Улс төрийн барометр “…Ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүнд өссөн” гэж зарлав
Монголд улс төрийн судалгаа сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байна. Улстөрчид, улс төрийн намууд ч судалгааг хэрэглэж сураад байгаатай холбоотой. Тэр хэрээр судалгааны чансаатай байгууллага олон ч болж байна. Тэдний нэг, гэхдээ нэлээд туршлагатай МЭК гэж байгууллага бий. Тус байгууллага ээлжит судалгаа болох “Наймдугаар сарын улс төрийн барометр”-ийг зарлажээ. Тэд энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1800 иргэнээс 2024 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд квотчилсон, санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэн авчээ. Судалгаа өгсөн иргэд нэр заагдсан улстөрчдөд 1-10 хүртэл оноо өгдөг байна. Тэгээд ямар дүн гарсныг танилцуулъя.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2024 оны долдугаар сард 5.2 оноогоор үнэлж байсан бол наймдугаар сард 5.1 гэж үнэлжээ. Түүнийг дэмжсэн санал өгсөн хүмүүсийн 20 хувь нь “…Шударга”, 19 хувь нь “…Ажилч хичээнгүй”, 11 хувь нь “…Хэлсэндээ хүрдэг” гэсэн байна. Шүүмжтэй саналуудын 25 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна”, 23 хувь нь “…Худлаа попордог”, 17 хувь нь “…Хариуцлагаас зугтдаг” гэжээ.
УИХ-ын үйл ажиллагаа анх долдугаар сард 5 хувийн үнэлгээтэй байсан бол наймдугаар сард 4.8 болж буурчээ. Дэмжсэн саналын 42 хувь нь “…Ажлаа сайн хийх байх” гэсэн байна. Шүүмжилсэн хүмүүсийн 52 хувь нь “…Шинээр бүрэлдсэн тул сайн мэдэхгүй байна”, 41 хувь нь “…2024 оны төсвийн тодотгол” гэсэн хариултыг хэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд долдугаар сард 6.1 хувийн үнэлгээтэй байсан. Наймдугаар сард 5.9 болж буужээ. Түүнийг дэмжсэн саналын 20 хувь нь “…Авлигын эсрэг ажиллагаа”, 15 хувь “…Эдийн засгийг сэргээх бодлого”, 11 хувь нь “…Ипотекийн зээл олгож эхэлсэн” гэсэн бол шүүмжтэй саналуудын 43 хувь нь “…Үнийн өсөлт”, 20 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 12 хувь нь “…АН-тай нэгдэж засаг байгуулсан” гэжээ.
Хотын дарга Х.Нямбаатарыг иргэд 2024 оны долдугаар сард 4.2 үнэлгээ өгч байжээ. Харин наймдугаар сард 4.4 болж өссөн байна.
Түүнийг дэмжихдээ 16 хувь нь “…Хот тохижилт”, 14 хувь нь “…Ажлаа хийж л байгаа”, найман хувь нь “…Замын түгжрэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа” гэсэн. Шүүмлэлийн 29 хувь нь “…Түгжрэл”, 24 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 17 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна” гэжээ. Мөн улс төрийн нам эвслүүдийн авсан үнэлгээ долдугаар сард МАН 5.7 байснаа наймдугаар сард 5.5 болсон. АН 5.5 байсан бол 4.5, Үндэсний эвсэл 5.2 байснаа 5.0, ИЗНН 3.9 байснаа 3.4 болж буурсан байна. Харин ХҮН нам 4.8 байсан нь наймдугаар сард хэвэндээ байна. Үйл ажиллагаа нь таалагддаг есөн улстөрчийг санал авсан хувиар нь эрэмбэлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлжээ. Түүнийг наймдугаар сард судалгаанд хамрагдсан хүмүүсийн 21 хувь нь дэмжсэн байна. Өмнөх долдугаар сард 22 хувийн санал авч байжээ. Удаах байрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бичигджээ. Түүнийг иргэдийн 21 хувь дэмжсэн бөгөөд өмнөх долдугаарт сард мөн ийм санал авч байжээ.
Гуравдугаарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга 15 хувь, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр, Ч.Лодойсамбуу нар тус бүр есөн хувь, Шадар сайд Т.Доржханд найм, Хотын дарга Х.Нямбаатар долоон хувийн санал авч энэ жагсаалтыг бүрдүүлжээ.
Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 18 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрбээр өмнө нь мөн 18 хувийн санал авч байжээ. Удаах байрт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 17 хувийн саналаар оржээ. Гуравт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 11 хувь, тэгээд араас нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 10, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр 10, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ес, Сангийн сайд Б.Жавхлан 14, Шадар сайд Т.Доржханд 10 хувийн санал авч үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг бүрдүүлжээ. Ерөнхийдөө дээрх хэд хэдэн “номинац”-ыг харвал 2024 оны наймдугаар сард Монголын улстөрчдөөс ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүн л өссөн байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин