В.Путины дөрөв дэх удаагийн айлчлалын богцонд юу байв?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлал 2024 оны есдүгээр сарын 2-3-ны өдөр үргэлжлэн амжилттай өндөрлөлөө. Энэхүү айлчлал нь Монгол Улс, ОХУ төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрөв. Тухайлбал, Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг баривчлах захирамж гаргасан. Эл байгууллагад 124 гишүүн орон байдаг бөгөөд түүний нэг бол Монгол Улс. Иймдээ ч дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарлын төвд байсан юм. Гэсэн ч манай улсын гадаад бодлого гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн, хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байдгыг уншигч та мэдэх биз ээ. Ийнхүү Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын хүрээнд талууд ямар хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан талаарх мэдээллийг хүргэе.
Нэг. ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ
Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн оронд гаргах 375 нэр төрлийн бүтээгдэхүүн имдортын татвараас чөлөөлөх эсэх талаар ярилцжээ.
Хоёр. Хоёр Улсын Засгийн газар хамтран Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаална
Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.
Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Гурав. Хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.
Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.
Дөрөв. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
Тав. Халх голын байлдааны 85 жилийн ой
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаар онцлог байв. Тэртээх 1939 онд болсон Халх голын байлдаан бол Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг билээ. Дайны ялалтад ОХУ-ын тусламж шууд нөлөөлсөн байдаг. Ийнхүү өдгөө хоёр улс Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Эх сурвалж: 24tsag.mn