд сургуульд сурч байгаа хүмүүст зориулсан. Үүн дээр ч гэсэн олон асуудал гарч байгаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *