Д.Сосорбарам: Нямдорж, Баттулга хоёрыг давж тагнуул хийх хүн манайд байхгүй

0

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамтай удахгүй болох уран бүтээлийн цэнгүүнийх нь өмнө амдаж ярилцлаа. 

-Таны уран бүтээлийн цэнгүүн удахгүй болноУг нь сар болгон тоглосон ч үзэгчид тасардаггүй, учир нь юундаа байдаг юм бол гэж асуумаар санагдаад байдаг юмБи ч хувьдаа гадарлаж байна л даа. Харин та өөрөө юу гэж боддог вэ?

-“Хүн” театрт 9 сарын 6,7-нд тоглолтоо хийх санаатай байна. Уг нь цөөн хүмүүст тогтмол хүргэдэг уран бүтээлтэй, сар болгоны сүүлийн амралтын өдрүүдэд уран бүтээлээ туурвиад явж байсан. “Хорооноо”-гоос (корона вирус) болоод 2020 оны 11-р сараас зогсчихсон юм.

Өнгөрсөн 2-р сард Монгол Япон урлагийн агeнтлагийн үүсгэн байгуулагч Г.Бурмаагийн урилгаар Японд уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Хавар нь Монголдоо “Хүн” тeатрт хийсэн, дүүрэн үзэгчтэй, сайхан болсон. Өмнө нь үзэж байгаагүй хүмүүс ч үзсэн, байнга үздэг хүмүүс маань ч ирсэн. Миний хүүхдээс дүү, дөнгөж хорин хэдтэй, 30 шүргэсэн залуус нэлээн үзсэн байна лээ. Сосорбарам гуайгаас юу гарах юм, Сосорбарам гуайн тоглолт гэж ямар юм байдаг юм бэ? гэсэн маягтай ирж. Залуус намайг чамлангуй байсан юм билээ. Чамлалгүй ч яах вэ, тэдний буруу биш.

Миний дотны дүү найз нөхдөө бараг л хүчээр “үз” гээд авчирчихсан юм уу даа. Үзээд, миний уран бүтээлийг хараад “Бид энэ өвгөнийг хоцрогдсон, их юм хүлээх хэрэггүй гэж боддог байсан чинь юу вэ” гэж гайхсан л гэнэ лээ. Ерөөсөө хүмүүсийн хандлага, ертөнцийг үзэх үзэл нь ямар мэдээлэл авч байна, түүнээсээ хамаарч байдаг хойно. Тэр уран бүтээлийн цэнгүүнийг үзээд тэр хүний тархинд суусан буртаг арилж байна гэдэг тун сайн хэрэг.

Залуучуудын хандлага ингэж өөрчлөгдөнө гэхээр таныг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биз дээ?

-Хүлээн зөвшөөрүүлэх нь миний зорилго биш, Сосорбарам гэдэг хувь уран бүтээлч өөртөө хэр үнэ цэнтэй ханддаг нь л чухал. Тийм учраас байнга шинээр сэтгэж байх хэрэгтэй. Миний уран бүтээл ганцаараа, ганц хүний тоглолт, нэг жүжигчний туурвил, гадны ямар нэг оролцоо байхгүй. Надаас гадна дууны мастер найруулагч дуугаралтыг тохируулж, хүн болгоны чихэнд сонсголонтой байлгадаг нарийн ажлыг МУУГЗ Д.Баатар, надтай уран бүтээлээр уягдаад бараг хагас зуун жил болж буй найз маань хийдэг. Мэргэжлийн хөгжимчин, цохивор хөгжмийн мэргэжлийн эзэн хүн. Хөгжмийг маань тохируулна.

-Урлаг хүнд жигүүр өгдөг гэдэг дээ. Таны хувьд?

-Надтай танилцаад удаагүй бизнесмэн залуу ярьсан. Жаахан бухимдалтайдуу “Ажил хийгээд ч нэмэр алга, хориг саад тавиад байх юм, больё, төвөг” гээд гутранги, өөрийгөө үгүйсгэх хандлагатай байсан юм билээ. Миний тоглолтыг үзээд “60 гарсан хүн тайзан дээр ганцаараа 2 цаг 10 минут тасралтгүй, урлагийн олон төрөл жанраар хүмүүсийг уйдаах нь байтугай соронз мэт татахыг хараад урам сэргэж, хийх бүтээх, бизнесээ дэлгэрүүлэх ажил урагшиллаа” гэж байна лээ. Ашгүй нэг ч гэсэн хүнд урам өгч гэж өөрөөрөө урамшсан.

-Ганц хүний тоглолт хийх хэцүү, дуулна, шүлэг, яруу найраг уншина, ярина. Манайхан тоглолт хийхдээ урилгаар гээд баахан дуучин жүжигчний нэр дууддаг. Өөрөө тоглолтынхоо 50 хувьд нь тайзан дээр үзэгдээд л…

-Уран бүтээлийн тухайд яруу найраг бол өөр, богинохон шүлэг өөр. Хөгжмийн хэлээр богино шүлэг цөөхүүл хөгжим, яруу найраг бол симфони найрал юм. Тийм хандлагуудыг сөхөж харж, үг нэг бүрийн байгаа санаа, далд утгыг далд хэвээр нь хэрнээ ил болгож байж, хүн болгон өөр өөрийнхөөрөө ухаарна, оюун сэтгэлгээнийхээ савны хэмжээгээр аливаад хандана, шүүж үзнэ, тархины шүүлтүүр юм даа.

Би өмнө нь энэ талаар тэр бүр ярьдаггүй байсан, ойлгохгүй бол ойлгуулах гээд байх шаардлагагүй гээд. Одоо юм өөрчлөгдөж урагшаа тэлж, хөгжиж, нөгөө талдаа хөгжихгүй хоцрогдоод байгаа үйл явцын дунд анзаараад харахад миний бүтээл, шүлэг, яруу найраг, аялгуу, дуу эгшиглэнд хандаж байгаа хандлага, ялангуяа амьдралд хандаж байгаа хандлага бодитой, үнэн, зөв байх учиртай.

Дуу, шүлэг, хошин шогийн бүтээлүүдийг тайзан дээр гав ганцаараа туурвихаас гадна надад түшиг болдог нэг зүйл бий. Тэр бол тайз. Тайз, гэрэлтүүлгээ ямар байлгах вэ, хамгийн гол нь миний тоглолтод ирэх 300-гаад үзэгчид зориулан туурвидаг. Тэдэнд хүртээмжтэй байх нь чухал.

“Хүн” театр бол тансаг орчин. Гэр бол монгол хүнд хамгийн таатай, хаана ч суусан тайзан дээрхийг ойр харна, бараг уран бүтээлчийн амьсгааг чагнах боломжтой орчин. Тийм учраас тэнд ямар нэг худлаа сэжим, дүр эсгэсэн үзүүлэлт хэрхэвч байж болохгүй. Тэгэхээр тайзан дээр бүтээл туурвиж байгаа уран бүтээлчид маш том хариуцлага ирнэ. Дуу шүлэг, хөгжим яруу найраг, драм хошин шог бүтээлийг туурвихад өөрөө бүх үнэ цэнэ, үйлдлээ бүтээхээс гадна тавил, найруулга, найруулагчийнхаа бүх төсөл төлөвлөгөөг урьдчилж хараад тайзан дээр байх эд юмс хэрэглээг зөв байлгаж үнэ цэнэ бий болно.

Сосорбарам гэдэг нэг л жүжигчин тайзан дээр бүтээлээ туурвина, найруулагч нь Сосорбарам өөрөө гэдгээрээ онцлог. Тийм учраас ганц хүний театр гэж нэрлэдэг. Миний театр тайз голж шилдэггүй, СТӨ, МҮЭСТО, UB паласт туурвиж ч болно. Харин миний бүтээлд попкорн идээд, хоорондоо хорвоогийн элдэв бусын хов жив яриад суудаг үзэгчид ирэх хэрэггүй. Харин оюун санааны цэнгэл эдэлье гэсэн хүн миний бүтээж байгаа цэнгүүнийг үзээрэй.

-Таны тоглолтын тасалбарын үнэ? Та өөрийгөө дээд зэргээр үнэлж хүндэлдэг мөртлөө мөнгөн дээр зөөлөн байх шиг санагддаг. Одоо залуу дуучид тусгай ширээ засаад вино пиво өрөөд, VIP гээд сая төгрөгөөр үнэлдэг болжээ.

-Уран бүтээлч хүн авъяас чадвараа, өөрийнхөө ертөнцийг харж буй үзлээ үнэлж байна гэдэг тун сайн хэрэг. Манай амьдрал, хүмүүсийн амжиргааны төвшин ямар байгаа билээ, худалдан авах чадвар юу билээ, хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ яаж өсөв. Үзэгчдээ хүндэтгээд гэх үү, дундажлаад тасалбараа 60 мянган төгрөгөөр үнэлж байгаа.

Миний уран бүтээлийн дийлэнх нь өөрийн зохиол бүтээл. Миний шүлэг, аялгуугаар аравнайлагдсан, миний хоолойгоор хүнд хүрсэн дуунууд. Өөр том бүтээлчдийн бүтээлүүд байна. Ялангуяа “Үлэмжийн чанар” байнга дуулагддаг. Яагаад гэвэл “Үлэмжийн чанар” зуун дамжин мөнх байх Равжаа хутагтын бүтээл. Говийн 5 дугаар Ноён хутагт Лувсанданзанравжаа гэж онцгой суут хүн. Тэр хүний бүтээлийг оюун санаандаа нэлээн өндөр зиндаанд авч явдаг.

Л.Балхжавын хөгжим, Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдний гуйлга” манай Балхаагийн хамгийн том бүтээлүүдийн нэг. Миний өөрийн шүлэг, С.Энхтайваны ая “Хүмүүн заяаны өлгий” гэж дуу байна. Аль 1980 хэдэн онд бичсэн шүлэг л дээ. С.Энхтайван 1993 онд ая зохиосон, одоо их түгэж байна.

-Энэ дууг Б.Алтанжаргал ч, Э.Дашням ч дууллаа, АНУ-д амьдардаг Өвөрмонголын Алтанбүргэд ч дууллаа…

-Тэрийг морин хуурч, удирдаач Жигжиддорж над руу явуулсан. Вашингтонд дуулсан байсан. Миний бүтээл түгэж л байвал сайн хэрэг. Гэхдээ зохиогчийн эрх гэж юм бий…

-Та насны ганц ханьтай хүн. Гэсэн ч “Байн байн санаа алдахад…”-ыг хүмүүст сайн хүргэсэн. Тоглолтдоо яагаад оруулдаггүй юм бэ?

-Уран бүтээлийн цэнгүүн дээрээ Н.Жанцанноров гуайн хөгжим, Б.Лхагвасүрэн ахын шүлэг “Байн байн санаа алдахад”-аа дуулсангүй, дуулаач гэж нэхэж, хүсэлт ирж байна. Бямбабаярын хөгжим, Алтангэрэлийн шүлэг “Эрийн сайхан хийморь”, “Тогосын цагаан овоо”-гоо дуулсангүй гэж байна. Бүгдийг нь оруулах юм бол дуусахгүй. Намайг шүүмжилдэг шүүмжлэгч миний эхнэр. “2 цаг 10 минут урт байна, 1 цаг 30-45 минут болго” гэдэг.

-Гэрэл зурагчин С.Цацралттай энэ бүтээл дээрээ хамтарч ажиллаж байгаа гэж сонссон?

-Тоглолтын онцлог гэвэл миний найз “Гамма”-гийн Цацралт, шог зураач С.Цогтбаяр нартаа “Миний 13 араншинг гаргаадах” гэсэн юм. Манай Цацаа сэтгэлгээ нь их ондоо шүү дээ. Зүгээр нэг хөрөг биш, үйлдлүүд, миний 13 араншинг харуулсан жинхэнэ уран бүтээл гаргасан байна лээ…

”13” гэх тухайд хүн эхээс мэндэлснээс хойш анх 13-ны жил гэж ордог. Тэгээд 25, 37, 49, 61, 73,85-ны гэж явдаг. Хүний өсөлт бойжилтыг 12 жилээр дараалаад үe үeэр нь харуулж байна. Ээ дээ хүн бойжтол хол байдаг юм байна. Би өсөж бойжиж байна уу, ямар философитой хүн бэ, үзэл санаа минь альхан талд явна вэ гэж өөрийгөө чагнаж, чансаа чадвараа байнга цэнэглэж явдаг юм.

Тийм учраас бүтээлд хандах миний хандлага, дуулагдаж байгаа дуунууд, яригдаж байгаа болгон филисофигүй бол явахгүй. Бид филисофи, уураг тархины тэлэлт, бойжилт байхгүй, зүгээр сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөөд туугаад байдаг юм байна. Би ч тэгж явсан. Тэрийгээ олж харсан учраас сэтгэлийн хөдөлгөөн туйллаас илүүтэй “миний тархи юу бодож байна, зөв бодож, ертөнцийг олон өнцгөөс харж чадаж байна уу, үгүй юу, би ер нь өөрийнхөө үзэл санааг хүнд тулгаад байна уу, яагаад байна” гэж эргэцүүлдэг, энэ бүхэн бүтээлд заавал уяатай байдаг юм байна. Тэгж л уран бүтээлдээ ханддаг.

-Тоглолтын нэр их чухал, нэрээ товлож тогтсон уу?

-Зүгээр л “Со” гэж нэрлэсэн.

-Таны нэг тоглолтыг хоёр удаа үзэж, “нэг голын усанд хоёр ордоггүй” гэх үгийг ойлгох шиг болсон. Яг л ижил мөртлөө тэс өөр санагдсан…

-Ер нь уран бүтээлийн цэнгүүний өдөр бүрийн тоглолт өөр өөр болдог. Яагаад тэгдэг юм байгаа юм? Тухайн үеийн үзэгчид, тухайн цаг хэзээ ч давтагдахгүй. Нэг үйлдэл хэзээ ч давтагдахгүй, чи бид хоёрын ярьж байгаа яриа ингээд л дуусна, дахин давтагдахгүй. Тэр мөн чанарыг асар сайн ойлгож, хандах хэрэгтэй юм байна. Нөгөө талаар бүтээл, дуу болгондоо, богинохон ч гэсэн хэлж байгаа шүлэг болгондоо маш том үнэ цэнэ өгч, бодитой хандахгүй бол бид бүх юманд зохиомол ханддаг болчихсон байна. Хүн хоорондын харьцаа хуурамч болсон байна. Тэрнээс ангид байх нь хүн гээч аливаа зүйлд хандах хандлага саруул ухаан, эрүүл бодлоор цэнэглэгдэх учиртай. Зүй зохистой, ёс зүйтэй, гоо сайхантай байх ёстой.

-Та цаашид ямар бүтээл дээр ажиллах вэ, их нарийн төлөвлөж ажилладаг уран бүтээлч шүү дээ...

-Нууц алдамгүй байна. Наад тал нь 3 бүтээлийн төсөл төлөвлөгөө бий. “Аргагүй амраг”-ийг бөмбөлзүүлээд дуулж болохгүй. “Аргагүй амраг”-ийг нууц амрагийн дуу гэж ойлгочих юм. Гарцаа нь үгүй амраг юм шүү дээ. Шууд нүгэлээс айхгүй нүдний чинь хөөрхөнд дассан, аюулаас айхгүй аашны чинь хөөрхөнд татагдсан хайр юм шүү дээ. Хаашаа ч хазайж болохгүй хайрын л дуу.

