ОХУ руу хийсэн экспорт 83, импорт 35 хувиар тус тус өсжээ

0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр /2024.09.03/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь түүний төрийн тэргүүний хувиар Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Монгол болон ОХУ 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээжээ.

ОХУ нь 17 сая 125 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Украин, Польш, Беларусь, Литва, Латви, Эстон, Финланд, Норвеги, Япон, БНАСАУ, Хятад, Монгол, Казахстан, Азербайжан, Гүрж, АНУ зэрэг 16 улстай хиллэдэг ба Монгол, Оросын хилийн урт нь 3543 км. Тус улсын хүн амын тоо 2024 оны байдлаар 146.3 сая. Нийт хүн амын 75 хувь нь хот суурин газарт, 25 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Хүн амын 81 хувь нь орос, 3.9 хувь нь  татар, 1.4 хувь нь украин, мөн тус бүр нэг хувь нь башкир, чечень, армян үндэстэн байх ба 100 орчим үндэстэн, ястан аж төрдөг. Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. Нийслэл Москва хот нь 13.2 сая хүн амтай. 

2011–2022 онд ОХУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 185.6 сая ам.доллар байсан нь манай улсад бүртгэгдсэн нийт хөрөнгө оруулалтын 1 орчим хувийг бүрдүүлсэн. Монголбанкны статистик мэдээлэлд дурдсанаар 1990–2023 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай нийт 904 аж ахуйн нэгж бүртгэлтэй.

ОХУ-тай хийж буй худалдаа нь Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 12.3 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ОХУ руу хийсэн экспорт 83.5 хувиар, импорт 34.6 хувиар тус тус өссөн байна.

Хоёр улсын гадаад худалдааны эргэлт сүүлийн 5 жилд /сая ам.доллараар/:

  • 2019 онд экспорт – 68.0; импорт – 1,720.0 нийт 1790.0
  • 2020 онд экспорт – 57.3; импорт – 1,400.0 нийт 1457.3
  • 2021 онд экспорт – 112.8; импорт – 1,960.5 нийт 2073.3
  • 2022 онд экспорт – 91,6; импорт – 2,611.4 нийт 2703.0;
  • 2023 онд экспорт – 111,1; импорт – 2,386.2 нийт 2,497.3 долларт хүрч, худалдааны тэнцэл -2,2 тэрбум ам.доллар байна.   

Монгол, Оросын худалдааны эргэлт 2024 оны наймдугаар сарын байдлаар 1.704.9 сая ам.доллар, үүнээс Монголын экспорт – 63.7 сая ам.доллар, импорт – 1,641.2 сая ам.доллартай тэнцсэн дүнтэй байна. Монгол Улсын худалдааны баланс -1,577.6 сая ам.долларын алдагдалтай байгаа юм. 

Манай улсын ОХУ-тай хийх экспортын гол бүтээгдэхүүнд зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг ордог.

Харин импортын гол бүтээгдэхүүнд газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна. 

2024 ОНЫ 6-Р САРЫН БАЙДЛААР МАНАЙ 1476333 ИРГЭН ОХУ-Д, ОРОСЫН 966434 ИРГЭН МОНГОЛ УЛСАД ЗОРЧЖЭЭ

2014 оны есдүгээр сарын 03-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн.

Статистик мэдээ:

  • 2019 онд манай 344,267 иргэн ОХУ-д зорчиж, оросын 146,783 иргэн Монгол Улсад зорчсон. 
  • 2020 онд манай 48,401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30,980 иргэн Монгол Улсад зорчсон. 
  • 2021 оны байдлаар манай 12,222 иргэн ОХУ-д зорчиж, оросын 14,231 иргэн Монгол Улсад зорчсон. 
  • 2022 оны байдлаар манай 54,435 иргэн ОХУ-д зорчиж, оросын 74,819 иргэн Монгол Улсад зорчсон.
  • 2023 оны байдлаар манай 264,746 иргэн ОХУ-д зорчиж, оросын 219,966 иргэн Монгол Улсад зорчсон.
  • 2024 оны 6 дугаар сарын байдлаар манай 147,333 иргэн ОХУ-д, оросын 96,434 иргэн Монгол Улсад зорчсон байна.

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛАН ЖИЛ БҮР 620 ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ

1995 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн “Соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамдууд гурван жил тутамд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй бөгөөд 2022-2024 оны хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н. Фальков нар гарын үсэг зуржээ.

Манай улсын иргэд ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын байгууллагуудад нэгдүгээрт, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хоёрдугаарт, яам, байгууллага хоорондын гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр, гуравдугаарт, төлбөртэй буюу нэг талаас хувь хүн, байгууллага, нөгөө талаас ОХУ-ын боловсролын байгууллага хооронд байгуулсан гэрээгээр тус тус суралцаж байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд, тусгай дунд боловсролын сургуульд элсэн суралцах монгол иргэдийн тоо тогтвортой өсөж буй юм. ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын оюутан залууст зориулан жил бүр 620 тэтгэлэг олгодог. 

2018-2019 оны хичээлийн жилд 500, 2020-2021 оны хичээлийн жилд 550, 2022-2023 оны хичээлийн жилд 600 болж  нэмэгдсэн. 

2021-2022 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-ын 60 шахам хотын 220 гаруй их, дээд сургуульд ойролцоогоор 4000 орчим оюутан, сонсогч, аспирант суралцсан байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид орос хэлний сургалтыг 2023 оны есдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *