Монголын Таеквондогийн Холбооны медальтнууд Баасан гаригт эх орондоо ирнэ
Парис 2024″ зуны спортын паралимпын наадам энэ сарын 28-ны өдөр хөшгөө нээсэн билээ. Энэ удаагийн паралимпын наадамд Монгол улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин хүч үзэж байгаа бол наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн -52кг жинд өрсөлдсөн Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ У.Сүрэнжав аваргын алтан медалийг хүртэн монгол түмнээ баярлууллаа. Тэрээр дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байсан ба эхний тойрогт хэсэг толгойлогчийн давуу эрхээр гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Египт улсын тамирчинг, хагас шигшээ тулаанд тус жингийн №1 Мексикийн К.Гарсиа нарыг илүүрхэн ялж аваргын алтан медалийн төлөө шалгарсан билээ. Алтан медалийн төлөөх тулаанд Ираны тамирчинг 5:2 харьцаагаар ялснаар У.Сүрэнжав Монгол улсын олимпын аварга болж буй тав дахь, анхны эмэгтэй олимпын аварга, Таеквондогийн спортоор олимпын наадамд аваргалж буй анхны монгол тамирчин гээд анхдагч бүхний эзэн боллоо.
Энэ удаагийн олимпод таеквондогийн спортоор Монгол улсаас хоёр тамирчин оролцсоны нэг нь дэлхийн болон ази тивийн тус бүр таван удаагийн аварга, Ханжоу Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ хоёр дахь олимподоо оролцсон юм. Өмнөх Токиогийн олимпод медалийн үзүүрээс атгаад алдсан тэрээр энэ удаад мөнгөн медаль хүртлээ. МУГТ Г.Болор-Эрдэнэ үнэхээр хүнд өрсөлдөгчидтэйгээ ширүүн тулаануудыг үзүүлж байсныг монголчууд цэнхэр дэлгэцээрээ үзсэн билээ. Энэ ташрамд түүхэндээ анх удаа паралимпын наадмыг шууд дамжуулан үзүүлсэн Централ телевизийнхэндээ үзэгчдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэх нь зөв байх. Пара ангиллын тамирчид ямаршуухан хүнд хэцүү давааг туулж өрсөлддөг болохыг үзэгчид нүдээрээ харж тамирчдаараа бахархан суусан нь дамжиггүй. Ийнхүү таеквондогийн хоёр тамирчин олимпын наадамд эх орноо төлөөлөн хүч үзэж алт, мөнгө, хос медаль хүртэн монгол түмнээ баярлууллаа.
Монголын таеквондогийн холбоо 1991 онд үүсгэн байгуулагдаж 2016 оноос монгол тамирчин олимпын наадамд хүч үзэж эхэлсэн байдаг. Тэгвэл гурав дахь олимпын наадмаасаа алт, мөнгөн медалийг хосоор нь хүртэж байна. 2021 оноос холбооны удирдлага солигдон таеквондогийн унаган тамирчин хүн холбоог удирдаж байгаа нь тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлж байгаа талаар тамирчид нь ам, дамжин ярилцаж байна. Бид олимпын наадам бүрээс амжилт хардаг спортын топ 4 төрөл дээр таеквондогийн спорт ийнхүү хүч түрэн орж ирлээ. Их түүхийг бүтээж буй Монгол таеквондочдодоо баяр хүргэе. Мөн баярлалаа та нартаа.