Хайлаастад долоон хүн мөргөж, 16 настай охины амь хохироосон жолоочид хоёр жилийн ял оноожээ

0

Энэ оны дөрвөн сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, 19 цагийн орчимд Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөж, 16 настай охин нас барсан. Тэгвэл уг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Шүүхийн шийдвэрийн тойм:

-Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авч,

Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164,398,151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *