“Энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль” 2 дахь жилдээ боллоо

0

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлал болон эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй байгууллага Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.


БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Солонгост айлчлах жилийн (Visit Korea Year 2023-2024) хүрээнд 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар болон Дархан хотуудад “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” (Энгийн болон Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага зэргээс бүрдсэн 50 гаруй байгууллага оролцож БНСУ руу чиглэлтэй энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл олгож, Монгол аялагчдад ая тухтай чанартай үйлчилгээг олгох талаар санал солилцож байна.

Түүнчлэн “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” арга хэмжээний хүрээнд 8-р сарын 30-наас 31-ний өдрүүдэд Солонгос – Монгол хоёр улсын аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, БНСУ-д аялах болон эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг, К-РОР тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бол 9-р сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Дархан хотын иргэдэд Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдах аж.

К-РОР тоглолтын үеэр “Итэвон Класс” ОАК-ны “Start Over” дууг дуулсан олны танил дуучин Gaho, “Snow Flower” дуугаараа алдартай реппер “Peakboy”, DJ Daul, уламжлалт хөгжмийн “Бёл-Ха” хамтлаг зэрэг Солонгосын уран бүтээлчид хүрэлцэн ирж K-POP урлагийг шимтэн сонсогч залуустай нэгэн үдшийг өнгөрөөлөө.

Энэ жилийн БНСУ-ын аялал жуулчлалыг таниулах арга хэмжээ нь Солонгос аяллын төрөл бүрийн мэдээллийг олон нийтэд олгохоос гадна Ханбуг өмсөх, K-Idol нүүр будалтын шоу, paddle board усан спорт эвент, K-POP оддын тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрөөр дамжуулан Солонгос аяллыг танилцуулж буй цогц арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын дэд ерөнхийлөгч И Хаг Жү  “Солонгос-Монгол улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн голлох салбаруудад улам өргөжин тэлж тэр дундаа соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа хурдацтайгаар өсөж буй”-г цохон онцолсон бөгөөд “дэлхий дахинаа Солонгосын соёлын давлагаа эд өрнөж буй энэ цаг үед Монгол аялагчид Солонгос улсад ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар нь 2017 оны 7-р сарын 4-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш Солонгос улсад чиглэлтэй эрүүл мэндийн болон энгийн аяллыг хөгжүүлэх, Солонгосруу чиглэлтэй аяллын бүтээгдэхүүн гаргадаг дотоодын аяллын байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *