Монголын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс оронтой харьцуулахад их байна
Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын баг Монгол Улсын төсвийн бодлогын ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, тэр дундаа нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг судалжээ.
Судалгааны эхний үр дүнгээс харахад улсаас олгож буй мөнгөн шилжүүлгүүд нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа ч Монголын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс оронтой харьцуулахад их байна. Иймд нийтлэг бус илүү зорилтот хэсэгт чиглэсэн ядуурлыг бууруулахад нөлөөлөх үр ашигтай хөтөлбөрт зардлын дахин хуваарилалт хийхийг зөвлөсөн байна.
ҮСХ-ноос 2022 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны болон захиргааны мэдээллийг ашиглан дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлсэн тэгш байдлыг дэмжих аргачлалаар тооцсон байна. Судалгааны эхний үр дүн, тайланг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар нэгжийн удирдлага, албан хаагчдад танилцууллаа.
Үнэлгээ хийхдээ нийгмийн халамж, халамжийн хөтөлбөрүүд ядуурал, тэгш бус байдалд үзүүлж байгаа нөлөө, нийгмийн халамжийн зарцуулалтын үр ашиг, түүнийг нэмэх арга зам, нийгмийн тусламж хүртэгчдийн давхцал зэргийг тооцжээ.
Дээрх судалгааны үр дүн, тооцооллыг хүн амын амьжиргааны тэнцүү 10 бүлгээр тооцохоос гадна дэлхийн бусад улс орон тэр дундаа дунджаас дээгүүр, дунджаас доогуур, бага орлоготой улс орнуудтай харьцуулан гаргасан байна. Тайланг Дэлхийн банкнаас энэ оны 11 дүгээр сард эцэслэн гаргах бөгөөд ГБХНХЯ-ны удирдлагууд тооцоололд халамжийн хөтөлбөрүүдийн талаар нэмэлт санал өгөхөөр болсныг тус яам мэдээлжээ.