256 мянган тонн нүүрсийг биржээр арилжаалав
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.09.06/ Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 256 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 88.5 ам.доллароос эхлэн дуудаж, 91.5 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Ингэснээр тус компанийн хувьд биржээр дамжуулан 100 дахь удаагийн арилжааг хийж буй нь энэ бөгөөд 2.59 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.7 сая тонн нүүрсийг борлуулжээ.
Нүүрсийг биржээр арилжаалах нь худалдан авалтыг ил тод болгож буй сайн талтай.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар экспортод гаргах ашигт малтмалуудыг биржээр арилжаалж эхэлсэн. Тухайлбал, 2023 оноос нүүрс, төмрийг биржээр арилжаалж эхэлсэн бол энэ оны дөрөвдүгээр сараас зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэлсэн юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь худалдан авалтыг ил тод болгож байгаа төдийгүй татварын орлогыг нэмэгдүүлсэн юм.