Жинхэнэ филисофи, дотоод мөн чанарыг ойлгох ёстой. Тухайлбал “Гарын арван хуруу”-г гаа-рын аар-ван хуу-руу гэж дуулах юм. “Гаар” гэж хүнд ямар юм байдаг юм. Аар-ван гэж тоо би мэдэхгүй. Тийм учраас үгийн үнэ цэнийг алдагдуулж болохгүй.

-Таны тоглосон кинонуудаас “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүрийг үзэгчид их хайрладаг. Та өөрөө ч ардчиллын анхны 13-ын доторх Галаа юм шиг...?

-Галбадрахын амьдралд хандаж байгаа хандлага, үзэл санаа тэр бүтээлээр дамжин олон хүний оюун санаанд хүрсэн, хайртай дүр минь юм. Ертөнцөөс надад аав ижий хоёрын дундаас бий болсон миний бие махбодь, уураг тархи тэр чигээрээ Галаа. Амьдралд хандах хандлага ч яг Галаа, хүн хоорондын хандлага, ааш аяг ч Галаа.

”Илүү сартай зун” киноны Галбадрахын дүр тухайн цаг үед асар их эргэлт хийсэн. Энэ бол Сорогдогийн Жаргалсайхан зохиолч, Сэлэнгэсүрэн найруулагч энэ 2 хүний нийлмэл бүтээл, тэгээд Галаагийн дүрийг бүтээх хүн Сосорбарам юм байна гээд шийдсэн.

Бурхан бүтээнэ гэж ярьдаг шүү дээ, дүр бүтээнэ гэдэг бол тэрнээс илүү юм. Хүнийг бий болгоно. Галбадрах гэж хүн байх учиртай, гэтэл ховордоод байдаг юм байна, тийм араншинг гадуурхдаг юм байна, тэрийг шүншиглэж аравнайлах хэрэгтэй. Тэр үед миний оюун бодлоор бэхжиж, махбодьтой хүн бий болоод Сосорбарам бол Галбадрах гэж харагдаж байна. Галаагийн хувьд ямар нэг дүр бүтээх ч юм уу, олдмол юм хайгаагүй. Зүгээр л надад байгаа миний араншин учраас Галаа бол энэ, Сосорбарамын хандлага Галаа. 1987 онд үзэгчдэд хүрсэн кино. Гэтэл би 1982 оноос, оюутан байхдаа л тухайн нийгэмтэй зөрчилдөж эхэлсэн, 1986 оноос социализмтай таарахгүй болоод систем, тогтолцоо буруу байна гэж шүүмжилсэн. Энэ маань хаашаа ч хазайхгүй хэвээрээ байна. Хүн өөрөөсөө урвахгүй байна гэдэг хамгийн том мөн чанар.

1989-90 оны зааг дээр өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцад Галаагийн дүр буюу “Илүү сартай зун” тэр чигээрээ нөлөөлсөн. Ариунаа, Ариунаагийн ээж Сэлэнгээ эгчийн дүр Даваажав, Сэрчмаагийн дүрийг бүтээсэн Жигжидсүрэн эгчийн дүр, ээрүү Дагва буюу Нэргүйбаатар энэ бүх дүр 1989-90 оны шилжилтийн үйл явцад асар том түшиг болсон. Сэлэнгэсүрэн найруулагч, Сорогдогийн Жаргалсайхан, “Илүү сартай зун”-ынхан тэр чигээрээ их түшиг болсон, хувь нэмэр оруулсан. Жишээлбэл Доржбатад тоглож байгаа жүжигчин Чулуунцэнд ах ланжгар хүн. “Өглөө” кинонд дүүгээ буудаад алчихдаг нөхрийн дүрд тоглодог доо. Чулуунцэнд ах надад их хайртай байсан. Бид хоёр, хоёр кинонд нэгэндээ түшиг болж уран бүтээл хийсэн. “Чи нэг нь” киноны Дэлгэрийн дүрээр хөдөөний засан хүмүүжүүлэхэд очиход миний хамтран тоглогч болсон. Чулуунцэнд гуайн дүр тухайн үеийн хөшүүн хойрго, дарангуй, хүнийг ялгаж харьцдаг, одооныхоор бол авлига авдаг, хурган даргын дүрийг гайхамшигтай бүтээсэн. Тэр дүр мөнх үлдсэн шүү дээ. Энэ бүтээл эргэлт шинэчлэлтэд их хувь нэмэр оруулсан. Галаа шинэчлэлт өөрчлөлт, зөв байх өнцгийг харж явдаг хүн. Тэр чанараараа 1990 онд коммунист дэглэмийг халахад миний харц, дуу хоолой, бие хаа нөмөр болсон байхаа гэж боддог. Би ямар ганцаараа хийсэн биш, нөхдүүдтэйгээ нийлээд эргэлтийг хийсэн.

-1990 онд оготны хамраас ч цус гаргахгүй нийгмийн өөрчлөлт хийсэн гэж бахархдаг. Гэтэл саяхан даа, таныг гурил цацуулахыг хараад гутрах шиг болж билээ.

-Өнөөдрийн өнцгөөс бид хамгийн буруутай улс болж байгаа юм байна. Энэ үе удаан байхгүй, цаг хугацаа харуулна. Цаг хугацаа түүхийг бодитойгоор үлдээдэг. ЗХУ өнгөрсөн зууны 70 жил, бараг 100 жилийн хугацаанд Монголын түүхийг зохиож өгсөн. Тэр зохиомол түүхэнд үнэмшиж байсан нөхөд одоо ч байна. Хөөрхий хээр талын гэнэн монголчуудыг хооронд нь алалцуулах зорилготой жалгын нэг тарааж, 330 хэдэн сум, 10-20 аймаг болгож, засаг захиргааны нэгжийг бутархайлжээ. Цаад зорилго нь Монгол үндэстний цусыг нь ойртуулж, архинд живүүлэн мөхөөх зорилготой байсан боловч чадаагүй. Чадах ч үгүй. Харамсалтай нь Бодоо гуайгаасаа авахуулаад Данзан, Гэндэн, Амар гээд хамгийн сор болсон хүмүүсээ бидний дээд үе алуулсан. Тэр түүх эргэж давтагдах царайтай байдаг юм байна. Бидний 13 гэж байсан хүмүүсийн дунд ч, цаашаа 34 хүртлээ тэлсэн юм. Одоо орон даяараа сүрхий ардчилал эрх чөлөө ярьсан хүн зөндөөн л болж. Эргээд харахад бүгд коммунист тогтолцоо, коммунист араншингийн үйл явц, бодол сэдэл нь тархиных нь ухархайд нөжрөөд байж байдаг юм байна л даа.

Ойроос шидсэн чулуу гэдэг болсон уу? Гомдох, харамсах юм уу?

-Тэглээ гээд Галаагийн араншин хэзээ ч ухрахгүй, өөрчлөгдөхгүй, зөв байсан үнэ цэнээ улам л сайн мэдэж байна. Энд харамсдаггүй. Ойр зуурын шалиа палиа, шантаажны нөхөд гарч ирдэг л юм байна. Ганц манай Монголд биш, пост социалист орнуудад бүгдэд нь гарч байна. Нэрлээд яах вэ. Хэдэн социалист орон байлаа, мэднэ ш дээ. Шантаажчид буюу хуурамч эх орончид хол явахгүй гэдэг нь тодорхой болж байна. Яагаад гэвэл Аргентинд Хавьер Милей гэж эрх чөлөөний үнэ цэнтэй ерөнхийлөгч гарч ирлээ. Энэ улс орныг зөв тийш нь залав. Мадурогийн дарангуйлал дуусаж байна. Хүн болгон надтай адилхан, би хүн болгонтой ижилхэн байх албагүй. Үйлийн үрийг эдэлж байж барна гэж Буддын филисофи бий. Энэ бол мухар сүсэг биш. Буруу юм хийсэн бол түүнийгээ эдэлнэ. Зөв юм хийсэн бол жаргана. Тэр лугаа энэ цаг үед буруу амьдарч байгаа товаришууд ёроолдож, хайргадаж байж дуусах юм байна. Түүнээс биш бид татаад, засаад янзална гэж шал худлаа.

