Хахууль авч 23 дугаар сургуульд хүүхэд оруулсан МУБИС-ийн албан тушаалтныг шүүхэд шилжүүлэв

0

Прокурорын байгууллага наймдугаар сарын 26-30-ны хооронд эрүүгийн 2680 хэрэгт хяналт тавьж, 232-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ албан ёсны цахим хуудсандаа мэдээлэв. Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн зургаа нь авлига, албан тушаалынх байжээ.

Тухайлбал, Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-ийн албан тушаалтан Д.Мандахад яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

МУБИС-ийн дэргэдэх “Гарааны инновацад суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тэрбээр ажиллаж байхдаа нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуульд хүүхэд оруулахын тулд захирал Ц.Цолмонбаатарт нөлөөлсөн хэмээн буруутгагдаж буй аж. 23 дугаар сургуулийн хамран сургах тойрогт хамаарахгүй М.Х-г оруулахын тулд иргэн Э.Л-гээс 2022 оны найм, есдүгээр сард нийт таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Д.Мандах холбогдсон аж.
Мөн ганцаараа А.Г гэх хүний ач нарыг МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд оруулахдаа захирал М.Мөнхбаатарт нь нөлөөлж, гурван сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *