Лу.Гантөмөр нүүрсний хулгайчийг хамгаалахаа мэдэгдэв
Ардчилсан намы гэрчилгээ, тамгагүй дарга Лу.Гантөмөр анхны шийдвэрээрээ хууль, хяналтынхныг мухардалд оруулах агуулга бүхий мэдэгдэл хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокуророос нэрийг нь оруулж ирээд байгаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрч, “Авч үлдэнэ” хэмээн мэдэгдлээ. Гэтэл энэ нь хоосон улстөржиж, асуудалд зарчимч бусаар хандсан үйлдэл боллоо хэмээн иргэд үзэж байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд “Тавантолгой транс” компанийн 70, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Үлдсэн 51 хувьд албан бусаар “эзэн суусан” түүнийг нүүрсний хулгайн асуудлаас салгаж ойлгох боломжгүй юм. 2017 оноос нүүрсний хулгайн асуудал яригдахад түүний нэр гарсан, эх сурвалжууд ч түүнтэй холбож ярьдаг. Нүүрсний хулгайн талаар анх шүгэл үлээсэн гишүүн асан Л.Энхболдын хувьд ч баримттайгаар ярьдаг. “Ажнай Бат-Эрдэнийг шалгана, шалгахаар боллоо” гэдэг мэдээлэл маш их гардаг ч алхам ахилгүй өдийг хүрч байж, прокуророос нэрийг нь оруулж ирж байхад АН-ын бүлэг нь өмөөрч, хамгаалаад байж болохгүй. Юу юугүй барьж хорих гээгүй, үнэн мөнийг нь тогтооно гэж байхад УИХ-ын гишүүд нь зарчимтай байх хэрэгтэй” гэлцэж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар нэрийг нь оруулж ирсэн гурван гишүүний асуудлыг маргаашийн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.