-Шинэ парламентыг юу гэж харж байна, их олон шинэ хүмүүс орж ирсэн шүү дээ?

-126 хууль тогтоогчтой нэртэй хуйвалдагчтай боллоо. Засаг төр нь улам занхайн томорч байна. Айлган сүрдүүлж, ичээж зовоож хүнийг дарангуйлж байна.

Хайргадах үйл явц ойртож байна. Орост юу болж байна? Зүв зүгээр байсан бага буурайдуу, гэхдээ хачин их хөгжсөн орон руу дураараа авирлаж, фашизм байна гэж худлаа зохион дайрч, жинхэнэ өөрсдөө фашистаа харуулсан Орос орны удирдлагууд юу болж байна? Курскт юу болж байна? Эндээс нэг ухаарал авдаг толгой байдаг юм уу, үгүй юм уу, харж л сууна.

Галбадрахыг шүншиглэж аравнайлсан би вээр яг л үнэнээрээ үлдэнэ, үзэл бодлоосоо урвахгүй. Хүмүүс янз янзаар хэлдэг, өөрийнх нь асуудал. Миний урлаг, уран бүтээл, улс төрд хандаж байгаа хандлага ийм л байна. Аливаа урлаг төр шүтээд эхлэх л юм бол сөнөнө. Хүн бодитой байх хэрэгтэй байх. Ямар шүтлэгтэй байх нь надад хамаа байхгүй. Бурхнаа шүтнэ үү, бузраа шүтнэ үү, падгүй. Гэхдээ би нэг л шүтээн байдаг гэж үздэг. Тэр нь намайг алга байхад энэ хорвоод бий болгосон ижий шүтээн. Ижий, аав гэдэг юун бурхан… Хамгийн том шүтээн ижий аав гэж л боддог, тэгж ч яваа. Элдэв долоон шашин, уламжлал байна, тээгээд ирсэн зүйлийг би нулимах зохимжгүй, тийм ёс зүй ч байхгүй. Хүн төрөлхтөн ингэж яваад ирсэн юм. Мухар сүсэг, хуурамч улс төр хоёроос өөрийгөө салгаж чадахгүй хүн хэзээ ч өөдлөхгүй.

-Та ном их уншдаг байх аа?

-Хүмүүс ном их уншиж байна л гэнэ. Уншдаг үгүйг мэдэхгүй. Ер нь хүн уншсан номынхоо хавтсанд хавчуулагдаад хатсан эрвээхий шиг гацвал дуусаа. Уншсан номноосоо өөрийгөө гаргаж авах хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн аливаа номны хавтсанд хавчуулагддаггүй. Зөв, буруу бүх ялгааг нь олж харна. Бүтээлээ туурвихдаа ном сөхөж харах, олон зууны түүхийг олж мэдэх, ялангуяа орчин цагийн хандлагуудыг ном судраас олж мэдэх нь хамгийн чухал байр суурь эзэлдэг.

-Та Чингис хаан, Ноён хутагтын дүр бүтээсэн. Үзэхээр Со гавьяат байна гэж бодогддоггүй. Ер нь таныг дотоод хүч ихтэй, их энергитэй гэдэг.

-Бүтээсэн дүр маань намайг эрчилдэг. Чингис хааны дүрийг театрт бүтээлээ, кинонд бүтээнэ гэж бэлтгээд зөндөө юм болсон, гадна талаасаа төстэй болж байсан юм билээ. Ялангуяа И.Нямгаваа найруулагч намайг их урамшуулж, омойтуулан хэлж байсан л даа. Гадна төрх бие, сахал самбаа адилхнаас гадна оюун санаа, сэтгэлгээний хувьд хамгийн бядтай уран бүтээлч шүү гэж хүндэлдэг байв. Одоо ч хэвээрээ.

Чингис хааны дүрийг бүтээхэд эхлээд сургаал үгийг судална. “Саруул ухаанаас илүү сайн нөхөр гэж үгүй, мунхаг хилэнгээс илүү муухай дайсан гэж үгүй, хатамжилж явбал хамагт тустай, ариун явбал аминд тустай” гэсэн үзэл санаа Чингис хааны уураг тархинаас гарчээ. Энэ үгийг тунгаагаад задаргааг нь хийгээд бодохоор Чингис хааны оюун санааны эрчим намайг илүү эрчимжүүлж байгаа явдал.

Үүнээс гадна өчнөөн үг бий. Өөрийн бурууг бусад руу бүү тох. Өрөөлийн гавьяаг өндөлзөн бүү луйвард.

Ашиг горилогч гар харамтгай, алдар горилогч нүүр харамтгай гэх мэт. 13 дугаар зуунд Чингис хаан ингэж хэлж. Чингис хаан бүх шашинг зөвшөөрдөг байсан, шашны мөргөлдөөн гаргахгүй тулд шашинг эрх чөлөөтэй нээлттэй байлгадаг байсан гээд нарийн юм байна. Ийм холыг харсан авшиг миний оюун санааг эрчимжүүлж, тэгэхээр бие махбодийн эрчим ч чамбай болно.

-Равжаа хутагтын дүрийг бүтээхэд ч бас маш их судалгаа хийсэн байх?

-19 дүгээр зууны Равжаа хутагтын дүрийг бүтээхэд 4 мөр л энэ хүнийг нүдэнд харагдуулсан.

Дэмий хэрүүлийг хэрэгсэлгүй

Дүлий хүн шиг бай

Дээдэст зусардахыг тэвчиж

Галзуу хүн шиг яв…

Энэ 4 мөрөөс тэр хүний бүх хөдөлгөөн харц, хандлага тодорсон. Энэ хоёр хүний тухай зөндөө юм ярина. Товчхон ярихад “Үлэмжийн чанар” дуу бол үнэхээр гайхамшиг, мөнхийн бүтээл. Бүсгүй хүний гоо сайхныг нэмэх хасах цэнэг гэдэг эр хүн бүсгүй хүнийг хараад үнэлж байгаа үнэлгээ. Энэ их зөв дамжлагатай, эхлээд харахад ийм сайхан байгаа юм чинь сонсоход ямар байгаа бол, сонсох нь ээ, ийм сайхан юм чинь, үнэрлэхэд ямар байх бол, үнэрлэхэд ийм юм чинь амталбал, амталбал ийм сайхан юм чинь хүртэхүйд… гээд наанаа бүсгүй хүний гоо сайхныг дээд зэргээр гаргаж ирсэн боловч цаанаа бүр хамаагүй холын дээд мэдрэмж. Манайхан Дарь эх гээд ярьдаг, тэр зиндааны. Равжаа хутагтын бүсгүй, охин заяанд хандаж байсан хандлага үнэхээр гайхамшигтай. Ийм хоёр ланжгар хүн Монгол Улсад минь байжээ. Ийм их хоёр хүний ухааны ундаргаас өөрийнхөө тархи руу шингээн авч байгаа гэдэг маань надад маш том олз бөгөөд эрчим, долгис юм даа.

Та Р.Чойном, сүүлд Д.Урианхай гуайн шүлгийг уншсан. Уг нь Урианхай гуайн шүлгийг ойлгох, ойлгуулах амаргүй гэлцдэг?

-Би Урианхай ахын хэдэн шүлгийг тайзнаа амилууллаа. Анх намайг шүүмжилдэг улс “Шүлгийг нь хүмүүс ойлгох юм уу” гэж байсан л даа. Би дуугүй л бүтээсэн, гэтэл хамгийн их ойлгосон нь. Урианхай ахтай уулзалт дээр сууж байгаад “Та энэ шүлэг найргаа хэзээ бичдэг вэ” гэхэд “Би шүлэг бичихгүй, энэ үс антенн, мэдээлэл ирэхээр нь буулгадаг” гэсэн. Би бүр ангайхгүй юу. Юу яриад байна, мухар сүсэг үү, юу вэ гэж бодоод…Онгодоо л хэлж байгаа юм.

