Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй намууд ямар үүрэг хүлээх вэ

0

2023 оны хаврын УИХ-ын чуулганаар буюу 18 жилийн дараа шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.  Хуулийн хүрээнд  нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгохоор тусгасан.  

Татвар төлөгч иргэдийн мөнгөөр санхүүжиж буй улс төрийн намууд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Тухайлбал,  

  • санхүүжилт авахаар хүсэлт гаргасан нам нь санхүүгийн тайлангаа СЕХ-д тайлант хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.
  • тухайн нам нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү буюу давуулж нэр дэвшүүлсэн тохиолдолд хүний тоогоор нэмэлт санхүүжилтийг жилд нэг удаа олгоно.  

Энэ нь шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүлгийн төлөөллийг хангах дэвшилтэт хууль болж чадсан хэмээн судлаачид үзэж байгаа юм.Тус хуулиар намыг дотоод ардчилалтай, санхүү, үйл ажиллагаа нь ид тод, хүйсийн тэгш байдлыг хангах, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан. Үүнд:

  • Нам дотоод бүтцийн байгууллагууд /Төлөөллийн төв байгууллага Гүйцэтгэх төв байгууллага, Хяналтын ерөнхий хороо, орон нутгийн байгууллага/-даа аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувиас багагүй байлгах үүрэгт хүлээсэн.
  • Нам жил бүр жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ. Уг хороо нь энэ хуулийн шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Сонгуулийн төв байгууллага ЖҮХ-ны дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах талаарх шаардлагыг тухайн намд хүргүүлнэ, зөрчлийг арилгаагүй бол тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
  • Гишүүдээ хүйсээр ялгаварлахгүй, сонгуульд нэр дэвшигчээс мөнгө, хөрөнгө, дэнчин, барьцаа, мөнгөн бус хөрөнгө авах, шаардахыг хориглосон.
  • Нам төрөөс авсан санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх үүрэгтэй. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоогоор нэг удаагийн санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.

Уг хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт”-ыг Үндэсний статистикийн хорооноос боловсруулж, маягтыг танилцуулах ажлыг Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулав.  

Санхүүжилтийн босго давсан намууд дээрх маягтын дагуу тайлангаа Жендэрийн үндэсний хороонд хүргүүлж, тайланд үндэслэн СЕХ санхүүжилтийг намуудад олгоно. Мөн төрөөс олгосон санхүүжилтийн тодорхой хувийг улс төрийн боловсрол олгох, эмэгтэйчүүд хийгээд бусад бүлгийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлд зарцуулах үүрэг хүлээнэ.  Энэхүү хуулийн өөрчлөлт нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хариуцлагажуулах, бодлогын нам болгоход бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.  

Улс төр судлаач Д.Оргил “Хуулийн шинэчлэлтийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад тодорхой ахиц дэвшил гаргасан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр улс төрийн намын дотоод бүтцэд хүйсийн тэгш байдлыг хэрхэн хангах асуудал, арга замын талаар ярилцлаа.

skip-share

Бид улс төрийн намуудыг үүргээ биелүүлэхийг иргэд шахаж шаардах ёстой.

Олон улсын байгууллагуудаас гаргасан арга хэрэгсэл, зөвлөмжийг улс төрийн намын төлөөллүүдэд танилцууллаа. 2024 оны УИХ-ын сонгууль шүүмжлэл их байсан ч 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь дэвшилттэй үр дүн.  

Улс төрийн намын төлөвшлийг тодорхойлдог нэг хүчин зүйл нь хүйсийн тэнцвэрт харьцаа байдаг. Эмэгтэй хүн намын дарга болоход эрэгтэй хүнтэй харьцуулахад адил тэгш боломжоор хангагдаж байна уу, тэдний дуу хоолой эрх тэгш бусдад хүрч байна уу зэрэг асуудлууд хангагдсан байх юм бол намын төлөвшил, жендэрийн үзүүлэлт сайн байна гэсэн үг.  

Сонгуулийн тухай хуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлнэ гэж заасан. Ямартай ч хуульдаа гол гол анхаарах ёстой асуудлыг нь тусгачихсан. Улс төрийн намын тухай хуульд намууд төрөөс санхүүжилт авах бол хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатайг заагаад өгчихсөн. Тиймээс бид улс төрийн намуудыг үүргээ биелүүлэхийг иргэд шахаж шаардах ёстой. Мөн судлаачид, иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын оролцоо маш чухал” гэв.

Мэдрэмжтэй мэдээлье нэгдлийн сургагч багш, жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл “Энэхүү арга хэмжээгээр улс төрийн намуудыг хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, мэдлэг өгөх зорилготой болж байна.

Зарим иргэн улс төр бохир, болохгүй байна гэж шүүмжилдэг. Гэхдээ Улс төрийн намын тухай хууль 18 жилийн дараа шинэчлэгдэж, намуудыг илүү хариуцлагатай болгох, манлайлал үзүүлэх нөхцөлийг бий болгох заалтууд орсон.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш намууд жил бүр төрөөс санхүүжих болсон. Энэ мөнгө бол татвар төлөгч бидний мөнгө шүү дээ. Тиймээс иргэд бид улс төрийн намуудын хүлээсэн үүргээ биелүүлэхийг шахаж, шаардах ёстой.

Гэхдээ энэ санхүүжилтийг зүгээр өгөхгүй. Тухайн намуудын санхүү шилэн, иргэд хянах боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Үндэсний Статистикийн хорооноос намуудын хуулийн хэрэгжилтийг хянах маягтыг гаргсан. Энэ маягтыг намууд бөглөж санхүүжилтээ авах нөхцөл бүрдэнэ” гэлээ.

Улс төрийн намын тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар намын хүйсийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Жендэрийн Үндэсний хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран 2024 оны 8 дугаар сард дараах 5 маягтыг бөглөх зааврын хамт баталжээ.Үүнд:

  • Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульт гишүүдийн мэдээ
  • Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульд гишүүнд нэр дэвшигчийн мэдээ
  • Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүгийн дэмжлэгийн мэдээ
  • Намын бүх шатны сонгуульт гишүүний мэдээ
  • Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийн мэдээ тус тус нас хүйсээр авч, нийтэд ил тод зарлана. Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *