Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура
Монгол улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, стратегийн гол бүтээгдэхүүний зах зээлийн 20 гаруй хувийг дангаар ноёрхож буй “Трафигура” гэх компани бий. Үндэстэн дамнасан энэ компани Монгол улсад оруулж ирж буй нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвар төлөлгүйгээр оруулж ирж, их хэмжээний ашиг олж байгаа. 2015 оноос хойш онцгой албан татвар төлөлгүйгээр керосин, нафта оруулж ирсэн энэ компани өнгөрсөн онд ҮХЦ-ээр дамжуулан хуульд өөрчлөлт оруулж, дахин татвар төлөлгүйгээр өнөөдрийг хүртэл нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнээ нэрж хуурамч шатахуунаа үйлдвэрлэсээр байна. ШӨХТГ-аас 2021 онд хийсэн шалгалтаар тус компанийн автобензиний 32 дээжийн 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их эсвэл бага байгаа нь илэрсэн байдаг. Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Энэ нь мөн стандартын шаардлага хангахгүй байна гэж ШӨХТГ-аас тогтоосон байдаг.
“Трафигура”-ийн Монгол дахь салбарыг Э.Жононбаяр гэх залуу хариуцдаг бөгөөд түүний нэр дээр болон хамаарал бүхий хүмүүс болох ээж, нагац ах, нагац эгч, хүргэн ах нарын нэр дээр одоогоор тодорхой болсноор 22 компани бүртгэлтэй байдаг.
“ТРАФИГУРА” МОНГОЛД ИНГЭЖ ХУУРАМЧ ШАТАХУУНААР “НОЁРХДОГ”
“Трафигура”-ийн нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүний импорт 2016 оноос эхлэлтэй. Энэ компани өдөрт 280 вагон бодисыг тээвэрлэн ирж, керосин, нафта буюу нефтийн нэрлэгийн фракц зэргийг хольж, нэрж гаргасан шатахуунаараа Монголын шатахууны зах зээлийн 20 хувийг дангаараа эзэгнэж, 200 мянган тонн гаруйг ард иргэдэд зардаг гэх мэдээлэл байна.
Тэгвэл энэ компани керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг шатахуунд хольж стандартын бус шатахуун үйлдвэрлэхээс өмнө буюу 2015 онд газрын тос, нефтийн бүх нэмэлт бүтээгдэхүүн нийлээд дөнгөж 21 мянган тонн байв. Энэ хэмжээ зөвхөн зэсийн баяжмалд ашиглагдаж байлаа. Харин 2015 онд авто бензин, дизелийн түлшинд онцгой албан татвар тогтоож, газрын тосны завсрын болон нэмэлт бүтээгдэхүүнд татвар тогтоогоогүйгээс 2016 оноос газрын тосны завсрын нэмэлт бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдэж, 2015 оны импортын хэмжээг 2021 онтой харьцуулахад керосины импорт 10 дахин, газрын тосны хүнд фракцын нэгдлийн импорт 47 дахин өссөн байна.
Энэ өндөр хэмжээний өсөлт Монголд “хуурамч” шатахуун үйлдвэрлэгдэж байгаагийн эхний баримт.
Үндэсний аудитын газраас 2021 оны Газрын тос, нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн тайланд уг төрлийн нийт импортын бүтээгдэхүүний 96 хувийг ганцхан компани эзэлж байгааг онцолсон байна. Энэ бол Лекс Ойл ХХК.
Уг компанийн хамаарал бүхий этгээд нь Э.Жононбаяр бөгөөд тус компанийн хувийг Трансгэйд интернэйшнл ХХК-аараа дамжуулан эзэмшдэг. Трансгэйд интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга нь Э.Жононбаярын ээж, гаальд ажиллаж байсан Д.Эрдэнэсүрэн. Ингээд хуурамч шатахууны хольцийн 96 хувийг оруулж ирдэг Лекс Ойл ХХК дээр Трансгэйт интернэйшнл ХХК-ийн оруулж ирж буй 2 хувийг нэмээд “Трафигура” монголд 98 хувийг дангаар эзэрхийлж байна. Энэ бол хоёр дахь баримт.
Иргэд, аж ахуй нэгжүүдэд худалдагдсан шатахуун импортлогдсон хэмжээнээсээ илүү гарна гэдэг туйлын хачин. Угтаа шатахууны борлуулалт-импорт нь үсрээд л тэнцэх учиртай. Гэтэл борлуулалт нь 66 хувь хүртлээ илүү байсан гэдэг нь дээр дурьдагдаж буй химийн бодисыг хольж хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэдгийг баталж буй баримт юм. Бүх төрлийн шатахууны 2017-2021 оны импорт болон борлуулалтын хэмжээг харьцуулж үзэхэд тухайлбал, 90-с доош октантай автобензиний борлуулалт нь импортоосоо 2017 онд 48%-иар, 2018 онд 19%, 2019 онд 5%, 2020 онд 66%, 2021 онд 8%-иар тус тус давсан үзүүлэлттэй байна. Энэ бол гуравдахь баримт.
“Трафигура” ингэж Э.Жононбаяр болон түүний гэр бүлээр дамжуулан Монголд хуурамч шатахууны бизнест “хаанчилдаг”. Онцгой албан татвар төлөхгүйгээр. Энэ нөхцөл боломжийг манай улсын Үндсэн хуулийн цэц, УИХ бүрдүүлж өгсөн.
“АМАА ҮДҮҮЛСЭН” НЕФТ ИМПОРТЛОГЧИД БА ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ДАМПУУРЛААС АВРАГДСАН НЬ
Шударга өрсөлдөөн шатахууны салбарт байхгүй. Учир нь нефт импортлогч үндэсний томоохон компаниуд хуурамч шатахуун үйлдвэрлэгчийн эсрэг ганц үг ган хийхгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл бензин, дизель түлшнээс хэд дахин хямд үнээр керосин, нафта оруулж ирээд ижил үнээр зарж байхад үндэсний компаниуд үг дуугарч чаддаггүй. “2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам.доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог” гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч ярьж байсан бол өнгөрсөн онд 100 тэрбум болж нэмэгдсэн тухай ярьсан. Тэгвэл үндэсний компаниудын үг дуугарч чаддагүй шалтгааныг дор товч хэлье.
Өнгөрсөн онд “Трафигура”-гийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Манайх Монголд хэдэн жилийн турш газрын тос, металлын худалдаа хийж байна. Бид хөгжиж буй зах зээл дэх түншүүдийнхээ өрийг амжилттай төлүүлж чадсан туршлага бий. Мөн Монголын газрын тосны бизнестэй холбоотой зарим асуудлыг илрүүлсэн” гэсэн нь нэгийг хэлэх биз.
Мөн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр цар тахлын өмнөхөн “Шатахуунуудын дээжээс авч шинжлүүлтэл ‘Магнай трейд’, ‘М-ойл’-ын шатахуун хуурамч болохыг Иргэний нисэхийн газрын төв лаборатори, Амбер ХХК мөн олон улсын лабораторын шинжилгээгээр тогтоолоо” хэмээн мэдэгдэж байв. Мөн уг мэдэгдэлдээ “Транс Гайд” гэдэг компанийн агуулахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холиод “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си” зэрэг компаниар дамжуулан жижиглэнгээр худалдаалж, үүнийг нь ‘Магнай трейд’, ‘М-ойл’ гэх зэрэг компаниуд цааш зөөвөрлөж байна. Энэ асуудлыг харьяа яам болон холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бүгд хүлээн зөвшөөрсөн ч хуурамч шатахууны урсгалыг зогсоохгүй, ямар нэг арга хэмжээ авахгүй байна” гэж онцгойлж байв.
Одоо харин Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон “Трафигура” хоёрын хамаарлын тухай өгүүлье. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах дээрээ тулж, зах зээлээс “арчигдах” гэж байсан цаг саяхан. 2021 арваннэгдүгээр сард засгийн газрын хуралдааны үеэр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэж Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт мөнгөн урсгалд нь орж эхэлсэн. 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тухай хэлж байв.
Энэ үетэй зэрэгцэн “Аргал Ойл” гэх компани Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 45 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан тухай мэдээлэгдэж байв. Мэдээж энэ “Аргал ойл” компани нь өнөөх Э.Жононбаярын буюу “Трафигура” компанийн охин компани бөгөөд 2018 оны тавдугаар сард байгуулагдсан.
45 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан тухай мэдээллүүдтэй холбоотойгоор тухайн үед олон нийт Д.Сумъяабазарт өгсөн “авлига” юм бишүү гэж хардацгааж байлаа.
Нөгөөтэйгүүр 2019 онд нефтийн завсрын бүтээгдэхүүнүүд болох керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Онцгой албан татвартай болгох хуулийн өөрчлөлт яригдаж байхад тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар манлайлж оролцож байсан. Улмаар Онцгой албан татварын тухай хууль өөрчлөгдсөн хоёр жилийн хугацаанд “Трафигура”-ийн оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийн импорт багасч эхэлсэн статистик байдаг.
Гэтэл өөрсдийнх нь эсрэг хууль батлуулсан хүний банкинд “Трафигура” 45 тэрбум төгрөг хадгалуулсан нь хачирхалтай. Удалгүй Онцгой албан татварын тухай хууль дахин өөрчлөгдөж, “Трафигуа” дахин татвар төлөхөө больсон билээ.
Нэмэлт. Үндэсний Аудитын газраас 2021 оны Газрын тос, нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн 2022 оны тайланд “Төрөөс баримтлах бодлого, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүйгээс газрын тосны завсрын нэмэлт бүтээгдэхүүнд тавих хяналт эзэнгүйдэж байна” гэж хамгийн эхэнд тодоос тод дүгнэсэн байна