Жишээ нь, Чингис хаан Хорезмд 500 гаруй элч худалдаачнаа улс төр, эдийн засгийн дипломат харилцаа тогтоох гээд явуулжээ. Гэтэл бүгдийг нь хиаруулсан ш дээ. Тэр мэдээг аваад Бурхан Халдуны бэл рүү Боорчийн хөндийд очоод 3 хоног завилаад суучихсан гэсэн. Бараа болж яваа улс санаа зовно биз дээ. Юу ч ярихгүй, юу ч идэхгүй 3 хоног суугаад, 3 дахь хоногийн өглөө нар тусахад ялимгүй дулаахан инээмсэглэл тодруулаад “За Хорезм үнсэн товрог болно оо” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд Хорезм дууссан. Хуучин Хорезм байсан газар үүссэн Иран энэ тэр, энэ оросууд Чингис хаанаас ухаанаа гартал айдаг. Яг нарийндаа урд, хойд хөршийг манай дээдсүүд байгуулаад өгчихсөн. Алтан орд, Хубилайн улс Юань гээд. Бээжин энэ тэр манай дээдсүүдийн бүтээсэн түүх. Тэр түүхээс айдаг улсаас бид айдаг.

“Өвөг Чингист хонзонтой улсын өлмийг долоож

Өүлэн эхийн угсааг суух газаргүй хавчиж

Үсэнд чинь ярганы мэс билүүдэж суухад

Үг дуугүй дуугаа хураахад уур минь хүрч байна” гэж Р.Чойном бичлээ. Чойномоос өөр хүн бичээгүй, бичиж чадах ч үгүй. Чойном гэж бас нэг тийм эрчим байна. Чойном өөрийгөө “Би Равжаа хутагтын сүнс” гэж хэлсэн байдаг юм. Тэр эрчим салахгүй явж байна. Үзэл санааны эрчим, оюун бодлын охь ундарга нэгэн чиг рүү явж байгаа учраас энэ хүмүүсийн хэлж ярьсныг улбаалж аваад байна, миний хувьд. Тийм учраас Чойномд хүндэтгэлтэй, Равжаа хутагтдаа бишрэлтэй ханддаг. Чингис хааны сургаал суртаалын товчоо уг бүрэлдэхүүнээрээ надад байгаа. Хиад боржигон Цэгмидийн Нацагдорж гэж зохиолч эрдэмтэн хүний судалгаа хоёр том ном байна. Би байнга сөхөж хардаг.

-Таны гэргий тантай хамт нэг л удаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэж дуулан тайзанд гарсныг мартдаггүй. Социализмын үед 2-3 жилд бүтэн аймгаас нэг л хүүхэд шалгаруулж авдаг, авъяастай болоод кино драмын ангид элссэн байх. Гэхдээ таны ард үлдсэн санагддаг.

-Эхнэр маань миний дараагийн ангид орж ирсэн охин. Бид хүүтэй болоод нэг анги ухраад сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд Ажилчны соёлын ордонд найруулагчаар очсон. Надаас илүү өндөр цалин авна, 750 төгрөг. Дараа нь Монголын үндэсний телевизэд ассисент найруулагчаар ажилласан. Бадрах гэж найруулагчийн багт ажиллаж байлаа, тэндээс их ч юм сурсан. Асар их тэвчээртэй сайхан хань. Би цаг үетэй нийцдэггүй, хүн болгонтой таардаггүй, одоо ч тэр хэвээрээ. Энэ араншин намайг үхсэн ч үлдэнэ. Галаа, “Хүмүүн заяаны өлгий”, “Жамаас”, “Би өөрөө” гээд үлдэнэ шүү дээ.

  Хурц араншинтай намайг миний эхнэр аргадаж, хурцална зөөллөнө, миний хурцдаж, түргэдэж байгааг жаахан мөлийлгөж өгдөг чадвартай, ухаантай бүсгүй л дээ. Тийм учраас би өөрөөрөө бахархдагийн адил эхнэрээрээ бахархдаг. Одоо манайх хүү охинтой, хоёр ач, нэг зээтэй.

-Шилжилтийн, анх л хөлөө олж байсан үеийн дурсамжаасаа сөхвөл?

-Яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар Хотын дарга байсан Л.Энэбиш гуайд санал тавиад, энэ хоёр намайг их омойтуулж 2 өрөө байр шагнаад. Тэд миний бүтээл туурвилд минь эх ундарга болсон юм. Эхнэр хүүхдээ тохь тухтай нөхцөлд орхиод гав ганцаараа гитартай гарна, хаа газар очно, микрофонорхуу юм байна, байхгүй шахуу даа. Хань болж байгаа юм нэг алаг гитар. Сүүлдээ УАЗ 469 Дээд шүүхээс худалдаж аваад л. УДШ-ийн дарга Дэмбэрэлцэрэн, орлогч нь Чинбат ах хоёр надад урам өгч, Дээд шүүхийн 4 дугуй нь жаахан элэгдсэн УАЗ-469 машиныг нь би худалдаж авах боломж олгосон. Нөгөөхтэйгөө найзаараа жолооч хийлгээд хөдөө явна. Тоглолтоос гадна хөдөө гадаа явахад судалгаа хийнэ. 1989 оны эрх чөлөөний хөдөлгөөний дараа би тэгж амьдарсан, хэн нэгнийг царай алдах дургүй би өөрийнхөө бядаар явдаг. Тэгж явсны буян өгөөжөө өгсөн.

-Либерти гэдэг үг тантай хоршоо үг шиг явах болжээ. “Атлантын нуруу тэнийв” роман, Айн Рэнд зохиолчийг Монголд алдаршуулахаад та чамгүй үүрэг гүйцэтгэсэн, жүжгүүдийг нь найруулсан..?

-Өнөөдөр миний эхнэр, үр хүүхдээс гадна надад хамгийн их урам зориг өгдөг хүн “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн. “Либертари сан”-г 2004 онд байгуулаад “Алтан тариа” компани ивээн тэтгэж маш олон ном орчуулсан. “Капитализм ба эрх чөлөө” гээд Фридманы номнууд, Айн Рэндийн олон номыг орчуулан хэвлүүлсэн.

Би Айн Рэндийн 3 жүжгийг найруулан тавьжээ. “Бид амьд хүмүүс”, “Эх ундарга”, “Атлантын нуруу тэнийв” роман, “Капитализмыг өмөөрөхүй”-г уншсаны дараа Цэнгүүнд хандаад “Энэ хүн жүжгийн зохиол бичсэн байна уу” гэхэд “Бичсэн байна” гээд гурван жүжгийн зохиолыг авчирсан. “Эх сурвалж”-ийг орчуулсан Батчулуун докторыг урьж шөл халбагадангаа “Энэ 3 жүжгээс алийг нь орчуулмаар байна” гэж номыг нь өгсөн юм. Батчулуун доктор “Сайтар эргэцүүл” жүжгийг сонгож орчуулаад хамгийн анх тэр жүжгийг бага тайзан дээр тавьсан. Дараа жил нь миний дууны найруулагч Д.Баатарынхаа охин Цацрал дүүдээ хэллээ, “Төгс” жүжгийг их сайн орчуулсан. Холливудын жүжигчинг хүн амины хэрэгт холбогдуулсан сэдвийн дор бичсэн жүжиг. Тэрийг тавиад, дахиад л завсар гаргалгүй “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Цацралаар орчуулуулсан. Ингэж энэ гурван жижгийг жил дараалан тавьсан. Эрх чөлөөний үнэ цэнэ, өөрийнхөөрөө байх, өөрийгөө үнэлэх, хүндлэх, би төвтэй үзэл хүний өөрийн хөгжлийн болоод тухайн тогтолцоо нийгмийн маш том тулгуур байдаг юм гэдэг санаанууд. Гэтэл хамгийн сүүлийн жүжгээс нь ухраагаад тавьчихсан байна лээ. Одоо энэ гурван жүжгээ эхнээс нь том тайзан дээр тавих төлөвлөгөөтэй, жүжгийн бүрэлдэхүүн толгой дотор эргэлдээд явна.

-“Мандухай сэцэн хатан”, Мөнх тэнгэрийн хүчин дор кинонд таныг оролцоогүйд гайхдаг. Танд 9 өрлөгийн дүр олдоогүй, тэнцэхгүй байна гэж байхгүй дээ?

-Намайг цэрэгт явуулчихсан юм. 28 настай цэрэгт явуулаад, хүмүүжээд хүн болоод ир гэсэн. Манай театрын бодлого л доо. Тэр үед намайг хүмүүжилгүй гэдэг байсан юм. Театрын дотоод бодлого, тавигдаж байгаа жүжиг, театрт амьдарч байгаа зарим хүмүүсийн үзэл санаатай нийцэхгүй, нөгөө л эрх чөлөөгөө ярьдаг, зоргоороо. Гитартайгаа шинэ жилээр энэ тэрүүгээр яваад хэдэн төгрөг олчихно. Цалин бага 550 төгрөг, байнга хэл ам хийгээд хасуулна, 450-иас хэтрэхгүй. Шахалтаар цэрэгт явлаа. Одоо ч тухайн тогтолцоо хэвээрээ л байна. Урлаг, улс төрийнхөнд таалагддаггүй хэвээрээ. Тэр үед бүр аргагүй. Би ч буруутгадаггүй, тэгснээрээ бүр илүү хурцлагдсан байх. “Мандухай”-д нэг юманд оруулсаан, Мандуул хаан, Мандухай хоёрын найран дээр би агсам тавьж байгаа ш дээ. Тэр үеийн найруулагч нарт би тийм таатай харагддаггүй байсан. Хэн хүнд сайн тал засна, долигонож чадна, амьдардаг хорвоо байсан, одоо ч хэвээрээ. Өөрийнхөө зангаас болдог гэдгээ ч мэддэг, тэглээ гээд хохироогүй ээ.

Бөөрний хагалгаанд орж, цэргээс халагдаад театртаа ирсэн. Тэгэхэд “Илүү сартай зун”-ыг хийнэ гэж дуулдаж байсан. Равдан ах, Сэлэнгээ эгч хоёр л Сэлэнгэсүрэн найруулагчид “Галаа чинь манай театрын коридорт гүйж явдаг юм ш дээ” гэж зааж өгсөн байна лээ. Би “Эрдэнэ засгийн унага” дуулах дуртай, өглөө театрын хаалгаар дуулаад орно. “Эрдэнэ засгийн унага” гээд орилоод явна, тийм хүн тэр үед эрүүл харагдахгүй ш дээ. Өнөө өвчит явж байна, ороод ирлээ гэдэг байж. Тэгж харсан улсын ч буруу биш, огт буруутгадаггүй юм. Цаг үе нь тийм байсан, буруутгах шаардлага ч байхгүй байсан юм билээ. Одоо улс төрийнхний надад хандаж байгаа хандлага, хуурамч байгаа энэ тэр нь хэвээрээ байхад тэр үед бүр аргагүй юм даа.

-Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд та ороогүй…

-Дамчаа гуай бид хоёрыг аав хүү хоёр гэдэг байсан юм. Намайг нууц хүүхэд нь гэж хов цуу яриа гарахгүй юу. Дамчаа гуай надад дандаа аав нь гэнэ. Дамчаа гуай бид хоёр үзэл санаа нэгтэй байсан. Дэлхийн бөө нарын чуулга уулзалт Бумбатын аманд болж, Дамчаа гуай намайг оруулав. Тэнгэр үзэл гээд л, баахан гадны судлаач эрдэмтэд ирээд, тэр дотор лав С.Дулам гуай явж байсан. Тэнд жижигхэн үзэгдэл гаргаад Мягаа ах, Нямсүрэн ахад баатрын хувцас өмсүүлээд намайг Чингис хаан, миний эхнэрийг Бөртэ болгоод, Дамчаа ахын эхнэр бас тоглоод бөө нарт үзүүлэхгүй юу. Би Дамчаа гуайн үгнээс гарахгүй. Очоод нүүрээ хувиргаад л тоглосон. Тэр л Чингис хаантай төстэй болсон юм байна. Дараа нь тарваганы боодог идээд тэр хавьдаа суусан. Тэгэхэд Дамчаа ах “Хүүгээ Чингис хаанд тоглуулна гэж бодоод санал тавиад бараагүй юм, сая өөрийнхөө мөрөөдлийг биелүүллээ. Би буруу хараагүй юм байна” гэсэн. Тэр л үлдсэн, хэн хэн дургүй татгалзсан, надад хамаагүй л дээ. Дамчаа гуай Чингис хаан кинонд тоглоогүй. Сувдаа багш Өүлэнд тоглосон, Дамчаа гуай ороогүй. Ороогүй шалтгаанаа ч хэлсэн. Би ч ухаараад өнгөрсөн. Тэр үед би туранхай ч байсан нүдэнд нь өртөөгүй биз, Дамчаа гуай л Чингис хаан болгож харсан юм билээ. Бид хоёр салдаггүй ходий байсан, эмнэлэг домнологт хамт хэвтэнэ. Өнгөрөхөөсөө 3 хоногийн өмнө уулзаад, яриад. Элбэгдоржийг анх ерөнхийлөгч болоход: “Аав нь одоо болно оо, энэ хүүхэд ерөнхийлөгч болчихлоо, аштай юу” гээд их тайтгарсан. “Аав нь удахгүй буцна аа” гэж гурвантаа хэлсэн. Яалаа гэж дээ гэж тайтгаруулсан ч гурав хоногийн дараа бурхан болсон юм. Сүрхий улс өөрийгөө мэддэг юм билээ.

Бас Бадрууган бид хоёр ойр байсан, нэг удаа хуушуур хувааж идсэн юм. Тэгэхэд бас “Энэ бид хоёрын хамгийн сүүлчийн хоол” гээд, би “битгий муу ёрлоод бай” гэсэн. Үнэндээ дахиж уулзаагүй. Сод хүмүүс онцгой байдаг юм билээ.

-Та ардчиллын анхны 13-ын нэг, гэхдээ УИХ-д нэр дэвшсэнгүй. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Х.Баттулгыг дэмжсэн. Одоо шүүмжилж байна. Яагаад, юунаас болоод ингэх болов оо?

-Өөрийнхөө гишгэсэн мөр, гаргасан сүүдэр, алдсан алдаагаа эргээд харахад улс төрд миний оролцоо чамгүй байсан гэж болно. Ер нь улс төр хөөж яваа хүмүүс нэг л биш байхыг олж харсан. Надад Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн болох боломж зөндөө байсан. Тэр битгий хэл Соёлын яамны сайд ч болох боломж байсан. Нөхөд ятгаж, би байнга татгалзаж ирсэн. Миний хамгийн сайн чаддаг, чансаатай байж чадах газар урлаг, тайз дэлгэцийн бүтээл. Яах вэ, УИХ-ын гишүүн болоход ядаж л худлаа ярихгүй, бодитой дуугараад байх боломж бий. УИХ-ын гишүүн болж байгаа хүмүүсийг хараад яасан ядуу тархитай юм бэ гэж халагладаг. Гэхдээ муу юмандаа ямар лут юм бэ.

2009, 2013 онд Элбэгдоржийгоо ерөнхийлөгч болгох гэж явсан. Ер нь бүгдэд нь, Бат-Үүл, Лу.Болд гээд УИХ-ын гишүүн байсан М.Сономпил гээд л бүгдээрээ миний дуу хоолой, нэр нүүрийг урдаа бариагүй нэг ч хүн байхгүй. Ёстой омог бардам хэлнэ. Анзаараад байх нь ээ, улстөрчид чинь жаахан ашиг харагч, гар харамтгай гэгчээр тийм л амьтад юм байна.

“Женко” одоо ч “Со ах” гэдэг юм гэнэ лээ. “Со ах аа” гээд салдаггүй л байсан, би ч дотроо хүндэтгэдэг л байлаа. Энэ хүний цар хүрээг 2017 онд л гадарлаж эхэлсэн. Одоо цаг хугацааны эрхээр мэдрэгдэж байна, танигдаж байна. Энэ хүнийг 2017 онд Ерөнхийлөгч болоход хамгийн том түлхэц болсон хүн би өөрөө. Яг өнөөдөр энэ нөхрийг таньж чадаагүй, харалган явсан миний буруу юм байна гэж харж байна. Монголын улс төрд айхтар буруу юм хийхэд би оролцсон байна. Тийм учраас би их буруутай хүн, буруугаа ч хүлээдэг. Буруугаа хүлээх чадвартай байх хэрэгтэй. Одоо бол хайр найргүй шүүмжилнэ. Яагаад гэвэл бодит байдал ийм байна. Монгол Улсыг доройтолд орж байгаа, ядуу хэцүү байна гэж яриад байна. Одоо 102 сумын 100 жилийн ой болж байна гэнэ үү. Би ойлгохгүй байгаа юм, 1924 онд ЗХУ сумдыг хувааж эхэлжээ дээ. Логиктой хандах хэрэгтэй, аймаг нь 100 жил болоогүй байхад сум нь 100 жил болоод, аав нь 100 хүрээгүй байхад хүү нь 100 хүрээд байж болох уу…Яасан дураараа, үрэлгэн араншин бэ. Энэ их мөнгө хаанаас гардаг юм? За яах вэ, их сайнаар цайруулаад татвар төлөгчдийн буюу төсвөөс мөнгө аваагүй юм байна гэж бодъё. Хандив өгсөн газруудаа бичсэн байна. Хүн нутаг орноо бодоод хэдэн төгрөг аваад очиж гэж бодъё. Ийм төлөөс золиостой… Хандив өргөж байгаа компани, хүн тодорхой хэмжээний ашиг орлого, бизнестэй байгаа. Тэдний хөлсөө урсгаж, нойр хоолгүй зовж олсон мөнгийг тэнд хурааж авах ямар шаардлага байна. Ой тэмдэглэж байгаа нь залхаг, ямар ч замбараагүй. Харж байгаарай, өвөл бөөн хэрүүл болно. Ядарч зовж байна, үхэж хатах гэж байна гээд… Зунжин 102 сум 100 жилийн ой тэмдэглэж, морь мал унаж, архи дарс ууж агсам согтуу тавьчихаад бензин алга болох нь гээд байдаг. Э.Оюун багшийн шавь Монголч эрдэмтэн Кимура Аяако “Муухай Монгол хүн” гэж бичсэн. Нэмээд “Монгол Улс хөгжихгүй, яагаад гэвэл улсыг, хүнийг хөгжүүлдэг ёс суртахууны суурь байхгүй” гэсэн. Үүнд гомдоод байх шаардлагагүй. Харин ч юу билээ гэж бодоод ёс зүй, ёс суртахуун дээрээ анхаармаар.

-“Лайвчин” Мөнх-Эрдэнэ, УИХ-ын шинэ гишүүн Д.Жаргалсайхан таны дүү гэнэ. Ямар холбоотой юм бэ?

-Мөнх-Эрдэнэ миний ээжийн төрсөн эгчийнх нь зээ. Өөрөөр хэлбэл миний ээжийн төрсөн эгчийн охиных нь хүү. Ээжтэй нь би үеэл, Мөнх-Эрдэнэ миний бүл. Жүдогийн М.Уранцэцэг бас миний бүл дүү. Жаргалсайхан бид хоёр яс нэгтэй ахан дүүс. Би аав, ээж хоёрынхоо хамгийн том хүүхэд нь. Намайг мэндэлсний дараа тус тусдаа өөр амьдралтай болсон. Эх нэгтэй 7 дүү, аав нэгтэй 7 дүү бий. Тэдэнтэйгээ ойр байлгүй яах вэ, гэхдээ ааш араншин бол өөр. Аав Дамдинсүрэн, ээж Чимэдсүрэн хоёрын дундаас нэг л Галбадрах гарсан юм. Гарах өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, олдох өдрийн эрчим энэ тэрээс болдог биз, хүн болгон өөр байдаг.

Монголчууд “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй, Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг. Би хүний эрхэнд жаргаж зовсноос өөрийн эрхээр зовж жарга гэдэг филисофитой хүн. Манай дүү нар их ажилсаг хөдөлмөрч, аминдаа зөв явж байгаа, тус тусдаа бие даасан хүмүүс.

Би Жаргалсайханыг УИХ-ын гишүүн болно гэхэд дургүй байсан. Дэмий дээ гэдгээ ч хэлсэн. 2017 онд Баттулга ЕТГ-таа ажилд авна гээд, би бас дургүй л байсан, “Хэрэггүй ээ, миний дүү залуу хүн гадагшаа, Англид сургууль соёлд яв” гэсэн, миний саналыг хүлээж авах боломжгүй байсан юм уу, цаанаас нь шахсан юм уу? Сая миний хамгийн дургүй хүрсэн юм юу гэвэл “Намайг л сонгоод аль болохоо байлаа шүү. Улс эх орныг чинь зарж худалдах гэж байна. Аргаа бараад Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан хүн гуйж байна, сонгоод аль” гээд Жeнко боож үхэхээ шахаж, сонгогчид ч эвий хөөрхий гээд бас луйвардуулангаа сонголоо.

Сонгогчдын хамгаалалтаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамгаалалтад орж, нэмээд дээрэм хийх ажлаа үргэлжлүүлж Ц.Тувааныг Уул уурхайн сайд болголоо.

ОХУ-ын ФСБ-ын дарамтнаас гарах авралын гарцыг хайх нь Жeнкод өөрт нь өлзийтэйсөн.

-Одоо Оросоос айдаг ч юм уу гэмээр үг чуулган дээр унагах улстөрч цөөнгүй байна...

-Миний гарт Виктор Суворов гэдэг хүний ном байна. Жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун. КГБ-д байсан, одоо оргож гараад Англид амьдарч байгаа. Тэр хүн КГБ рүү орж болно, харин гарч чадахгүй, гарах гарц нь яндан, авс хоёр гэж бичсэн байна. Тийм юм руу Монгол хүн цувраад л 1, 2-оороо орох гээд оочирлож байна. Эхэнд нь Х.Баттулга, АН-аас нэлээн олон болчихлоо, Лу.Гантөмөр гээд дагаж давхиад байгаа нөхдийг тийм хувь заяа тосож яваа. Би мууд дурлаад байгаа биш, жудагтай, хүн чанартай, нүнжигтэй, Монгол хүн бай. Өнөөдөр Цэдэнбал Чойбалсангийн үе биш, Монгол Улс хоёрхон хөрштэй биш, 200 гаруй хөрштэй, 192 оронтой дипломат харилцаатай. Хаанаас ч бензинээ авч болно. Солонгос, Хятадаас авч болно. Ганцхан Оросоос нефть гардаг юм биш. Бодоо, Данзан, Гэндэн, Амар гуайн буруу биш, тэднийг шүүх хуралгүй буудаад алчихсан гэдэг нь ил гарч байна. Энэ бүхнийг дуулгаж мэдүүлэхгүй бол болохгүй учраас манай “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн ивээн тэтгээд, би найруулсан “Давтаж болохгүй, мартаж үл болох түүх” нэвтрүүлэг Ютүб дээр тавигдаж байгаа. Манай багийнхан Монгол судлаач эрдэмтэн Сергей Кузьмин, О.Батсайхан доктор нартай Хиагт руу явж Дээд, Доод Шивээд очиж, Маймаа хотын 4 пулёмот зоосон газар, Эвцэг гэж газар очоод Барон Унгерн гамингуудыг Монголоос яаж зайлуулсан тухай нэвтрүүлэг хийгээд ирсэн. Одоо нэмж хоёр түүхчээс яриа аваад олон нийтэд хүргэнэ. Уран бүтээлээс гадна миний зорьж байгаа зорилго Монголчуудын түүхийг зохиомлоор биш бодитоор хүргэж, түүх зохиож та нарыг хуурч хулхидаж байсан гэдгийг таниулна. Одоо дахиад Монголын улс төр дотроос шүд авч байгаа юм шиг түүгээд, яндангаар гаргах аюулд учраад байна гэж сануулаад байгаа юм л даа. Уг нь надад баярлах ёстой.

-Цоодолын Хуланг тагнуул байсан, тагнуул хийсэн л гэх юм...

-Яруу найрагч Хулангийн тухайд боддог, мөн Мөнхбаяр, Санждорж лам байна. Санждорж гэдэг хүнийг шүүмжилдэг, би дургүй, үнэхээр бүтэлгүй нөхөр. Юун ламизм, Буддын филисофи, ёс зүйгүй хүн. Сая Цэнддоо “Хуланг суллая” гэж бичсэн. Маш сайн нийтлэл. Женког 4 жил амьдрах эрхээ сунгалаа гэж байгаа. Х.Баттулга үнэнээ хэлээд монголчуудынхаа хамгаалалтад орчих л доо. Бид хамгаална ш дээ. Гэхдээ тэгэхээсээ ч өнгөрсөн л байх даа…Саяын сонгуулийн хамаг хор хутгуушийг хийсэн хүн Женко.

-Та сонгууль болоогүй байхад сонгуулийн дүн аль хэзээний гарсан, МАН ялсан гэсэн. Үнэн байж, яагаад тэгж хэлсэн юм бэ?

-Үр дүн тодорхой бүгд хуйвалдсан, Хөвсгөлд 8-уулаа явсан. АН-аас ганцхан Баттулга гарсан. Дагаж явсан АН-ын хэд нь золионы ямаа болж байгаа юм. Саналыг нь сап гээд өөр лүүгээ татаад зориуд нэгээр гарах хувилбараа хийж амжсан. Сонгогчид хүн бүр хууртагдаж байгаагаа ухаараагүй цагт хэцүү. Энэ 126 гишүүн чинь сонгогчдын толь, тусгал шүү дээ. Хам хэрэгтэн нь сонгогчид өөрсдөө, сонгогдсон гишүүд ч адилхан. Монголын хүн бүхэнд байх эрх чөлөөг дээрэмдэж байна. Хулан, Мөнхбаяр, Санждорж тагнуул юм бол ТЕГ-ын дарга асан Х.Баатар Ц.Нямдоржийн тухай хэлсэн дээ. Одоо мөн ФСБ-ын зараал Х.Баттулга, энэ хоёрыг давж, тэр гурав тагнуул хийнэ гэж байхгүй. Тийм учраас бодитой хандах хэрэгтэй. Ц.Хуланг эргээд оччих юмсан гэсэн бодол байна.

Юманд бодитой хандахгүй хууртаад явбал Монгол үндэстний үргэлжлэх үнэ цэнэ алга болно. Тархи угаана гэж ярьдаг, угаавал цэвэрлэгдэнэ, харин бохирдуулж, буртаглаж байна. Хүмүүсийнхээ оюун санааг хаячихсан юм билээ, бид. Хүн сүргийн тогтолцоо хэцүү. Гэхдээ зүүнтнүүдийн төгсгөл рүүгээ явж байгаа цаг үе. АНУ, Европод зүүнтнүүд байна. НҮБ тэр аяараа зүүнтнүүд. Ингээд ярихаар НҮБ-ыг шүүмжилдэг хэн бэ гэдэг. Тэр Грета Тунберг гээд Швед охиныг ашиглаж хүн төрөлхтнийг сүрдүүлсэн явдал НҮБ-ын гамшиг. Сайшаалтай нь Аргентин, Венесуэл эхнээсээ ойлгож байна. Манайх Венесуэл шиг болж байж сэргэнэ. Энэ сонгуулийг Оросын ФСБ найруулсан. Женко дэвшихгүй гэж байгаад гэнэт нэр дэвшсэн, дэвшсэнийхээ дараа юу болов. Улс орныг чинь зарах гээд байна аргаа ядаад нэр дэвшлээ гэнэ. Аргаа ядаад гэдэг нь амь авраарай гэсэн үг. МАН-ын жинхэнэ дарга Х.Баттулга, жинхэнэ ерөнхийлөгч Х.Баттулга, хэвээрээ байх юмыг КГБ (ФСБ) хийж байгаа. Манай тогтолцоо хадны дунд хавчуулагдсан тогтолцооноос гарахгүй л бол явахгүй. Худлаа Хятадын, Оросын нэр барина. Манайх 192 оронтой дипломат харилцаатай, хятад нь ч бай, орос нь ч бай манай дотоод хэрэгт бүү оролц, манайх Үндсэн хуультай улс. Тийм учраас эдийн засаг, худалдаа арилжаагаар хүмүүс хоорондоо чөлөөтэй харилцаг, нээлттэй байг, хууль ёс журмыг дээд зэргээр барьж, аль ч гүрэн улс орон АНУ, Япон, Солонгос, Англи, Гeрман… аль нь ч бай, бусад орныхоо эрх ашигт хутгалдахгүй байх тийм зарчмаар явна гэдэг хандлага хэрэгтэй байна. Хойд хөрш, хоёр том улс байхад хэцүү гээд байгаа юм, үгүй ш дээ. Энэ 1990 оны эрх чөлөөний дархлаа устахгүй шүү. Яагаад гэвэл дэлхийд нээлттэй болсон, хаа байсан Венесуэлийн долгион, Курскийн мэдээ бидэнд хэдхэн секундын дотор орж ирж байгаа биз дээ.

Тийм учраас Монгол хүнийг айлгаж, Оросын ч юм уу Хятадын хараат болгоно гэж байхгүй. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Цэдэнбал, Чойбалсан хоёрыг манай мөртлөө хүнийрхүү болсон гэдэг юм. Одоо манай мөртлөө хүнийрхүү болсон хүнийг улс төр лүү хэрхэвч оруулж болохгүй.

Ор хөнжилдөө орсон намуудыг МАНЖАН ХҮН гэвэл зохилтой. Ийм нөхцөлд 2028 он гэхэд монголчуудын тархины гажиг, буртаг арилсан байх учиртай. Төрд өмч төвлөрвөл авлига хэзээ ч арилахгүй. Нээлттэй хувьчлаад, хувийн хэвшил ажлаа явуулахад садаа болохгүй байх хэрэгтэй, татварыг эрс бууруул. Eсөн яамтай байна гэсэн юу болов. Цомхон тогтолцоо руу орохгүй бол явахгүй. Авлигатай тэмцэх нэрээр авлигаа улам цогцлоож байна. Авлигатай тэмцэж ялдаггүй, төрийн өмчийг нээлттэй хувьчилж, төрд өмч төвлөрүүлэхээ больсон цагт авлига өөрөө устана. Түүнээс хэн нэгэн байгууллага, хүн тэмцээд дийлэхгүй, эсрэгээрээ улам өснө. Авлигатай тэмцэж буй даргын сургийг сонсох нь ээ, өөрсдийнх нь амьдрал сайжраад байгаа юм билээ.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *